
Дэлбэрэл болсон байранд цаашид амьдрах боломжтой эсэх талаар МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ш.Уранчимэг “Бидэнд цаг хугацаа хэрэгтэй байна. Доошоо цөмрөлт үүсээд хяналт, шинжилгээ хийхэд хүндрэл гарч байгаа учраас барилгыг бэхлэх арга хэмжээ авсны дараа шалгалтаа үргэлжлүүлнэ” гэжээ. Дэлбэрэлт болсон 14 дүгээр байранд 31 өрхийн 112 иргэн оршин суудаг бол нэг давхарт нь гурван компани үйлчилгээ эрхэлдэг байсан юм. Үүнээс гадна тус байрны урд талын 15 дугаар байр, замын эсрэг талын МЦХ компанийн байрнуудад цонх хагарах зэргээр бага хэмжээний хохирол учраад буй. Өчигдрийн байдлаар дэлбэрэлтэд өртсөн байрны үршин суугчид Түр холбоо байгуулж, орон байрны асуудлаа хэрхэн шийдүүлэх талаараа зөвлөлдөж эхлээд байна.