
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зангарагтай, хүчтэй улстөрч гэдгээ харууллаа. Тэрбээр Ардын нам, Ардчилсан намынхан гэлтгүй зэмлэх үедээ зэмлэж, хатуухан үг хэлчихдэг. Энэ удаа ч тэр зангаа тавьсангүй. Ерөнхийлөгч Ерөнхий сайд С.Батболдын танхимын шинэ сайд нарт “муу” үнэлгээ тавьсан. Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Хонгор суманд ажиллахыг даалгаж, Ц.Дашдоржийг өөртэйгээ хамт Өмнөговьт ажиллахыг сануулсан. Бас болоогүй, Ерөнхий сайдыг яаран шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж, “Хэвлэлээр ажил хийх хэрэггүй” гэж захисаар Өмнөговийг зорьсон. Гэвч Ардын намынхан түүний үгэнд оролгүй шинэ сайд нарыг томилох асуудлаар саналаа ирүүлэхийг дахин хүссэн юм. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өмнө нь хэлж байсанчлан Засгийн газрын гишүүнд УИХ-ын гишүүн бус хүнийг нэр дэвшүүлэх нь зүйтэй. Иймээс Д.Цогтбаатар, Н.Хүрэлбаатар нарыг Засгийн газрын гишүүн, сайдаар томилуулахыг дэмжиж байна” гэв. Ямартай ч тэрбээр хоёр дахь удаагаа С.Батболдын саналыг эс зөвшөөрлөө. Түүнчлэн Тэргүүн шадар сайдын суудал байх шаардлагагүй гэж үзэж буй. Гэсэн ч түүний энэ үгийг эрх барьж буй намын удирдлагууд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөөр байгаа. Ийн зөрсөн ч Ерөнхийлөгчийн үзэл бодол өөрчлөгдөхгүй биз ээ. Төрийн тэргүүн үүгээр үзэл бодолдоо хэр үнэнч болохоо олон нийтэд таниулж, мэдрүүлж, хамгийн гол нь ялгарч чадлаа.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин
