
Хамтарсан Засгийн газрыг хамтдаа бүрдүүлсэн Ард¬чилсан намын даргатай тохиролцож чадаагүй С.Батболд Ц.Элбэгдоржтой зөвшилцөж ча¬дахгүй нь тодорхой байсан. Ерөнхийлөгч түүнд “Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хүчингүйд тооцоорой.
УИХ-ын гишүүдэд сайдын суудал хуваарилах хэрэггүй шүү” хэмээн захисан ч У.Хүрэлсүхийг Тэргүүн шадар сайд, тойргийнхондоо зүсээ харуулах нь байтугай чуулганы танхимд нэр нь ч сонсогддоггүй зарим нөхдийг сайдад нэр дэвшүүлчихээд орж ирсэн нь Ц.Элбэгдоржийн гэдэнг хөдөлгөсөн. Н.Ганбямба мэтийн “амны рак”-тай гишүүддээ урвагар, унхиагүйгээрээ дахин дуудуулахад ч хүрэх нь тэр. Ийнхүү С.Баярын байгуулсан стандарт бус Засгийн газар, Ардчилсан намынхны шийдвэр, Төрийн тэргүүний хатуу үгс, Ерөнхий сайд С.Батболдын гэхээсээ илүү эрх баригч хүчний тэргүүн С.Батболдын алдаан дээр дөрөөлж Ардын намын сөрөг фракцийнхан улс төрийн акциа дахин эхэллээ. М.Энхболдыг намын дарга, Ерөнхий сайдын албанаас огцруулсан “Элсний 13”-ын түүхийг тэд давтах болов. Намын дарга руугаа үгэн сум харваж эхэлсэн нөхөд сар шинийн өмнөхөн ширүүн тулаан хийнэ. Ардын намд сөрөг фракци байгуулснаа албан ёсоор зарлана.
Н.Энхбаярыг эзэн байхад ивээлд нь багтаж явсан Ч.Улаан, Т.Ганди нар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндонд 1997 онд намын удирдлагуудаа шүүмжилсэн утгатай шаардлага хүргүүлж, генсек нь ч төд удалгүй огцорсон билээ. Тэр цагаас хойш яг 10 жилийн дараа тэд намдаа “Элсний 13” фракцийг байгуулж, Н.Энхбаярын заавраар М.Энхболдын эсрэг хөдөлсөн нь мөн л амжилттай болсон. Шаардлага хүргүүлж, даргаа унагадаг энэхүү аргыг нь УИХ-ын гишүүн Н.Ганбямба 2009 онд Төрийн ордонд турших гэсэн нь бүтэлгүйтсэн удаатай. Тэрбээр С.Баярыг намын дарга, Ерөнхий сайдын албанаас огцруулах операцийг зохион байгуулж, эрх баригч хүчин дэх тэрслүү 25 гишүүнийг өөртөө нэгтгэсэн ч очкитой дарга нь суудлаа С.Батболдод тавьж өгчихөөд Америк руу нисчихсэн хэрэг. Харин намын шинэ дарга нь тэдний шаардлагыг хүлээн авч, Их тэнгэрт нүүр тулан уулзсан болчихоод байдлыг хэсэгтээ намжаасан. Нөгөө хэд нь ч “Албаа дөнгөж хүлээн авсан С.Батболдтой одоо юу ярих вэ. Цаг нь болохоор ширүүхэн дайрамз” хэмээн өөр хоорондоо тохиролцчихоод мөлхөө тоглолтод шилжсэн билээ. Харин одоо тэдний хувьд угсраа мэх хийх цаг нь иржээ.
Хүссэн ч, эс хүссэн ч Ардын нам дахь сөрөг фракцийнхан ийнхүү амилан сэргэлээ. С.Батболдыг огцруулах бичиг өргөн барьж, Д.Зоригт сайд руу хэдэнтээ давшилж кайф авах нь тэдний арга байсан. Тэгээд ч Н.Ганбямба, Ц.Даваасүрэн нарыг басаж болохгүй. Учир нь тэдэнд туршлага бий. Ц.Нямдоржид дорбинкдуулах шахсан “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг санаачлагчдын нэг нь яах аргагүй Н.Ганбямба гишүүн. Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах бичиг үйлдэж, Ардын нам болон Ардчилсан намын эсэргүү гишүүдтэй нэгдсэн Ц.Даваасүрэн ч жигүүрийн ерөнхий зохицуулагч байсан нэгэн. Тиймээс тэд инстинктээрээ нэгдэж, С.Батболдын багийнхны эсрэг хөдлөх нь тодорхой. Эрх баригч хүчинд үүрээ зассан сөрөг фракцийнхантай “Элсний 13”-ын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар хэдийнэ нэгдчихсэн. Үүнээс гадна Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Ц.Батбаяр, Д.Загджав, Э.Мөнх-Очир тэргүүтэй гишүүд 2009 онд С.Баярын эсрэг хөдөлснөө С.Батболд дээр турших гэж оролдоно. С.Батболдын арын хөшиг нэгэнт ярагдсан учраас тэгэх цаг нь ч мөн. Харин Ардын нам дахь тэрслүү 26-аас Ж.Энхбаяр У.Хүрэлсүхийн фракцийнх, бас Батлан хамгаалахын сайдад нэр дэвшсэн учраас хасагдаж байгаа юм. Х.Бадамсүрэн, Ж.Сүхбаатар, Х.Жекей нар ирэх сонгуульд нэр дэвшихээ бодоод Н.Ганбямба, Ц.Даваасүрэн нараас зайгаа авчихлаа. Нэгэн цагт эрх баригч хүчинд өдөлсөн жигүүрийнхний зарим нь албан тушаалаар амаа үдүүлсэн ч С.Батболдын эсрэг багийнхан тэдний зассан буйран дээр ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Тэмцэлдэж, тэрсэлдэж байж намынхаа удирдлагуудыг буулгаж авбал тэр л биз. Харин ялагдвал тэд Н.Энхбаярыг бараадах нь ойлгомжтой. Ямартай ч Ардын намд ирэх сонгуулийн өмнөхөн их цөн түрж эхлэх нь. С.Батболдын байгаа байдал сөрөг фракцийнхныг цэнэглэх нэгэн хэрэгсэл болчихоод байна.
"Улс төрийн тойм" сонин
