Уул уурхайнхан тайлангаа ил болгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан тайлангаа ил болгоно

Франц улсын нийслэл Фарис хотноо энэ сарын 1-3-ны өдрүүдэд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын удирдах дээд байгууллагын хоёр жил тутамд болдог бага хурал болжээ. Тус бага хурлаас Монгол Улсыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлангаа жилээс жилд сайжруулж байна хэмээн дүгнэж, Санаачлагын олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал олгосон байна. Энэ талаар өчигдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, “Миний монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн н.Болдбаатар нар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгорын хэлснээр Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 2005 оноос хү­лээн авч, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед уул уурхайн компаниудаас ердөө 25 нь тайлан гаргадаг байсан бол одоо 101 компани болж, хүрээгээ тэлсэн байна. Ингэснээр тухайн уул уурхайн компаниуд жилд хэдий хэмжээний олборлолт явуулж түү­нээсээ хэдийг нь татварт төлдөг, хэнд хэдий хэмжээний хандив, тусламж  бусдад өгөв гэдэг нь тодорхой болж, тэр хэрээр уул уурхайгаас олсон баялгийн хэм­жээ олон нийтэд нээлттэй болох боломж бүрдэж байгаа аж. Түүнч­лэн Монгол Улсын Засгийн газ­раас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын хү­рээг өргөжүүлж, уул уурхайн компа­ниудыг байгаль орчныг нө­хөн сэргээхэд хэдий хэмжээний зардал гаргаж байгаагаа тайландаа тусгахыг шаарддаг болсон байна. Энэ нь ч тодорхой хэмжээгээр үр дүн дагуулах болжээ.

Нөгөөтэйгүүр, анх уул уурхайн компаниудын гаргаж байсан олбор­лох байдлын тайлан одоо гаргаж байгаа тайлан хоёрын зөрүү багас­сан тухай тэрбээр тодотголоо. Тайлангийн зө­рүү багассанаар цаад агуулгаараа уул уурхайгаас олж байгаа баялгийн хэмжээ үнэн зө­вөөр олон нийтэд нээлттэй болох бололцоо бүрддэг аж. Ингэхдээ уул уурхайн компаниудаас гаргасан жил бүрийн тайлан, Засгийн газ­раас тус компаниудаас авсан тат­варын хэмжээ зэргийг хооронд нь тулгаж үзэн, үнэн зөв мэдүүлсэн эсэхийг нь хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулдаг байна.

Цаашид анхаарах асуудал нь уул уурхайн компаниуд тайлангаа нарийвчлан гаргаж, мэдүүлж байхад төр түүнд нь нэгбүрчлэн хяналт тавьж чадахгүй байгаа нь энэ чиглэлээр дорвитой ажиллах шаардлагатайг ха­руулж буй аж. Дэлхий дахинд өнөөдөр Олбор­лох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг 35 орон хэрэгжүүлж байгаагаас Монгол Улс санаачлагын стандартыг хангасан дөрөв дэх орон болжээ.

Парис хотноо болсон энэ удаагийн тавдугаар бага хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг тө­лөө­лөн Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригт, Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь, иргэний нийгмийн байгууллыг тө­лөө­лөн “Миний монгол газар шо­роо” хөдөлгөөний тэргүүн н.Болд­баатар нар оролцсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж