
Чухамдаа Чингис хааны хийгээд түүний залгамжлагчдын байлдан дагуулал дэлхийн талыг эзэлсэн гэх боловч тухайн цагтаа нээгдээд байсан хуурай газрын түвшинд бүхэл дэлхийг эзэрхсэн хэрэг юм.
Чингис хааны байлдан дагуулалт бол цөөн хүнтэй үндэстний чадварлаг зохион байгуулалтаар өөрөөсөө үлэмж их хүн амтай улсуудыг захиргаандаа нэгтгэж дэлхийд олон зуун жил ноёрхсон хүмүүнлэг, хамгийн боловсронгуй хуулийн тогтолцоог бүрдүүлж чадсан. Эндээс л ази Европыг холбосон соёлын болоод эдийн засгийн солилцоо өрнөлөө авч Монгол туургатны удирдсан эзэнт гүрэн шашны эрх чөлөө, чөлөөт худалдаа, зам харилцаа, удирдагын шинэ туршлага гээд олон олон оломт амжилтуудыг өрнүүлж эхэлсэн.
Монголчууд эзлэн түрэмгийлэх, байлдан дагуулах бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хүний санаанд оромгүй олон аргуудыг ашиглаж байсан байдаг. Тэр бүрийд цэрэг дайны урлаг өмнөх үеэс суган дэвшин хөгжиж өдгөөгийн олон арван улсын хил хязгаар, гольдрил түүх орчин цагийн өнгө төрхөө олсон юм. Өөрөөсөө хавьгүй том хүчирхэг үндэстнийг эзэнт гүрэндээ нэгтгэхийн тулд Монголчууд өөсрдийнхөө тухай хүний оюун санаанд багтамгүй, төсөөлөлд буумгүй цуу үгийг тарааж байсан. Ойрхи дорнод хийсэн монголчуудын эзлэн түрэмгийлэл бол ирт сэлмийн далайлтаас илүүтэй бэх цаасаар, орчин цагийн хэллэгээр үзэл суртал, пиарын зэвсгээр хүч түрэн өрнөсөн байдаг. Монголчууд өөрсдийнхөө тухай муу үг, аймшигт мэдээ бүрийг өрсөлдөгчийнхөө чихэнд хоногштол, зүрхэнд нь шар ус хуртал үгээр хүлж, хяналттай мэдээллийн урсгалаар зориуд “сэнхрүүлж” газар нутгаа тэлж байсан. Ингэхдээ зарим газар шашны цөөнхийн эрхийг хамгаалан “Энхийг сахиулагчдын” дүрээр, “шударга ёс тогтоогчдын” үүргээг очиж байсан. Монголчуудын өөрсдийн дэгдээсэн аймшигт үзэл суртал дундаж зууны үеийн түүхчдийн үзгийг чичиргэн байж сэргэн мандалтын үетэй золгон шинжлэх ухааны хүчтэй довтолгоонд өртөв. Бидний өвөг дээдсийн бүтээсэн сайн зүйл нь саар зүйлээсээ үлэмж их байсан. Гэвч бидний үлдээсэн эзлэн түрэмгийлэх сэтгэл зүйн пиар яг тэр хэвэндээ “царцаж” найман зууны туршид түүхийн олон зуун эх сурвалжийн үндэс болж Хорьдугаар зууны төгсгөл хүртэл давалгаа нь замхарсангүй.
1989 онд Вашингтонпост сонин оос…. шалгуураар мянганы сод хүнийг шалгаруултал Чингис хаан тодров. Тэд “Чингис хаан бол бүтээгч байсан” гэж зарлав. Энэхүү мэдэгдэл маргаан дагуулсан тул олон улсад нэр хүнд бүхий ТАЙМ сэтгүүл бас дахин мянганы онцлох хүнийг нэрлэв. Ахиад л Чингис хаан. Яаж ч өөрөөр хичээсэн, хэний ч хувийн хүслээс үл шалтгаалж үнэн түүх үнэнээрээ тодров. Ийнхүү бидний өвөг дээдэс “Мянганы түүхэн хүн” алдрын эзнээр ямар ч эргэлзээгүй тодорч чадсан. Тэр бол гартаа олон сая хүний цус амталсан хүчирхэг илд атгасан, нэхий нөмөрсөн зэрлэг нүүдэлчин байгсангүй. Харин “сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа одох вэ” хэмээн ухааны цараагаа хөх тэнгэр мэт алсад бэлчээж, өдгөөх хүн төрөлхтөний хүсэн мөрөөддөг тэгш тогтолцоог үндэслэгч эгэл нэгэн байж хүн арддаа хүндлэгдсэн нэгэн болохыг “дэлхий” нотолж өгөв. Үүгээрээ Чингис хааны оюун санаа өдгөөг хүртэл “амьд” байгааг харуулав. 1990 оноос өмнө Чингис судлал байсаан. Олон зуун жил эрдэмтэд түүний тухай бичсээр ирсэн.
Социализмын жилүүдэд Чингис хааны 800 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймагт босгосон хөшөөг нь үзэл суртлын буулганд хүлэгдсэн олон хүмүүс “дэлбэлэн нураах” бодит төлөвлөгөө боловсруулж байж. Бас тухайн үед хөшөө бүхий орон нутгийн зарим нэгэн дарга нар “Манай нутагт түрэмгий Чингисийн хөшөө байж таарахгүй” хэмээн мэдэгдэл хийж үгийн муухайгаар зүхэж явжээ.
Гэсэн ч Чингис хаан монгол түмний зүрхэнд үлдэж чадсан учраас, цусанд лугшиж байдаг учраас дахин сэргэсэн Монголын үндэсний үзлийн бадраагч, өрнөх болж чадсан. Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт гээд үе үеийн байлдан дагуулагчид зав л гарвал өөрсдийнхөө хөргийг зуруулж хөшөө дурсгал босгуулж түүхэнд дүрээ үлдэхийг чармайж байж. Харин Чингис хаанд өөрийнхөө хөргийг зуруулах зав байсангүй бус харин түүнд алдар нэр хөөцөлдөх сонирхол байгаагүй гэлтэй. Тэр эгэл даруугийн хязгаарт амьдарч эсгий гэрт мэндэлж тэр л эсгий гэрийн хоймроос тэнгэрт заларсан бөлгөө.
Монголчууд үеийн үед өвөг дээдсийнхээ баатарлаг суугаар бахархаж ирсэн. Түүний нэгэн адилаар Монголын төлөөх сэтгэл зүрхтэй олон арван харийн эрдэмтэд Чингис хааны удирдлагын авъяас билэг, хүнийг татах сод их гайхамшгийг нь судалж ирсэн.
2004 онд монголын түүхийг өгүүлсэн нэгэн ном хэвлэгдсэн даруйдаа л “Нью Йорк” таймсийн шилдэг номоор шалгарав. Энэ шалгуур бол танил талд худалдагддаггүй ердөө л борлуулалтын тоогоор нь тодруулдаг “шударга” шалгуур. Тэр номыг Монголын тухай тэртээ 1956 оноос хойш л сонирхон шохоорхож ирсэн нэгэн Америк эрдэмтэн бичсэн юм. Профессор Жак Уэтерфорд. Энэ нэр одоо хэдийнээ монголчуудын сайн мэдэх дотно нэр болтлоо хоногшжээ. Тэрээр “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номоо бичихийн тулд өөрийнхөө амьдралыг бүхэлд нь зориулсаар ирсэн. Аравхан настай бяцхан хүү АНУ-ын Өмнөд каролина дахь өвөөгийнхөө тариалангийн талбайд ажиллаж байхдаа Монголын таван хошуу малын сүлд бүхий шуудангийн марок олжээ. Дөнгөж Монголын байлдан дагуулалтын тухай бага сургуулийн түүхийн хичээл дээрээ сонсоод байсан балчир хүүгийн бодолд “Дэлхийг эзэлж байсан Чингис хааны үр сад болсон улс үндэстэн одоо хүртэл оршин тогтнодог байх нь ээ? Ямар сайхан хэрэг вэ?” хэмээн өөртөө шивнээд “нээлт хийсэн баатар шиг баярын харцаар хөх тэнгэрийг ширтжээ. Ахлах сургуулиа төгсөөд Монголын түүх судлах хүсэлдээ хөтлөгдөвч тэр үеийн адриатын тэнгисээр хуваагдсан төмөр хөшигний цаана алсад орших Монгол Улс холын мөрөөдөл хэвээр үлдэв. Хүү овог удам судлал хийгээд хүн судлалын мэргэжил эзэмшихээр зориглов. Хорин хэдэн настайдаа монголд ирэх хүсэлтээ илэрхийлж Монголын зохиолдчын эвлэлд захидал бичив. Ер хариу ирсэнгүй. Хэд хэд бичив. Бас л хариу ирсэнгүй. Ингээд цаг тавигдтал монголд хөл тавьсангүй. Харин Монголын эзэнт гүрний байлдан дагуулалт өрнөсөн газар нутгуудаар, түүнчлэн торгоны замын дагуу хэд хэдэн аялал зохиож Чингис хааны тухай, түүний эзэнт гүрний тухай сэтгэл зүрхэндээ ургуулан бодож үй олон төсөөлөл дунд мөрөөдлөө ангуучлан замнав.
1997 он. Жак Уэтрфорд тэртээ бага балчирын мөрөөдөлөө хөтлөглөн Монголын тэгш өндөрлөгт анхлан хөл тавив. Монгол салхинд илбүүлэнхэн бас алгадууланхан зогсохдоо “Энэ л салхи Чингис хааны сүлд хийморийг бадрааж, энэ л салхи бөртө хатны үзэсгэлэн гоог илбэж байж дээ” хэмээх мэдрэмж төрөхөд зүйрлэхийн аргагүй жаргалыг мэдэрчээ. Ингээд Чингис хаан судлалд олон арван жилийг зориулж монгол орныхоо газар нутгаар нэг сая шахуу км зам туулан аяласан түүхч О.Сүхбаатар болон Чингис хаан дээд сургуулийн захирал, түүхч Лхагвасүрэн нартай танилцан Монгол нутгаар долоон жил хэрэн хэсүүчилж эх түүхийн буурал харгуйгаар бэдрэн тэртээх цагийн үйл явдлыг ул мөрийг мөшгин аялав.
Ингэж л “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном 2003 онд анхлан монгол хэлнээ хэвлэгдээд төдөлгүй 2004 онд англи хэлнээ мэндлэв. Араас нь 30 шахам оронд сая сая хувиар хэвлэгдэв. Чингис хааны үнэн түүх, болж өнгөрсөн үйл явдлуудын учир зүйн торгон мэдрэмжийг баримтат уран сайхны аргаар нүдэнд үзэгдтэл нь дүрсэлж худлаагүй, гуйваагүй түүхийн өнгө аясыг дэлхийн сонорт хүргэв.
Түүний ачаар “Чингис хааны үзэл санаа” дахин найман зууны дараа хүн төрөлхтөнд эргэж ирэв. Энэ номыг олон сая хүмүүс уншиж байна. 2011 онд дэлхийн шилдэг сонсдог ном шалгаруулах цахим уралдаанд дэлхийн шилдэг борлуулалттай 31 номыг ардаа орхин Монголчуудын түүх өнгөлөв. Энэ номыг уншсан хүн бүрийн тархинд Монголчуудыг хүндэтгэх үзлийг эд эс сэргэж, монгол түүхийг хайрлах сэрэл мэдрэмж төлжиж байна.
2010 он. Уэтерфорд гауйн Монголын түүхийг өгүүлсэн хоёрдахь ном хэвлэгдлээ. “Монголын их хатдын нууц товчоо”. Өмнөх жил нь Монголд нээлтээ хийсэн. Бид “бүсгүй хүний үс нь урт, ухаан нь богино” гэдэг үгийг эрт цагаас уламжилж авсан мэт амны зоргоор чалчдаг. Үгүй юм аа. Чингис хаан бүсгүй хүний ур чадвар, авъяас билгийг монголын болон дэлхийн төрд хамгийн ихээр ашиглаж чадсан, тэдний суу алдрыг өөрийн дэмжлэг өөрсдийнх нь зүтгэлээр үнэлж чаддаг нэгэн болохыг энэ ном батлав. Монголын Эзэнт гүрний түүхэн их эргэлтийн жил болох 1206 онд Чингис хаан өөрийн хатад, бүсгүй үрсдээ төрийн жолоог эмхэрдэн атгалцах өндөр хариуцлагыг өгч хөвгүүдээсээ ч өндөр найдлага тавьж байв. Цаашлаад түүний бэрүүд, олон үеийн эмэгтэй үе залгамжлагчид дэлхийн ямар ч түүхэнд урьд хожид тохиолдож байгаагүй хүчирхэг гүрнийг авъяаслагаар удирдаж байв. Эмэгтэй хүнийг гадуурхдаг, муучилдаг, гоочилдог сэтгэлгээ бол Монгол эмэгтэйчүүдийн эсрэг нахиад, зүрчидээс үе уламжлан довтолж ирсэн бодлого болохыг, бас эрх мэдэл булаалдсан хүйтэн сэтгэлтнүүдийн бодож олсон болхи арга болохыг энэ ном нотлов. Чингис хаан бол орчин цагт маргаан дагуулдаг хүйсийн тэгш эрхийн /жендерийн/ асуудлыг тэртээх 13 дугаар зуунд шийдэж чадсан суутан байв. Өдгөө цагт эмэгтэйчүүдийг дорд үздэг хэн нэгэн бол яав ч Чингис хааны удирдлагын технологийн тухай наад захын ойлголтгүй нөхөр байж таараа. Энэ номыг уншсан Монгол бүсгүй хүн хараа дээгүүр өөртөө итгэлтэйеэ омог бардам алхаж харин түүнийг уншсан эр хүн монгол бүсгүйчүүдээ хүндэтгэн ойлгож байна. Энэ хоёр номоор орчин цагийн иргэд хүмүүжиж бас өвөр зуурын өчүүхэн асуудлалд учраа ололцох сайн гарцад суралцаж байна.
Өнөөдөр Жак Уэтерфорд эрдэмтэн хүний хувьд хийдгээ хийж, санасандаа хүрч, мөрөөдлөө биелүүлжээ. Харин түүний дараагийн мөрөөдөл бол Монголчууд өөрсдөө түүхээ үнэнээр судлаж сайнаар сурталчилж цаашлаад ирээдүйнхээ түүхийг итгэл төгс гэгээлгээр бичихэд нь туслах. Энэ зорилгоор Монгол америк иргэд хамтран түүний нэрэмжит “Жак Уэтерфорд сан”-г байгуулсан. Энэ сан Монголын түүхийн үнэн мөнөний тусгалыг тодруулж гуйвагдсан, “булаагдсан” түүхийг зохистой байранд нь авчирч монголын залуусыг эх түүхээ ойлгон дээдэлдэг болоход нь хүчин зүтгэх зорилготой. Энэ зорилгын биелэл болгож тун удахгүй нэгэн арга хэмжээг хийх гэж байна.
2012 оны 1 дүгээр сарын 27-нд Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохионо. Энэ ойг тохиолдуулж Жак Уэтерфорд сан АНУ-ын ЭСЯ тай хамтран нэгэн ёслолыг зохион байгуулах гэж байна.
Нэгд, Монголын түүхийн оны онцлох бүтээлийг тодруулах “Жак Уэтрфордын нэрэмжит шагнал ”-ын эзнийг тодруулж түүхэн амжилтыг нь онцлох гэж байна. Энэ шалгаруулалтаа хийхийн тулд тус сангаас Монголын болон дэлхий дахины Монгол судлалын олон арван эрдэмтэн мэргэдтэй хамтран ажиллах зорилго тавьж шалгаруулалтыг эхлүүлээд байна.
Хоёрт, Энэ 2012 он бол Монгол Улсад АНУ иргэн анхлан хөл тавьсны 150 жилийн ой төдийгүй, дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой. Нэгдсэн Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Жонатан Эдлетон “Энэ сайхан орны хөгжилд хамгийн тустай хүчин зүйл: АНУ-Монголын дипломат харилцаа, 1987-2012” номыг бичжээ. Жак Уэтерфорд сангаас тус номыг эрхлэн хэвлүүлж олны хүртээл болгож байгаа юм. Үүний учир нь Жак Уэтерфорд бол Америк Монгол иргэдийн дундах “ардын дипломатч” хүний хувьд энэ хоёр улсын найрсаг харицлаанд ихээхэн ач холбогдол өгдөг, мөн эрхлэн гаргаж буй тус ном өөрөө түүхийн нэн сонирхолтой үеийг тун өвөрмөц өгүүлсэн бүтээл юм.
Гурван жилийн өмнөхөн дөө, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоноос нэгэн алдартай сэтгүүлч, “Та одоо өмнө нь очиж үзээгүй ямар газар нутагт очиж үзэхийг хүсч мөрөөддөг вэ?” хэмээн асуухад Клинтон, огтхон ч эргэлзэлгүй “Би эхлээд Климанджиро уулын оргилд гарч, дараа нь хойд туульд зочилж хамгийн сүүлд нь хамгийн ихээр хүссэн газраа очиж үзэхийг хүсдэг. Тэр бол Монгол. Монголын тал нутагт очоод Чингис хааны эмээллэн унадаг байсан хүлэг морьдын удам адуун сүргийн зоон дээр салхи хэрхэн шуугидагийг мэдэрч үзмээр байна” гэж хариулжээ. Тэр бол Жак Уэтерфордын номын уншигч юм. Хэдхэн жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн эрхэм хэлэхдээ, “Би ажлын зав зайгаар ном уншиж бараг л амждаггүй, гэхдээ Жак Уэтерфордын Чингис хааны тухай бичсэн номыг уншаад үнэхээрийн сэтгэлийн таашаал авлаа. Энэ ном бол Чингис хааныг цоо шинээр, гайхалтайгаар дүрсэлж чадсан бүтээл. Үүгээрээ би Чингис хаан бол түүхэнд бусдаар ямагт илүүрхэж үлдэх гайхамшигтай удирдагч гэдгийг дахин нэг ойлголоо” гэжээ.
Тиймээ, бид Чингис хаан, Монголын байлдан дагуулалт гэхээр л хий цээжээ дэлдэн “Би Монгол” гэж уур бахархалдаа хөлчүүрхэн дуулах бус орчин цагийн дэлхийн дэг журмыг үндэслэгч их өвөг дээдсийнхээ ухааны сууг нь, бодлын бошгыг нь залгамжлах ёстой буюу.
Эрэмгий түүхийг гатлан зүрхээн олж лугших буюу”