Оросын машины үйлдвэрлэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Оросын машины үйлдвэрлэл өсчээ

2011 онд худалдсан шинэ машиныхаа тоогоор ОУ Европт Герман улсын дараа хоёрдугаарт орсон байна. Худалдсан хөнгөн тэрэгний 70% нь эх орны үйлдвэрийн машинууд байна. ОУ ДХБ-д элссэний дараа ч машины салбарын өсөлт үргэлжилнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Өнгөрсөн жил оросууд 2,5 сая шинэ машин худалдаж авсан байна. 2010 онтой харьцуулвал машины худалдаа 40%-иар өсчээ. Худалдаж авсан 20 хөнгөн тэрэгний 18 нь оросын үйлдвэрийнх байна. Мэдээж хэрэг орост угсарсан гадаадын машинууд худалдааг тэргүүлж байна. “Гадаадынхан” 700 мянган машин үйлдвэрлэсэн нь 2010 оныхоос 91%-иар илүү байна.

 ОУ-д үйлдвэрээ барьсан дэлхийн машины үйлдвэрийн аврагууд өнөөг хүртэл гаалийн тусгай нөхцөлтэй байсан юм. Гадаадын машины оросын угсралтыг сэлбэг хэрэгслийн импортод гаалийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжиж байсан юм. ДХБ-д элсэхдээ ОУ 7 жилийн турш гадаадын машинаас авах гаалийн татварыг одоогийн 30%-иас 15% хүртэл бууруулах үүрэг авсан юм.

Хөнгөлөлттэй горим нь гадаадын машин үйлдвэрлэгчидэд урамшуулга болж байгаа ч тэд ОУ-д зөвхөн гаалийн хөнгөлөлтийн төлөө биш дэлхийн томоохон зах зээлд өөрийн байр сууриа эзлэх гэж ирж байгаа гэж “Норд-Капитал” хөрөнгө оруулалтын бүлгийн шинжээч Роман Ткачук тэмдэглээд «Оросын авто машины зах зээл өнөөдөр хамгийн хурдан өсөж байгаа зах зээл юм.

Жишээ нь Европт гэхэд авто машины хэрэглээ ингэж эрчмтэй өсөж байгаа нь ажиглагдахгүй байгаа юм. Харин ОУ-д бол хэдэн жил, хямралын үед бага зэрэг унасныг эс тооцвол хэрэглээ тогтвортой өсөж байгаа юм. Өсөлт ийм эрчимтэй байгаа учир бүх машин үйлдвэрлэгчид энэ зах зээл дээр өөрийн нөлөөний хувиа нэмэгдүүлэхийг хичээж байна»  гэлээ.

Нэгэнт гарын үсэг зурсан гэрээнүүдийг амьдралд хэрэгжүүлэх нөхцөл өөрчлөгдөхгүй, харин аж үйлдвэрийн хэмжээнд машин угсрах шинэ гэрээ байгуулахгүй гэж ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яам онцлон тэмдэглэсэн байна. ОУ-ыг ДХБ-д элсүүлэх бас нэг нөхцөл нь энэ юм. Гадаадын авто машины нэгдлүүдийг шинэ хуулиар ажиллахыг санал болгож байна. Хэрвээ үйлдвэрлэлээ 60%-ийн түвшинд барьж чадах юм бол эд ангиа оруулж ирэхэд нь гаалийн татвар ноогдуулахгүй.

Шинэ хуулийн дагуу үйлдвэрлэлээ явуулах тухай хэлэлцээрт General Motors, Volkswagen, Ford-SOLLERS нэгдэл, “АвтоВАЗ-Renault-Nissan-КАМАЗ” бүлэг компаниуд гарын үсэг зураад байна. Эдгээр хөрөнгө оруулалтын гэрээний нийт үнэ нь 5 тэрбум доллароос даваад байна. ОУ-д үйлдвэрээ барих асуудлыг Honda, Fiat компаниуд хэлэлцэж байна.

Машин үйлдвэрлэлийн өсөлт үргэлжилж, улс оронд шинэ машины худалдаа өсөн нэмэгдэнэ гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам тооцож байна. Энэ жил 2,8 сая орчим хөнгөн тэрэг зарагдана гэж энэ яам таамаглалаа. Харин 2018 онд оросууд 3,5 сая орчим машин худалдаж авах болно.
  

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж