Оюутолгойд шаардлага хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойд шаардлага хүргүүлжээ

Өмнөговь аймаг дахь Оюутолгойн орд газарт гал гарсан талаар бид www.news.mn сайт чигдөр мэдээлсэн. Орд газарт барьж буй хоёрдугаар босоо амны цамхагт гал гарсныг компанийнхан өөрсдийн хүчээр унтраасан гэх мэдээллийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс өгсөн боловч тухайн үед “Оюутолгой” ХК-ийн төв оффисынхон үүнийг үгүйсгэж байсан юм. Гэвч тун удалгүй тус компанийн Олон нийтийн мэдээлэл, харилцааны хэлтсээс “Энэ сарын 15-ны өглөөний 05.30 цагийн орчимд Оюутолгой төслийн талбайд баригдаж буй хоёрдугаар босоо амны цамхагийн барилгад гал гарсан байна. Оюутолгой төслийн Аврах алба галыг бүрэн унтраагаад байгаа ба уг ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Ханбогд сумын цагдаагийн тасаг зэрэг холбогдох бүх байгууллагуудад ослын талаар мэдэгдсэн. Ослын шалтгааныг судлах ажлыг эхлүүлээд байна. Уг барилга нь 96 гаруй метр өндөр, далд уурхайгаас хүдэр зөөвөрлөх зориулалттай. Одоогоор 30 гаруй метр хүртэл барилга угсралтын ажил явагдаад байна. Компанийн зүгээс ослын талаарх шинэчлэгдсэн мэдээллийг тогтмол хүргэх болно” гэсэн тайлбарыг манай редакцид ирүүлсэн. Гал гарсан шалтгааныг тодруулсан эсэх, яагаад орон нутгийн удирдлагууд, харьяа салбаруудад мэдэгдээгүй юм бэ гэх зэрэг асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагаас тодрууллаа.

-Гал гарсан шалтгааныг тодруулсан уу?

-“Оюутолгойн барилгын гадна талын хамгаалалтын сендвич хавтан, гадна модон шат нь шатсанаас бус бүхэл бүтэн барилга галд автаагүй гэдгийг бидэнд мэдэгдсэн. Яг юунаас болсон гэдэг талаар бидэнд өгсөн мэдээлэл алга. Тус компанийн дэргэдэх аврах анги нь ахуйн хүрээний галыг өөрсдөө богино хугацаанд унтраасан гэсэн.  Аймгийн төвөөс 260 км-т байрладаг учир цаг хугацааны хувьд ч амжихгүй гэдэг утгаар нь өөрсдөө унтраасан юм байна. Ноцтой тохиолдолд манай аймгийн Онцгой байдлын хэлтэст ханддаг. Яг одоогоор газар дээр нь гал гарсан шалтгааныг тодруулахаар Ханбогд сумын цагдаагийн ажилтнууд ажиллаж байна. Өчигдөр үүрээр 05:00 цагийн орчимд гарсан галын мэдээллээ аймгийн Онцгой байдлын хэлтэст хоёр удаа мэдээлсэн байна. 
 
-Гал гарсан шалтгааныг тодруулах ажлын хэсэгт яагаад орон нутгийн удирдлагууд болон Онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөл оруулахгүй байгаа юм бэ? Орон нутгийнхны хяналт гэж байдаггүй юм уу?

-Яг энэ асуудлаар “Оюутолгой” компанид шаардлага хүргүүлээд байна. Засгийн газартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан гэдэг утгаараа орон нутаг руу хандах хандлага тухайн компаниас эрс буураад байгаа. Уг нь харьяалалтай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд гал гарсан шалтгааныг тодруулахад Онцгой байдлын хэлтсээс шинжээч гэх мэтийн мэргэжилтэн заавал ажиллах ёстой шүү дээ. Хямд өртгөөр сендвич ашиглан барилга барьж байгаа нь цаашдаа олборлолт хийгээд “Оюутолгой” гараад явчих тэр үед ашиглалт нь дуусч таарах гээд байна. Орон нутгийн удирдлагын хувьд Өмнөговьд үлдэцтэй өгөөжтэй байлгах үүднээс Ханбогдыг хот маягаар хөгжүүлэх нь хэн хэндээ хэрэгтэй гэдэг саналыг бид удаа дараа тавиад байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж