Засгийн газрын хэргийг хэрэгсэхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хэргийг хэрэгсэхгүй болгов

Монголын гол  нууруу­дын нэгдсэн хөдөл­гөөнийхөн Монгол Улсын Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгөөд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Уг хэргийн шүүх хурал өчигдөр 09:30 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Хэргийг шүүх бүрэлдэхүүн найман цаг хэлэлцээд Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гишүүдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Учир нь Засгийн газар уул уурхайн компаниудын байгаль орчинд учруулсан хохирлыг тооцож гаргах, улмаар хохирлыг барагдуулах хууль эрх зүйн орчин байхгүй гэж үзжээ.  Шүүх хуралд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдэмбэрэл, гишүүн Ц.Мөнхбаяр,  Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөлөл, орон нутгаас зургаан иргэн гэрчээр оролцсон юм.  Харин хариуцагч талаас  Байгаль орчин аялал жуулчлалын яам, Усны газар, Ойн газрын төлөөлөл,  Эрдэс баялаг, эрчим хүний дэд сайд Б.Ариунсан нар оролцов. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Жаргалсайхан өөрийн биеэр шүүх хуралд оролцсонгүй. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зүгээс уул уурхайн компаниудын байгаль орчинд учруулсан хохирлыг Засгийн газраар төлүүлэх тухай хоёр жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч  хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тухай ярьж, хоёр сарын турш хүлээлгэсэн шүүх хурал Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхний эсрэг гарав.

Шүүх хурал завсарлах үеэр Засгийн газрыг төлөөлж ит­гэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангаас зарим асуултад хариулт авлаа.
-Засгийн газрыг анх удаа шүүхэд өгч байна. Шүүх хурлын явцад нэхэмжлэгч талаас тавьж байгаа үндэслэл, баримтыг та хэрхэн хүлээн авч байна вэ?
-Монголын Геологи, уул уурхайн салбарт тулгарч  байгаа нийтлэг асуудлыг нэхэмжлэгчид тавьж байна. Харин зарчим нь буруу юм. Учир нь энд олон голын нэр бичээд, Засгийн газрыг гол мөрнийг хамгаалах, нөхөн сэргээх ажил хийгээгүй байна  гэж олон жилийн юмыг тулгаж ярьж байгаа юм. Үндсэндээ нэхэмжлэгч өөрсдөө тодорхой барит, үндэслэлийг гаргаж тавих ёстой. Жишээ нь “Туул” голын тухай ярихад тодорхой км, тодорхой газар, тухайн компани ямар үйл ажиллагаа явуулаад ус, хөрс, ой модод ямар хохирол учруулсан талаар тодорхой тусгах ёстой. Улмаар хүний үйл ажиллагаанаас хамаарч ямар хохирол амссан бэ гэдэг нь тодорхойгүй. Гаргаад үзүүлэх ямар нэгэн тооцоо үндэслэл, судалгаа алга. Зүгээр л тэр голын эргээр хууль бус үйл ажиллагаа явуулж байна, үүнд Засгийн газар буруутай гээд л байна шүү дээ.
-Хохирлын хэмжээг Засгийн газар тогтоох ёстой шүү дээ. Нэхэмжлэгчдийн зүгээс хангалттай нотлох баримтыг өгсөн шүү дээ?
-Тэр хууль нь батлагдаад удаагүй байна. Тэр хохирлын хэмжээг нэг л өдөр гаргачихдаг юм биш. Өнөөдөр та нарт нэг юм хэлье. Монгол Улсад Геологийн алба  байгуулагдаад  70 жил болж байна. 70 жилийн хугацааанд Монгол улс нийт газар нутгийнхаа дөнгөж 20 хувьд геологийн судалгаа хийсэн. Судалгаа хийх ажлыг Засгийн газар хийгээд явж байна.
-Шороон ордуудад аудит хийсэн юм уу?
-253 компанийн асуудлыг Засгийн газрын хурлаар оруулаад, үнэлэлт өгсөн. Ямар ч байсан хийж эхэллээ. Одоо тодруулах ажлууд хийгдэж байна шүү дээ. Нэг л  өдөр судалгаа хийгээд гаргаад ирнэ гэж байхгүй. Өчнөөн үр дагавар гарна. Өнөөдөр нөхөн олговор олгоно л гэнэ. Гэтэл бүхэл бүтэн татвар төлж байна, хөрөнгүүд нь барьцаанд байна, ажилчид нь байгууллагаа барьцаалаад зээл авчихсан байна, орон сууцны зээлэнд хамрагдсан байна гэх мэт олон асуудал гарч ирнэ. Цаашлаад улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө нь ямар байх вэ зэрэг маш олон асуудлыг хэрхэн шийдэх талаар эхлээд судалж, тодруулах  хэрэг гарна. Үүний үндсэн дээр үнэхээр нөхөн сэргээлт хийгээгүй, байгальд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулж буй газруудтай хатуу арга хэмжээ авна.
-Та 253 компанид аудит хийж байгаа гэж хэллээ. Гэтэл олон их наяд төгрөгийн тухай яриад байхаар энэ хууль хэрэгжихгүй байх шалтаг болоод байгаа юм биш үү?
-Чи ч гэсэн мөнгө зарцуулаад машин худалдаж авсны дараа буцаагаад машиныг чинь хурааж авна гэвэл ямар байх вэ. Компаниуд өөрсдөө тухайн хайгуул олборлолтод зарцуулах хөрөнгөө гаргаж өгсөн мөнгөний тоо шүү дээ. Тэдгээр компаниуд жил болгон ажлын төлөвлөгөө, тайлангаа Ашигт малтмалын газар гаргаж өгч байна. Тэгээд бид яах ёстой юм бэ.   
-Нэхэмжлэгчдийн зүгээс экологид учруулсан хохирлыг тодорхой аргачлалаар буюу 18 үзүүлэлтээр тооцсон гээд байна. Гэтэл та ямар ч тооцоо алга гээд байх юм?
-Ямар ч тооцоо, судалгаа, үндэслэлгүй зүйлийг шүүх хурал дээр ярьж байгаа үнэн  шүү дээ. Зүгээр л баахан бохирдсон голын тухай яриад байна. Саяын шүүх хурал дээр бид энэ үндэслэлээ тодорхой, баримттай болго гэх шаардлагыг хэлээд байгаа юм.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн  Ц.Мөнхбаяр      
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд огтхон ч хэцүү биш. Хэрэв иргэдийнхээ талд улс төрийнхөн ажиллах юм бол хэрэгжүүлж болно. Эрх зүйн талаасаа хохирлыг барагдуулах нь Засгийн газрын үүрэг юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар хохирлын хэмжээг тогтоож гаргаж ирэх ёстой. Бид хуулиар хүлээсэн үүргийн дагуу Засгийн газраас нэхэмжилж буй. Гэтэл шийдвэр эсрэг талд гарлаа. Тиймээс бид давж заалдах өргөдлөө өгөх болно.
Шүүх хуралд гэрчээр оролцохоор Төв, Дорнод, Сэлэнгэ, Увс аймаг, Иргэний зөвлөлөөс зургаан  ир­гэн ирсэн байв. Тэднээс орон ну­тагт байдал ямар байгаа талаар тодрууллаа.

Төв аймгийн Заамар сумын тосон заамар хөдөлгөөний  гишүүн н.Дамдинрагчаа
Заамар суманд хүн харах юм үлдээгүй. Газар дэлхийн нь улаанаараа эргэж, ус нь улаанаар урсаж байна. Тэндэхийн гол горхийг ухаж, ширгэсэн байдалтай байна. Манай суманд анхандаа 40 гаруй алтны уурхай байж байгаад яваандаа татан буугдаж, одоо 20 шахуу уул уурхай үлдсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хатан Ерөө гол хөдөлгөөний тэргүүн Б.Нямхүү
Ерөө суманд 1995 оноос ашигт малтмалын хайгуул, лиценц олгож эхэлсэн. Улмаар 2006 онд лицензын судалгаа хийхэд зөвхөн манай Ерөө суманд 259 лиценз олгосон байв. Жилд дундажаар Ерөө суманд 20-25 компани олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ерөө голд 60-аад гол цутгадаг байсан бол эдгээр голын 33 нь уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас болоод устаж үгүй боллоо. Хуучин бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь аймаг, сумдын засаг дарга нарт байсан. Энэ хугацаанд засаг дарга нар шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан тохиолдол  байхгүй. Жирийн иргэн, ТББ энэ талаар нэхэмжлэл гаргах ямар ч эрх мэдэл байгаагүй. Сүүлд нь Байгаль орчны тухай хуулинд ямар ч гэсэн энэ заалтыг оруулж чадсанаараа бид Засгийн газрыг хариуцагчаар татах боломж бүрдсэн. Гэтэл шийдвэр эсрэг талд гарсанд сэтгэл дундуур байна. Бид шат шатны шүүхэд хандахад бэлэн.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж