Элчин сайд нарын уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.01.25-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарын уулзалт болов

Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем  (RIMES)-ийн асуудлаар Улаанбаатар дахь  гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулсан уулзалт өчигдөр Гадаад харилцааны яаманд болов. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нээж, Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн системийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, ач холбогдол, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийв.

Уулзалтад Улаанбаатар дахь гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нараас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ч.Жаргалсайхан, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, мэргэжилтнүүд болон Бангкокт төвтэй RIMES-ийн хөтөлбөрийн асуудал хариуцсан захирал Суббиах Аржунапермал тэргүүтэй төлөөлөгчид оролцож мэдээлэл хийв.

31 улсыг эгнээндээ нэгтгэсэн Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES)-ийг 2009 оны 4 дүгээр сарын 30-нд байгуулсан бөгөөд түүний гол зорилго нь хил дамнасан байгалийн олон төрлийн гамшгийн хор хөнөөлийг багасгах, түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх үйлчилгээг үзүүлэх, цунами болон байгалийн бусад гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд оршдог. Манай улс тус байгууллагатай хамтран ажиллах хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зурж, Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг 2011-2013 хэрэгжүүлэхээр болсон юм.

Өнгөрсөн хугацаанд манай улс RIMES-ийн тусламжтайгаар хаврын улирлын цаг агаарын төлөв байдал сэдэвт 4 удаагийн семинарыг Улаанбаатар хот, Сэлэнгэ, Хэнтий аймагт амжилттай зохион байгуулж Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тайланг боловсруулж гаргасан. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар RIMES-аар дамжуулан Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн менежментийн чиглэлээр 2010 оны 9 дүгээр сараас эхлэн төсөл хэрэгжүүлж байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж