31 настай Кирсан Илюмжинов Халимагийн анхны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа эрт үеэс уламжлагдан ирсэн Зулын 25-ны баярыг албан ёсны баяр болгон тэмдэглэх зарлиг гаргаж, тус улсад Буддын шашны олон арван сүм хийдийг барьж байгуулсны дотор ЕвроАзид хамгийн томд тооцогдох Элистэй хотын Хурлын хийдийг барьжээ. Өнгөрсөн жил Шри Ланкаас Бурхан багшийн чандрын хэсгээс хадгалуулахаар шийдвэрлэснийг залжээ. Чандар одоо Элистэй хотын Бурхан шашны төвд хадгалагдаж байна.
Кирсан ФИДЕ -гийн ерөнхийлөгчийн хувьд дэлхийн шатар сонирхогчдын тоог нэг тэрбумд хүргэхээр зорилго тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Монголд ч нэлээд ажил хийж байгаа аж. Энэ сэдвээс бид яриагаа эхэллээ.
-ФИДЕ-гийн гишүүн хэдэн орон байдаг вэ? Та өнгөрсөн онд хаана хаана явж ажиллав? Энэ тухай яриагаа эхэлбэл ямар вэ?
-Тэгье, тэгье. Олон Улсын шатрын холбоо буюу ФИДЕ 175 гишүүн оронтой. Энэ байгууллагаас зохион байгуулдаг уралдаан тэмцээн, түүний цар хүрээ, оролцогчдынхоо тоогоор дэлхийд хамгийн томд ордог. Туслах маань өнгөрсөн онд миний зорчсон тийзийг тоолж үзээд 108 оронд очсон байна гэж надад хэлсэн. Би 365 хоногт дэлхийн 108 оронд очиж ажиллажээ. Аргентин, Бразил, Уругвай, Парагвай, Коста Рика, Тринидад, Япон, Өмнөд Солонгос, Сингапур болон Европ, Азийн бусад оронд очжээ. Миний хувьд 2011 он үйл явдлаар дүүрэн, маш их ажилтай он байлаа.
Би ФИДЕ-гийн гишүүн орон бүрдээ шатрын сургууль байгуулан, дэлхийд шатрыг хөгжүүлэхийг зорьж байна. Одоо дэлхийн шатар сонирхогчдын тоо 600 сая байгаа. Шатрын маш олон арга хэмжээ зохиогддог. Мөн ФИДЕ-гийн шугамаар төрөл бүрийн бизнесийн төслүүд ч хэрэгждэг. Жишээ нь, Үндэстэн хоорондын харилцаа, холбооны корпорацыг байгууллаа. Энэ нь дөрвөн өргөн зурааст утасгүй 4G интернет болон төр
-Монгол шатарчдын тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Монголд эрэгтэй, эмэгтэй шатарчдын баг хөгжиж байна, тэдэнд нөөц чадавхи ч бий гэж би боддог.
Бид Монголд Олон улсын эмэгтэйчүүдийн шатрын Гранпри шагналын тэмцээн зохион явуулсан явдал тэдэнд маш их урам зориг нэмсэн байх. Мөн шинэ оны өмнөхөн Монгол Улсад Төрийн болон Дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохиосон шатрын тэмцээнд зориулан 25 мянган ам.доллар өгсөн. Би харин ажилтай болоод очиж амжаагүй.
-Та Монголд Шатрын өргөө барьж өгнө гэж амласан?
-Намайг Монголд хамгийн сүүлд очиход Шатрын ордон барих газрыг үзүүлсэн. Чингис хааны онгоцны буудлаас холгүй газар байна лээ. Би үзүүлж буй газраас өөр газар барих шаардлагатай байна гэсэн саналаа хэлсэн.
-Яагаад өөр газар гэж ?
-Ирээдүйд Шатрын ордонг байнгын ажиллагаатай байлгахаар төлөвлөж байгаа.
Тэнд Олон улсын шатрын хүрээлэн, шатрын сургууль, шатрын музей байгуулна. Хүүхэд, хөгшид хэн дуртай бүхэн ирж шатар тоглодог газар байх ёстой. Шатрын ордон барих бас нэг газрын санал бидэнд ирсэн, тэнд баригдах байх гэж бодож байна. Монголын нийслэлийг чимсэн их сайхан ордон байх болно гэдэгт би итгэлтэй байна. Тийм сайхан ордонтой болсноор Азийн аварга болох олон хүүхэд залуус төрнө гэж найдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахад шатрыг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж байгаа гэж таатай сайхан мэдээ дуулгасанд би ФИДЕгийн ерөнхийлөгчийн хувьд маш их баяртай байгаа.
-Та Монголд хэдэн удаа очсон бэ? Хаагуур явж, юу үзэж харах дуртай вэ?
-За, хэдэн удаа очсоныг нарийн хэлж мэдэхгүй байна. Лав 10 удаа очсон байх аа. ЗСБНХУ-ын депутат байхдаа, Халимагийн Ерөнхийлөгч байхдаа, бизнесийн шугамаар гээд бишгүй очсон. Монголд очих дуртай. Монгол бол бидний өвөг дээдсийн маань өлгий нутаг шүү дээ. Би бүр Цагаанзамын дуулдаг “Ээжий минь” дууны клипэнд тоглосон шүү дээ. Нилээд эрт. Тэгэхэд Монгол телевиз клипийг хийж, нисдэг тэргээр Чингисийн төрсөн нутаг дээгүүр нисч, зураг авч байсан санаанаас гардаггүй юм. Улаанбаатар хот улам бүр өнгө орж, өргөжин тэлж байгаад сэтгэл баясдаг. Би “Мосгорводоканал” байгууллагынхныг Монголд аваачиж, Улаанбаатар хотод цэвэр усны сан барих тухай төслийг ярилцаж байгаа. Энэ нь Монголд тун хэрэгтэй. Монгол орон уудам сайхан нутагтай, тэр бүр үзэсгэлэнтэй сайхан газруудаар явах цаг зав хүрэлцдэггүй. Найз нөхөд маань үргэлж ирж амраач, энийг ч, тэрийг ч үзүүлье л гэж урьдаг, даан ч зав гардаггүй.
-Та Монгол-Оросын уламжлалт харилцааны тухай юу ямар бодолтой явдаг вэ?
-Би ярих болгондоо Монгол бол бидний ахан дүүгийн барилдлагатай орон гэж хэлдэг. Монголын олон зуун охид хөвгүүд ЗХУ-д их, дээд сургууль болон техник мэргэжлийн, тусгай дунд мэргэжлийн сургуулиудад суралцаж, мэргэжил эзэмшсэн байдаг. Түүнчлэн ОХУ-д монгол хэлтэй буриад, халимаг, тувачууд аж төрдөг. Бидний хамтын ажиллагаа бэхжих тусам ард түмнүүдэд сайн байх болно. Оросыг Ази руу, Монголыг Европ руу гарахад ашигтай байх болно. Боловсролын стандартын үүднээс аваад үзэхэд мөн адил. Би олон орны их сургуулиас профессор цол хүртэж, бас хэд хэдэн их сургуульд лекц уншиж байсан. Тиймээс боловсролын дундаж төвшинг сайн мэднэ. Орос сургуультай байсан Болгар, Монгол зэрэг орны боловсролын төвшин бусад орноос ялгагддаг. АНУ-ын зарим сонсогчид Толстой, Гёте гэж хэн байсныг, Дэлхийн II дайнд хэн хэн оролцож байсныг мэддэггүй юм. Зөвлөлт, Оросын боловсролын ерөнхий төвшин өндөр шүү дээ. Бидэнд бүх зүйл бий, бид зөвхөн түүнийг хөгжүүлж, бэхжүүлэх л шаардлагатай.
-Та олон орноор явж, олон хүнтэй уулзаж байсан. Таныг Болгарын агуу зөнч Вангатай уулзаж байсан гэдэг?
-Тийм ээ. Ванга эмээ бид хоёр их сонин учрал, ерөөлтэй хүмүүс. Яагаад гэхээр би тэр хүнийг хайгаагүй, харин тэр хүн надтай уулзахыг хүссэн байсан. Тэгж л анх танилцаж байсан даа.
-Ямар сонин юм бэ? Тэгэхлээр Ванга таныг тийм нэг хүн байна, түүнтэй уулзъя гэсэн юм уу?
-Тийм гэхүү дээ. Москвад байдаг Болгарын ЭСЯ -нд ажилладаг, надтай нэг курст сурч байсан найз маань “Москвад Вангагийн үеэл дүү нь ирсэн, Ванга “Оросоос тэр залуу ерөнхийлөгчийг аваад ир” гэж хэлүүлжээ гэдэг юм байна. Тэр үед би “Оросын бизнес эрхлэгчдийн танхим”-ын ерөнхийлөгчийн сонгуультай байсан бөгөөд Халимагийн ерөнхийлөгчийн сураг ч үгүй байсан юм. Би дөнгөж 29 настай байлаа. Тэгээд бид хоёр ниссэн дээ.
-Болгар руу, Вангатай уулзахаар уу?
-Тийм ээ, Ванга эмээтэй уулзахаар анх явж байгаа нь тэр. /Кирсан Николаевич баба Ванга гэдэг/ Бид зочид буудалд хоноод өглөө эрт бослоо. Ванга эмээгийн үеэл дүү Иван ирж, биднийг зургаан цагт авч явлаа. Нэг дүү эмэгтэй нь “Кирсаныг авчирсан уу, Ванга эмээ яагаад Кирсаныг авчирчихаад уулзуулахгуй байгаа юм бэ гэж байна” гэв. Өмнө нь Ванга эмээд миний нэрийг хэн ч хэлээгүй байхад өөрөө тэгж хэлсэн байсан, сонин байгаа биз. Би түүнтэй уулзахад тэр бидэнд дүрс бичлэг хийхийг зөвшөөрсөн юм. Тэр үед надад олон сонирхолтой зүйлийг хэлж өгсөн.
-Жишээлбэл юу гэж хэлсэн бэ?
-Тэр намайг Ерөнхийлөгч болно, ард түмнээ удирдах болно гэж хэлсэн. Үнэхээр л би нэг жилийн дараа Халимаг улсын Ерөнхийлөгч болсон доо. Би ч Ванга эмээтэй дотно сайхан харилцаатай болж, би ойр ойрхон очдог байлаа. Ванга эмээ өдөржин хүн хүлээж аваад, орой гэр бүлээрээ ширээ тойрон цай хоолоо идэж уудаг байлаа. Намайг Халимагийн Ерөнхийлөгч болоод удаагүй байхад, Ванга эмээ “Чамайг Ерөнхийлөгчийн бас нэг суудал дээр харж байна” гэдэг байгаа, тэгсэн яг хагас жилийн дараа би ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Парис хотод ФИДЕ-гийн ерөнхийлөгчөөр дөнгөж сонгогдоод байхад Ванга эмээгийн хамаатнууд над руу баяр хүргэж, утсаар яриулж байсан, тэгэхэд л би түүнийг агуу их ид шидтэн гэдэгт итгэсэн шүү.
-Танд Каспийн тэнгисээс нефть гарах газрыг Ванга зааж өгч байсан гэх юм билээ?
-Тэр нэг ийм юм болсон юм. Бид Каспийн тэнгис дээр хаана нь нефтийн үйлдвэр барьж болох вэ гээд Ванга эмээд газрын зураг өгсөн, тэр хуруугаараа Каспийн тэнгисийн хойд хэсгийн Артизиан тосгоныг заагаад энд маш олон хоолой харагдаж байна гэсэн. Урьд өмнө хэзээ ч, ямар ч нефть олборлож байгаагүй, хагас цөл газар, гэтэл тэр цагаас хойш яг 12 жилийн дараа “Лукойл” тэндээс нефть олсон, одоо тэр нефть-хийн хоолойг Халимагийн эрэг рүү татна.
-Танд Вангагаас үлдсэн дурсгалт зүйл байдаг уу?
-Наймдугаар сард юм даг. Би Ванга эмээгийнд сууж байтал ам цангалаа л даа, гэтэл Ванга эмээ “Чи хүүе, юм уугаач” гэж байна, тэгээд нэг гүцнээс аяганд ус хийгээд уу “Наад гүцээ хоёр аягатай нь ав, намайг дурсаж яваарай” гэж хэлж билээ. Сарын дараа тэрээр ертөнцийн мөнх бусыг үзсэн дээ, хөөрхий. Надад бас түүний өгсөн загалмай байдаг.
-Та Халимагийн Ерөнхийлөгч байхдаа Буддын шашныг дэлгэрүүлэн, хөгжүүлэх олон ажил хийсэн байдаг. Олон арван сүм хийд барьж байгуулсан, Буддын шашны төдийгүй Үнэн алдартны шашны сүмийг ч Халимагт анх удаа байгуулсан байдаг юм билээ?
-Тиймээ. Намайг бүр 4-5 настай байхад аав, ээжийг ажилдаа явсан хойгуур эмээ маань цонхныхоо хөшгийг хааж, хаалга үүдээ түгжээд авдраасаа бурхан шүтээн, ном судраа гаргаж тавиад мөргөдөг байлаа. Би эмээгээсээ “Та яагаад хаалгаа цоожилж, хөшгөө хааж байгаад мөргөж байгаа юм бэ” гэж асуухад “Чи том болоод сүм хийд барьж байгуулаарай, тэгвэл хүмүүс тэнд очиж мөргөж байг” хэмээн захиж байсныг санаж байгаад Буддын Шагъямуны алтан бурхныг бүтээлгэж, Хурлын Төв Гандан барьсан гудамжаа өвөөгийнхөө нэрээр буюу Кирсан Илюмжиновын нэрэмжит гэж нэрлэсэн. Мөн буддын олон арван хийд бариулсан. Түүнчлэн, Халимагт урьд өмнө байгаагүй Үнэн алдартны шашны сүм болох Казаны дуганыг барьж Бүх Оросын хоёрдугаар Хамба лам Алексийгээр аравнайлуулсан. Одоо Халимагт Үнэн алдартны 10 гаруй сүм дугана бий. Урьд нь халимагууд нутаг заагдан цөлөгдөж, хэлмэгдэж, лам нараа буудуулж хороолгож, шашны холбогдолтой ямар ч зүйл үлдээгүй юм. Шашныг сэргээхэд бүх зүйлийг цоо шинээр эхлэх ёстой байв. Хамгийн гол нь бид шашинд итгэх итгэлийг эргүүлж чадсан юм. Би өөрөө Далай лам дээр очиж түүнд Халимагийн 20 хүүхдийг шавилуулахаар гуйсан. Монголын Гандан хийдэд, Буриадын Иволгины дацанд бас лам нараа сургасан. Одоо манай улсад Буддын болон Үнэн алдартны шашны хийд дугана нэмэгдсээр байна. Халимаг улсад анх удаа дунд сургуульд “Шашны сургаалын үндсүүд” хичээлийг заадаг болсон юм.
-Кирсан Николаевич, та саяхан авчирсан бурхан багшийн чандрын тухай ярина уу?
-Өнгөрсөн оны есдүгээр сард Буддын шашныг Европт дэлгэрүүлэн, хөгжүүлэх гэсэн олон жилийн минь ажлыг Шри Ланкийн лам нар үнэлж, надад Бурхан багшийн чандрыг хадгалуулах шийдвэр гаргасан юм билээ. Ингээд бид бурхан багшийн чандрыг 2011оны арванхоёрдугаар сард авчирч Халимагийн Буддын шашны төвд залсан юм. Сүсэгтэн олон хэдэн өдрийн турш ирж мөргөн, адис авсан. Ирэх хавраас чандрыг Парисын ойролцоох буддын шашны хийд залж аваачих яриа хэлэлцээ хийж байна, мөн дулаарахаар Шри Ланкаас бурхан багшийн модны үрсэлгээг Халимагт авчирч суулгахаар төлөвлөж байна.
-Та 18 жил Халимаг улсын төрийн тэргүүнээр ажилласан. Танд Борис Ельцин “Кирсан минь, Халимагаас л явж болохгүй шүү” гэж захиж байсан гэсэн. Хэрвээ танд Оросын Засгийн газар сайдын суудал санал болговол та хүлээж авах уу?
-Би эх орондоо эр цэргийн албанаас нь аваад зүтгэж ирсэн. Би ЗСБНХУ–ын парламентын хамгийн залуу депутат байсан, Халимагийн хамгийн залуу Ерөнхийлөгч байж үзсэн, төрд 20 жил зүтгэсэн. Юутай ч гэсэн, би үүгээр дуусна гэж хэлэхгүй, надад хийх бүтээх зүйл маш их байна. Би Орос Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсаны хувьд өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведевийн гараас “Эх орны өмнө гавъяа байгуулсны төлөө” IV зэргийн одон гардан авч маш их баярласан. Би өөрийгөө эх орны цэрэг хүн гэж үздэг, надад өмнөө тавьсан зорилт гэж бий. Шатар хүн төрөлхтөнд, бидний ирээдүйд маш хэрэгтэй зүйл гэдгийг би хүн төрөлхтний өмнө нотлох болно. Шатар сонирхогчдын тоог нэг тэрбумд хүргэхийн төлөө ФИДЕ зүтгэж байна. 1993 оноос Халимагт шатрыг дунд сургуульд заавал заах хичээл болгосноор хүүхдийн сурлагын идэвхи сайжирч, хичээлдээ илүү сайн суралцаж, илүү ихийг сэтгэж, олонхи нь их, дээд сургуульд орох болсон байна.
-Та олон орноор явж, нэр хүндтэй олон хүнтэй байнга уулздаг, танд хүмүүс юу бэлэглэдэг вэ?
-Тийм ээ, үнэхээр маш олон бэлэг дурсгалын зүйл ирдэг. Халимагийн улсын музейн алт, мөнгөн танхимын бараг бүх үзмэр минийх байх аа. Үндэсний бэлэг дурсгалын зүйлүүд маш их ирдэг, сэлэм их ирдэг юм. Үндэсний хувцас их бэлэглэдэг. Халимагийн “Шатрын хотхон"-ын музейд бас нэлээд үзмэрүүдээ өгсөн, дүүргүүдэд музей байгуулахад нь зориулж бас өгсөн. Хосгүй зүйлүүд ч ирдэг. Жишээ нь, Саддам Хусейны надад бэлэглэсэн алтан автомат бууг би музейд өгсөн.
-За, цаг зав гаргаж уулзсан танд баярлалаа. Таныг чилээсэн бол уучлаарай. Та монголчуудад хандаж юу хэлэх вэ?
-Монголын нийт ард түмэнд эрүүл энх, аз жаргал, манай халимагуудын ярьдгаар сүүн цагаан амжилтыг хүсэн ерөөе! Та бүхэн өөртөө итгэлтэй байж, эерэг сайн сайхан бүхэнд итгээрэй. Хэрвээ хүн бүр өөртөө итгэлтэй байх юм бол нийгэм маань сайхан болно! Үүнд л итгээрэй!