Ө.Хэрлэнчимэгийн ялыг хэвээр баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн ялыг хэвээр баталлаа

Арван тавхан настай охины амийг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутай нь анхан шатны шүүхээр нотлогдсон Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарын найман хүнд холбогдох хэргийг нийслэлийн давж заалдах шатны Шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. Уг давж заалдах шатны шүүх хуралд даргалагч шүүгчээр Х.Дамдин-Од илтгэгч шүүгчээр Н.Бат-Эрдэнэ, улсын яллагчаар Ц.Насанбат оролцлоо. Харин  ялтнуудын талаас 12 өмгөөлөгч оролцсон бол  хохирогчийн талаас нэг өмгөөлөгч байв. Нийслэлийн шүүхэд өчигдөр 12.30 цагаас давж заалдах шатны шүүх хурал эхлэсэн юм.  Шүүх хуралдааныг илтгэгч шүүгч Бат-Эрдэнэ нээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулж улмаар  давж заалдах шатанд гомдол гаргасан ялтнуудын талаархи хүсэлтийг танилцууллаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан ялтан Ө.Хэрлэнчимэгийн өргөдөлд дурдсанаар “Намайг буруутгаж буй  нотлох баримт  үндэслэлгүй.  Талийгаач Б-г түүний төрсөн ах Г амь насыг бүрэлгэсэн гэж бодож байна. Мөрдөн байцаалт хуулийн хүрээнд явагдаагүй” гэсэн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хандсан бол түүний хамсаатан Ж.Очбадрах мөн л Ө.Хэрлэнчимэгийн гаргасан гомдолтой утга нэг өргөдөл гаргасан учраас шүүх бүрэлдэхүүн гомдлийг давтан танилцуулах шаардлаггүй гэж үзлээ. Ингээд шүүх хурлын явц үргэлжилж гомдол гаргасан ялтнуудын өмгөөлөгчид нэг бүрчлэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн үндэслэлээ шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм. Хүнийг санаатай алсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн нь анхан шатны шүүхээр нотлогдсон Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгч  Г.Тунгалаг тайлбартаа “Уг хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөн байцаагч хууль зөрчсөн,  нотлох баримтыг зөвхөн Ө.Хэрлэнчимэгийг яллах үүднээс цуглуулсан. Хэргийг үйлдсэн хүн хэн бэ гэдгийг олж тогтоохоор ажиллаагүй.  Би нотлох баримтыг бүхэлд нь хоёр хэсэгт хувааж авч үзнэ. Үүнд амьтай ба амьгүй. Миний ойлгож буйгаар мөрдөн байцаагч амьгүй нотлох баримт болох талийгаачийг хоолойг Б.Хэрлэнчимэг боож амийг нь егүүтгэсэн гэх даашинжны бүсийг гол нотлох баримт болгожээ. Тэр бүс нь хир болсон тухай үед хүн хэрэглэж байсан гэхэд итгэмгүй.  Гэтэл  Ө.Хэрлэнчимэг шиг тийм дэгжин,  сайхан охин хиртэй халтар бүс зүүх үү. Тэр бүсийг нотлож буй гэрчийн  мэдүүлгүүд ч  эргэлзээтэй. Мөн уг хэрэгт гэрчээр  татагдсан Азжаргал, Сарантуяа нар бол хуурамч гэрч. Тэд хувийн ашиг сонирхолын үүднээс худал мэдүүлэг өгсөн. Тиймээс Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийдвэр хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэв. Ялтан Ө.Хэрлэнчимэгийн өмгөөлөгч Г.Тунгалагийг  давж заалдах шатны гомдлынхаа талаар тайлбар өгч байх үед хурал даргалагч шүүгч хэд хэдэн удаа сануулга өгснөөр түүний хэт нуршсан тайлбар  дуусгавар болсон юм.  Үүний дараа мөн Ө.Хэрлэнчимэг түүний хамсаатан Ж.Очбадрах нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх үндэслэлээ тайлбарлахдаа “ Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт хууль зөрчсөн. Энэ талаархи гомдлыг  Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар шалгаагүй.  Ө.Хэрлэнчимэгийн төрсөн эх Сэвлэгмаагийн  мөрдөн байцаалтад саад учруулсан хэргийг хяналтын прокурор өөрийн дураар Өршөөл  үзүүлэх тухай хуульд хамруулж улмаар тогтоолыг өөрт нь танилцуулаагүй” гэсэн гомдлыг танилцуулав. Харин илтгэгч шүүгч Бат-Эрдэнэ “ Хүнийг санаатай алсан гэмт хэрэгт яллуулж буй Ө.Хэрлэнчимэг нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах явцад УМБГ болон Ганц худаг дахь урьдчилсан саатуулах төвийн    хэд хэдэн ажилтнуудад хариуцлага тооцсон талаархи баримтууд бий гэснээр шүүх хурал үргэлжилсэн юм.  Ингээд шүүх хурлын үеэр гомдол гаргаж буй талын өмгөөлөгчид утга  ойролцоо гомдлуудыг танилцуулсан. Тодруулбал гэмт хэргийг нотлох баримт болох машины дугуйг шинжилээгүй,  гэрчүүдийн мэдүүлэг хуурамч,  нотлох баримт хангалтгүй учраас хилсээр ялласан. Тиймээс цагаатгаж өгнө үү  гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулав. Шүүх хурлын явцын үед  талийгаачийн эцэг хохирогч Ц.Гончиг давж заалдах шатны шүүхэд хандан гаргасан гомдлынхоо талаар ярихдаа “ Би Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гаргасан  шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ  анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгт холбогдогч нараас гурван хүн ял сонссон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж  гэм зэмгүй үлдэж байгаад хохирогч хүний хувьд дэндүү харамсалтай байна.  Хэдийгээр тэд хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй ч  гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар нотлогдож өршөөгдсөн нь сэтгэл эмзэглүүлж байна.  Энэ асуудлыг төр засаг анхааралдаа аваасай. Миний гаргасан хоёр дахь хүсэлт бол миний охины  амь насыг бүрэлгэсэн ялтнуудын нэг болох  Отгонжаргал хэрэгт холбогдолгүй болж цагаатсан нь  үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс Отгонжаргалын хэргийг дахин хэлэлцэж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд дуулгасан юм. Шүүх хурлын эцэст улсын яллагч Ц.Насанбат өмгөөлөгчдийн тавьсан тайлбаруудад хуулийн хүрээнд нотлох баримтыг үндэслэн няцаалт  өгснөөр  шүүх хурал 15.50 цагийн үед завсарласан юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн 20 минут орчим хэргийг хэлэлцсэний дараа 16.10 цагийн үед давж заалдах шатны  шүүхийн шийдвэрээ гаргалаа.  Нийслэлийн Шүүхийн давж заалдах шатны шүүхээс хүнийг санаатай алсан хэрэгт анхан шатны шүүхээс 20 жил зургаан сарын  ял сонссон  Ө.Хэрлэнчимэг, Ж.Оч-Бадрах нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн   хянан хэлэлцээд холбогдогч  нарын талаас гаргасан гомдлыг үндэслэлгүй хэмээн үзэж  анхан  шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлав.  Өмнө нь Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс Ө.Хэрлэнчимэг Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар,  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноосон бол  Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Улмаар  17 жилийн ял сонссон  С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь  хэрэг гарах үед буюу 2008 онд насанд хүрээгүй байсан учир Өршөөлийн үзүүлэх тухай хуульд  хамруулсан билээ. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрт дурдаснаар  Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим заалтыг анхан шатны шүүхээс буруу хэрэглэсэн гэж үзсэн юм. Дашрамд дурдахад шүүх хурал завсарлах үеэр ялтнуудын ар гэрийнхнээс сэтгүүлчдийн гэрэл зургийг нэг бүрчлэн авч, дайрч давшлах зэргээр  дарамт үзүүлж байсныг дурдахад илүүдэхгүй биз ээ.

Н.Түвшин    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж