МАН-ын бүлэг ажлын хэсэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг ажлын хэсэг гаргажээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин  сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өчигдөр бүлгийн хурал оройтож тарсан учир ийнхүү өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Намрын чуулган завсарлах хүртэл үлдээд буй богино хугацаанд төлөвлөгдсөн асуудал дотроос юу дутуу байгаа, ямар хуулийн төслийг түрүүлж хэлэлцэх талаар бүлгийн хурлаар голлон хэлэлцсэн байна.

Алслагдсан аймаг, сумын иргэдэд бүсийн хөнгөлөлт үзүүлэх талаар гишүүн С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төслийг даруй хэлэлцэх ёстой гэжээ. Холын аймгийн иргэдэд бензин шатахуун, хүнсний зарим бүтээгдэхүүн, тээвэр, цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх талаар уг төсөлд тусгаад байгаа юм. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд урашуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа ч АН-ын бүлгийн гишүүд дэмжээгүй тул цааш явахгүй байгааг МАН-ын бүлгийн дарга хэлэв. Өндөр настны тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төсөл дээр АН-ын зарим гишүүн эсрэг байр сууртай байгаа аж. Валютын ханш, шатахуун, бараа, үйлчилгээний үнийн асуудлыг бүлгийн гишүүд авч хэлэлцжээ.  Ганц яаман дээр үнэ зохицуулах ажлын хэсэг байсныг Засгийн газар дээр хороотой болгосон байна. Шатахууны үнийг зоргоороо нэмсэн компаниудыг 10-аад тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч зарим компани шүүхэд хандаад байгаа юм байна. Нөөцийн махны үнийг бүлгийн хурлаар мөн хөндөж ярьжээ.

Нефть бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудал ямар байгааг судлах ажлын хэсгийг МАН-ын бүлэг гаргаж ажилд оруулсан байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ болсны дараа хэд хэдэн арга хэмжээг яаралтай авахаар ярилцжээ. ОХУ-тай хийх импортын гэрээг Засгийн газар мэдэлдээ авч жижиглэн худалдааг тендэрт шалгарсан компаниудаар хийлгэхгүй бол байн байн шатахууны гачаалд орж мэдэх талаар гишүүд хэлэлцсэн байна. Харин намрын чуулганаар төсвийн тодотгол хийх эсэх тухай асуудал хөндөгдөөгүй байна.

МАН-ын бүлгийн хурал өчигдөр нэлээд ширүүн болсон талаар сонсогдож байсан юм. Энэ талаар лавлахад Ө.Энхтүвшин дарга “Манай бүлгийн хурал ер нь их ширүүн болдог. Хурц ярьж байж шийдлээ олоод түүн дээрээ нэгддэг” гэлээ. Мөн бүлгийн гишүүдээс “Ерөнхийлөгчид загнуулаад гараад ирдэг Ерөнхий сайд байдаг юм уу” гэсэн шүүмжлэл гарч байжээ. Энэ талаар “Төрийн ажил телевизийн камерийн өмнө явах ёсгүй. Олон камер цуглуулаад гэнэт дуудаж загнадаг, нэг нь загнаж, нөгөө нь гэрийн даалгавраа хийгээгүй хүүхэд  шиг байх ёсгүй. Энэ бол зүгээр шоу. Засгийн газраас явах нь явж, бүрдэх нь бүрдэж ажлаа яаралтай хийе гэж ярилцсан” гэлээ. Үүгээр бүлгийн даргын мэдээлэл өндөрлөв.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж