
УИХ дахь Ардын намын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гарсан Ардчилсан намын сайд нарын оронд нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгосон. Тэр үед өрсөлдөөн их байсан ч эцэст нь хэний ч санаанд оромгүй хүмүүсийг сонгосон юм. Үүний талаар тус намын зарим гишүүн “С.Батболд өөрийн талын, өөрийнх нь хэлснийг үг дуугүй биелүүлэх хүмүүсийг сайдад нэр дэвшүүллээ” гэжээ. Харин өчигдөр “Ч.Улааныг, биш Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшүүлсэн. Энэ нь яаж ч бодсон буруу шийдвэр. Д.Хаянхярваа Сангийн сайдаар ажиллах чадвартай хүн мөн үү. Ц.Дашдоржийн хувьд ч ялгаагүй. Ардын намын дарга С.Батболд чадваргүй хүмүүсийг сайдад нэр дэвшүүлж гаргаж ирсэн. Хор найруулсан. Хор найруулах ажилдаа өөрөө оролцсон. Намын дарга ийм зүйл хийж болох уу” гэх хүн ч байлаа. С.Батболдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллах гэж байгаа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах гэж байгаа Ц.Дашдорж, Батлан хамгаалахын сайдаар ажиллах гэж байгаа Ж.Энхбаяр нарыг Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийнхний өмнө шүүмжилсэн нь Ардын намын гишүүдийг нүүр хийх газаргүй болгосон юм. Тиймээс ч Ерөнхий сайдад огцрох шаардлага гардуулж байсан Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр нарын гишүүд өчигдөр “С.Батболдын Засгийн газар Ардын намын рейтингийг унагаж байна. Эрх баригч хүчин байж ардчилсан Ерөнхийлөгчид Монголын ард түмний өмнө хэлэх үгүй болтлоо загнуулж байгаагаа юу гэж тайлбарлах вэ” гэх мэт хатуухан үгс хэлсэн ажээ. Гэхдээ үүнийг “Өөрсдийг нь сайдад нэр дэвшүүлээгүй болохоор гомдлын үг хэлж байна” гэх хүн ч байв. Учир нь сайдад нэрээ дэвшүүлсэн гишүүдийн олонхи нь шүүмжлэл хэлсэн аж. Мөн Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлсэн нь зөв шийдвэр эсэхэд УИХ дахь Ардын намын бүлгийн олон гишүүн эргэлзэж эхэлсэн байна. Тодруулбал, түүнийг ердөө зургаан сарын хугацаатай Тэргүүн шадар сайд болгоно гэдэг нь ичгэвтэр хэрэг болохыг гишүүд онцолжээ.
"Улс төрийн тойм" сонин
