
Гэтэл шинээр томилогдох сайд нарыг гадна дотнын “гай дайрч”, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь болгох ажил сунжирсаар өнөөдрийг хүрэв. Гадна талд бензин шатахуун, валют, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээ, нийтийн тээврийн үнэ өсч, МҮЭ-ийнхэн 17 хоногийн турш тэмцсэний эцэст өчигдрөөс УИХ, Засгийн газартай ойлголцож жагсаал цуглаанаа түр завсарлаад байна. Энэ нь бүр больсон гэсэн хэрэг биш, цагаан сар дөхсөн энэ үед хүнс, барааны үнэ дахин өсөхийг үгүйсгэхгүй. Тэгвэл үүнээс хатуу тоглоом хүлээж байж ч болох юм. Евро бүсийг хамарсан эдийн засгийн хямрал Монголын хилийг давахгүй гэх ямар ч баталгаа байхгүй.
Ийм байхад өнөөдөр Монголд хамгийн чухал нь Засгийн газрын танхимаа яаралтай бүрэн бүтэн болгох асуудал болоод байна.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өчигдөр үдээс хойш хуралдахдаа сайдад нэр дэвшигчдийг баахан өөлж гоочилжээ. Үүнийг ёстой илүү зан гэхээс өөр хэлэх үг алга. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн хойно нам дотроо элдвээр хэллээ ч оройтсон. Тийм л юм бол намын даргадаа өмнө нь хэлээд, өөр хүмүүс оруулж ирэх нь яасан юм. Нийгэмд болж буй үйл явдал үүнээс түргэн өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө өглөө Ерөнхий сайдад зөвшилцлийн хариуг илгээхдээ Байгаль орчин, аялал, ижуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хрэлбаатар нарыг л дэмжиж, Засгийн газрын танхимд Тэргүүн шадар сайд хэрэггүй, мөн шинэ сайд нарыг парламентын гаднаас бүрдүүлэх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийллээ. Ингэснээр Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх болон УИХ дотроос нэр дэвшигчдийг дэмжихгүй, оронд нь гаднаас нэр дэвшүүл гэсэн санал дээрээ үлдэв. Төрийн тэргүүн өөрийн байр сууриа илэрхийлэх бүрэн эрхийнхээ дагуу үүнийг хийсэн. Түүний өгсөн чиглэлийг олонхи болсон МАН хүлээж авсангүй. Засгийн “бүдүүн” бүтцийг багасгаж, дэд сайдуудын тоог хэмнэх, Засгийн газрыг Их хурлын “дээр” биш “доор” байлгах гэсэн түүний санал шударга байсан. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн саналаа илэрхийлэхээс өөрөөр түүний байр суурийг хатуу дагахаа больсон заалт орсон учир асуудал үүгээр дуусна.
Иймээс Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Засгийн газрын танхимын гишүүнд нэр дэвшүүлсэн зургаан хүнээ УИХ-д өргөн барих гэж байна. Ингэснээр УИХ-ын бүтцийн байгууллагууд ойрын хугацаанд засаг бүрдүүлэх ажлыг шийдэх юм. Энэ долоо хоногт багтааж танхимаа бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Ингэхийг ч гадаад, дотоод нөхцөл байдал шаардаж байгаа юм.
Одоо хэн нь сайдад нэр дэвшсэн нь хамаагүй Засгийн газар л түргэн бүрдэж, эдийн засгаа анхаарах хэрэгтэй байна. Засаг бүрдэхгүй удах тутам ард иргэд үнийн өсөлтөд дарлуулж эдийн засаг хямрана гэдгийг санаж ажиллах л УИХ өмнө тулгараад байна.