
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар олон нийтийг жагсаалд уриалаад 17 хонолоо. Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт ард түмнийг сөхрүүлж байгаа энэ үед түүнийг хүмүүс дэмжиж байгаа. Гэхдээ төв талбай дээр жагсаал зохион байгуулахад ирж оролцсон хүмүүсийг харахад хангалтгүй санагдаад байна. Хэдийгээр өчигдөр С.Ганбаатар тэргүүтэй жагсаал зохион байгуулагчдыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар хүлээн авч уулзсан ч үнийн хөөрөгдлийн эсрэг шийдвэртэй алхам хийхээ амалсангүй. Харин ч эсрэгээрээ С.Ганбаатарыг “рекэтлэж байна” гэх маягийн асуудал яриад, “жагсаалаа даруйхан зогсоо” гэж томров. Үнэндээ С.Ганбаатар дарлагдсан ард түмний дуу хоолой болж байгаа нь үнэн. Түүнд төр засгийг рекэтлэх сонирхол ч байхгүйг бид бүхэн мэднэ. С.Ганбаатарын цаана улс төр биш ард түмэн байгаа. Өдрийнхөө хоолыг арай гэж аргацааж байгаа ард түмэн үнийн хөөрөгдлийг тэсч гарч чадахгүй. Монгол Улс төртэй юм бол ядуу ард түмнээ нэг удаа бодож үзэх ёстой. Гэвч харамсалтай нь энэ асуудлыг шийдэх сэтгэл зүрх Засгийн газарт алга. Тэд зургаан сайдтайгаа орооцолдоод ухаан сэхээ ч алга. Тэгэхээр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар та илүү өргөн хүрээтэй тэмцэлд ард түмнийг уриалан дуудаач. Иймэрхүү жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй ээ. Цаадуул чинь хүлээж авахгүй. Ийм дүлий төрийг номхотгох ганцхан арга бий. Тэр бол бүх нийтийн ажил хаялт. Хамгийн тэргүүн эгнээнд эмч, багш, нийтийн тээврийн салбарынхныг ажил хаялтад татан оролцуулмаар санагдана. Үнийн хөөрөгдөлд нэрвэгдэж сэтгэл санаагаар хохирч байгаа эмч нар энэ саналыг дэмжинэ. Мөн сургууль цэцэрлэгийн багш нар ч ялгаагүй. Улмаар төмөр замчид, нийтийн тээвэрийнхэн гээд салбар бүхэн таныг дэмжинэ. Учир нь та өөрийнхөө төлөө жагсаагүй гэдгийг бид мэдэж байна. Нефтийн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг хамгийн их мэдэрдэг, хохирдог байгууллага бол нийтийн тээврийн салбар. Тэгэхээр нийтийн тээврийнхэн ч таныг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. “Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ” гэж үг байдаг. Тэгэхээр ард түмнээ малнаас дор үзэж буй эрх баригчдын эсрэг ажил хаяцгаая. Юу ч гэж хэлээд, яаж ч тэмцээд хөдөлж өгдөггүй энэ төрийн эсрэг С.Ганбаатар таны хийх ажил их байна. Бүх нийтийн ажил хаялтыг сэтгүүлчид бид өдөөе. С.Ганбаатарын ард улс төр биш ард түмэн бий.
Б.Энхмөнх"Улс төрийн тойм" сонин