Тусламжийн цуваа 12 аймгийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Тусламжийн цуваа 12 аймгийг зорилоо

Энэ жилийн хувьд өвөлжилт, хаваржилт хүндэрч, улсын хэмжээнд 6.2 сая мал хороогдоод байгаа бөгөөд холбогдох мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар цаашид ч мал хорогдох төлөвтэй байгаа аж. Хаваржилт хүндрээд байгаа малчдад Засгийн газраас болоод гаднын зарим улсаас тусламж, дэмжлэг ирүүлсээр байна. Энэхүү ажлын хүрээнд малчдад зориулж Япон улсын Засгийн газрын “Төслийн бус буцалтгүй тусламжийн хуримтлалын сан”, “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 999 сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, гурил зэргийг хандивлажээ. Тусламжийн бараа ачсан цуваа өчигдөр Улаанбаатар хотоос Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Увс аймгийн малчдад хүргэхээр хөдөллөө. Эдгээр аймгуудад Япон улсын Засгийн газраас тус бүрд 100 тонн малын хорголжин тэжээл, 40 тонн гурил ноогдож байгаа бөгөөд мөн “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар аймаг тус бүрд 45 тонн хорголжин тэжээл, 10 тонн гурил хүргүүлж байгаа аж. Тусламжийн цувааг Улсын онцгой комиссын дарга М.Энхболд, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Кидокоро болон албаны хүмүүс үдэн гаргажээ. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж