-Ардын намынхан зургаан сайдаа дотроосоо сонгочихоод байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж буй. Харин таны хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Энэ бол Ардын намын дотоод асуудал учир тэрийг тавьж болохгүй, энийг болно гэж хэлмээргүй байна. Гэхдээ Монгол Улсын хөгжилтэй холбоотой болохоор сайдын албан тушаалд тохирох хүмүүсээ сонгох хэрэгтэй.
-Таныхаар тохирох хүмүүсээ сонгосон болов уу?
-Сайд нараа УИХ-ын гаднаас сонгосон бол илүү үр дүнтэй байх байсан юм. Ерөнхийлөгчийн тавьж буй саналыг зөв гэж бодож байна. УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалыг хашаад давхар удахгүй болох УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл шинэ сайд нар төдийлөн сайн ажиллаж чадахгүй байх. Наанадаж ачаалал нь ихсэнэ шүү дээ.
-Хамтарсан Засгийн газар тарсныг зөв гэж үзэж байгаа юу?
-Хамтарсан Засгийн газрыг байгуулснаар эдийн засгийн хямралыг даван туулж, бүтээн байгуулалт эхлүүлж, уул уурхайн томоохон ордуудыг эргэлтэд оруулсан гээд олон ажлыг хийсэн. Энэ бол яах аргагүй хамтарсны үр дүн. Ардын нам, Ардчилсан нам бол Монголын улс төрийн гол хоёр хүчин. Тиймдээ ч ирэх сонгуулиар хамтдаа орохгүйгээс хойш манай нам Засгийн газраас гарах нь зөв байсан. Ардчилсан намд улс орныг удирдах “Монгол хүн-2020” гэсэн хөтөлбөр бий. Ер нь манай нам сонгуульд орохдоо том мөрийн хөтөлбөр боловсруулж оролцдог. Мөн бид хамтарсны үр дүнд Монголын нийгэмд эерэг уур амьсгалыг бий болгож, улстөржсөн байдлыг намжаасан гэж хэлж болно. Ер нь улс төрийн хоёр хүчинтэй байх уу, олон намын тогтолцоонд шилжих үү гэдэг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай юм.
-Танай намынхан одоо сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Ардчилсан намынхан “Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг батална гэж буй бол хүүхдэд мөнгө олгох тухай ч ярих хэрэгтэй” хэмээн бойкот хийж байгаа. Тэгэхээр сөрөг хүчин байснаараа ямар ч ажлыг урагшлуулж чадахгүй гэх юм?
-Бид хамтарч ажилласнаараа бие, биенийхээ ажилд саад учруулдаг, туйлширч, улстөрждөг байдлыг багасгасан учир ийм асуудал гарахгүй болов уу гэж найдаж байна. Ардын нам, Ардчилсан намынхан улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө гол чухал асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа нэгтгэсэн.
-Сонгууль дөхөхөөр салж, сонгуулийн дараа хамтардаг байдал УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа давтагдахгүй гэх баталгаа бий юү?
-Энэ нь тухайн үеийн сонгуулийн үр дүн, улс төрийн нөхцөл байдлаас хамаарна шүү дээ.
-Ирэх сонгуулийн дараа авсан суудлын тоо тэнцвэл хоёр нам хамтрахаас өөр арга байхгүй гэж үү?
-Дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрэх хандлагатай байна. Ийм нөхцөлд Монгол Улс хөгжлийнхөө их чухал үетэй золгож байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралыг хохирол багатай давах, улс орны хөгжлийн чухал асуудлыг шийдвэрлэх үүднээс тухайн үед бид хамтарсан. Дахин хамтрах эсэхийг одоо хэлж мэдэхгүй юм.
-Таны хувьд Ардчилсан нам Н.Алтанхуяг даргатай ирэх сонгуульд өрсөлдөх нь зүйтэй юү. Учир нь намын зарим гишүүн намын даргыг солих хэрэгтэй хэмээн нэлээд шүүмжилж байгаа шүү дээ?
-Гарман дээр морио солихгүй байлгүй дээ. Сонгууль дөхсөн энэ үед намын даргыг солихгүй байх. Н.Алтанхуяг дарга 2009 онд Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Сонгуульд ялагдал хүлээсэн үед намын даргаа сольдог. Энэ утгаараа Ардчилсан намын даргыг солих асуудлыг ярихгүй байх.
-Үндэсний зөвлөлдөх хорооны өнгөрсөн хуралдааны үеэр Н.Алтанхуягийг солих тухай яриа гарсан боловч “Алтангадас” фракцийнхны өмнө хүч мөхөсдсөн гэдэг юм билээ?
-Энэ асуудлыг тодорхой хэмжээгээр ярилцсан. Олонхиороо “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн.
-“Ардчилсан намыг дотоод ардчилалгүй болжээ” гэдэгтэй та санал нийлэх үү?
-Үүнтэй санал нийлэхгүй. Ардчилсан нам хамгийн ил тод үйл ажиллагаатай, ардчилсан хэвээрээ байгаа. Ардчилалгүй нам асуудлаа нээлттэй ярилцаж, шүүмжилж чаддаггүй. Харин бид бол өөр. Манай намын дарга нар гишүүдийнхээ хатуу хяналтанд ажилладаг. Түүнчлэн намын фракциуд алдаа, оноог нь хэлдэг. Энэ нь Ардчилсан намын хамгийн том давуу тал. Үүний үр дүнд авлига, хээл хахууль зэрэгт хутгалдалгүй цэвэр байдаг.
-Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хэзээ болох вэ?
-Энэ талаар одоохондоо мэдэгдсэн зүйл алга.
-УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Таны хувьд мажоритари, пропорционалийн алинд нь нэр дэвших бодолтой байна вэ?
-“Би тэнд нэр дэвшинэ” гээд өөрөө шийдчихдэггүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу намаас хэн нэр дэвшихийг тухайн намын удирдах байгууллага шийддэг.
-Нэр дэвшихээр горилж буй хүмүүсээс 50 сая төгрөгийн татвар авч байгаа. Энэ нь Сонгуулийн шинэ хуультай зөрчилдөх юм биш үү?
-Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Харин харамсалтай нь үүнийг хориглосон хуулийн зохицуулалтгүй, сонгуулийн санхүүжилтийг тусгайлан хуульчлаагүйгээс болж ийм асуудал гарч байгаа юм. Бусад оронд сонгуулийн санхүүжилтийг зохицуулсан хууль бий. Ингэвэл сонгуульд өрсөлдөж буй хүмүүс шударгаар өрсөлдөх боломжийг хангадаг учиртай. Сонгуулийн шинэ хуулиар мөнгөөр сонгогддог асуудлыг тодорхой хэмжээгээр хаасан нь дэвшилттэй алхам болсон. Цаашид Сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн тухай хуулийг тусад нь батлах хэрэгтэй. Мөн намуудын санхүүжилтийг ил тод болгон хуульчлах шаардлагатай байна. Манай улсад хамгийн авлигажсан байгууллагаар улс төрийн намууд ороод байгаа юм. Түүнээс гадна намууд ямар санхүүжилтээр ордон, байр бариулав, шоу цэнгээнийг хэрхэн зохион байгуулав гэдгийг нээлттэй болгох шаардлага бий. Ийм хуульгүй байгаа болохоор Монгол Улсад шударга ёс тогтоох, авлигыг арилгах, олигархийн тогтолцоог нураахад саад учирч байгаа юм. Тиймээс хуульчилж, зохицуулалт хийх цаг нь ирсэн. Тодруулбал, намуудад реформ хийх ёстой. Ерөнхийлөгч хүндэтгэлийн чуулганы үеэр тавьсан илтгэлдээ “Намуудыг өмч хөрөнгөтэй нь дахин бүртгэх хэрэгтэй” гэж байсан. Ер нь улс төрийн намууд байнгын үйл ажиллагаа явуулах шаардлагагүй. Харин сонгуулийн өмнөх зургаан сард идэвхитэй ажилладаг байх нь зүгээр. Цаашлаад намуудыг бие даасан хөрөнгөтэй, өмчтэй байлгахыг хязгаарлах нь чухал юм.
-Тэгэхээр та 50 сая төгрөгийн татвар авч буйг юу гэж үздэг вэ?
-Буруу гэж үздэг.
-МАХН, МҮАН эвсээд улс төрийн холбоо байгуулан ажиллаж байгаа. Сонгууль угтсан тэдний үйл ажиллагааг хэрхэн харж байна. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын эвслийн талаар байр сууриа илэрхийлвэл?
-Тэднийг хувь хүн талаас нь бус гуравдагч хүчин, бусад нам гэдэг өнцгөөс нь харж байгаа. Аливаа асуудлыг тал бүрээс нь зөвшилцөж байж шийдвэр гаргах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тийм ч учраас гуравдагч хүчнийхнийг парламентад орж ирээсэй гэж боддог. Гудамжинд хашгирч байхын оронд УИХ-ын чуулганы танхимаас дуу хоолойгоо хүргээсэй гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа.
-Хамгийн гол нь тэднийг УИХ-д оруулах нөхцөл бололцоог Ардын нам, Ардчилсан намынхан хаадаг юм биш үү?
-Харин ч Сонгуулийн шинэ хуулиар хаалт гэхээсээ илүүтэйгээр нээлт хийсэн гэж бодож байна. Сонгуулийн тухай хуульд УИХ-аас намуудын нэрсийн жагсаалтаар суудал авах босгыг таван хувиар тогтоож өгсөн. Энэ нь улс төрийн гуравдагч хүчнүүдэд маш том боломж.
-Сонгуулийн тухай хуулийг Орон нутгийн сонгуулийн тухай хуультай хамтад нь явуулах гэж байгаа нь хэр оновчтой бол?
-Эдгээр сонгуулийг хамтад нь явуулах нь маш зүйтэй алхам. Дөрвөн жилд гурван тусдаа сонгууль явуулснаар нь улс орны хувьд асар их зардал гаргадаг. Иймээс УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусад нь явуулах тухай ярихгүй байх. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ хоёр сонгуультай хамтад нь явуулах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, дөрвөн жилд нэг удаа л сонгууль явуулдаг байх ёстой юм.
-Төрд бизнесийнхний нөлөөллийг хэрхэн багасгах хэрэгтэй юм бол. Бизнесийнхний нөлөө их байгаа нь шатахууны үнээ нэмсэн нефть импортлогчдын үйлдлээс харагдаж байна?
-Улс төр, бизнесийнхнийг салгах үүднээс Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан. Бизнес эрхлэгчид УИХ-д ороод гишүүнийхээ бүрэн эрхийг ашиглан өөрийн бизнесийг амжилттай явуулна гэж зорьж байсан бол үүнийг уг хуулиар хааж байгаа юм. Улс төр, бизнесийн салбар холилдсоноос болж олигархи бүлэглэл үүссэн. Анх 1992 онд иргэд УИХ гэдгээ сайн ойлгохгүйгээр бөхчүүд, дуучид, зохиолчдыг сонгож байв. Дараа нь 1996, 2000 онуудад Ардын нам, Ардчилсан намынханд туйлшран сонголт өгч байлаа. Харин 2004 оноос хойш тойрогтоо ажил хийсэн, сонгогчдодоо мөнгө өгч байсан нэр дэвшигчдийг сонгосон юм. Ингэснээрээ бизнесийн төлөөллийг парламентад олноор оруулж ирсэн. Нефть импортлогчид гурил, элсэн чихэр импортлогчид шиг олон байсан бол зах зээлийн замаар шийдэг гээд орхиж болох юм. Гэтэл одоо 10 гаруй нефть импортлогч бий. Тиймээс гаднаас орж ирж байгаа бензиний импортын үнийг бууруулахын тулд ОХУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээр эхлүүлэх шаардлагатай байна.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин