“Гэнэт л тоормос барихаа больсон”

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

“Гэнэт л тоормос барихаа больсон”

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын тунелээс доош  МУИС руу уруудах замд өнөөдөр өглөө 9 цагийн орчимд “Сансар-III, IV хороолол” чиглэлийн  УНА 45-07 дугаартай автобус нийт есөн машиныг мөргөсөн осол гарлаа. Энэ автобус нь “Тэнүүн-Огоо” хувьцаат компанийн шугамын автобус бөгөөд ойролцоогоор 25 зорчигч сууж явсан байна. Зорчигчдоос гэмтэл бэртэл авсан хүн одоогоор алга. Бүгд гэнэтийн “шоконд” ороод, ажил хичээлдээ яарснаас одоогоор мэдэгдэхгүй ч байж болох юм. Одоогоор УБГ 5659 дугаартай цагаан аксент машины урд сууж явсан эмэгтэй шилээ мөргөснөөс толгойдоо гэмтэл авсан, мөн сургуулийн насны хоёр хүүхэд тархи нь хөдөлсөн, Harrier машины жолооч эмэгтэй толгой нь эргэсэн гэх шинж тэмдгээр хүн эмнэлэгт хүргэгдээд байна. Энэхүү ослоос болж хүмүүс хүндээр гэмтэл аваагүй нь баярламаар ч олон хүн эд хөрөнгөөрөө хохирч байна.

Ослын талаар  УБЦ 2567 дугаартай Bluebird машины жолооч Б. Гэрэлт-Амгалангаас цөөн асуултад хариулт авав.

Тэрээр машинаа тойрон харж халаглаж зогссон юм.

–    Уучлаарай, та автобуснаас хэр хол байсан бэ?

–    Би найман машины урдаасаа гуравт байсан. Гэрлэн дохио хүлээж байтал гэнэт л ард “тэнгэр нураад ирэв үү” гэмээр дуу чимээ гарч төд удалгүй өөрийн мэдэлгүй түрэгдэж урдах машиныг мөргөж уруудсан. Энэ автобус мэдээжээр дор хаяж 70-80 километрийн хурдтай явсан байх.

–    Та хэдүүлээ явж байсан бэ? Гэмтсэн хүн байгаа юу?

–    Би эхнэр, хүүгээ суулгаад явж байсан. Хүү минь өөрөө  гайгүй л байна гэсэн. Гэвч юмыг яаж мэдэх вэ гээд би хүүгээ эмнэлэг рүү явуулчихлаа. Миний баруун талын  хөл одоо их өвдөж байна. Гэхдээ яаж ийм болсон машинаа хаяад явах вэ дээ.

“Тэнүүн-Огоо” ХХК-ны “Сансар-III, IV хороолол” чиглэлийн  УНА 45-07 дугаартай автобусны жолоочтой хэдэн хором ярилцлаа. Жолооч 20 гаруй насны залуу бөгөөд нэрээ хэлэхээс татгалзав.

–    Ямар учраас ийм осол гаргах болов. Хир хурдтай явж байсан бэ?

–    Би тунелээс уруудаад “шааридаад” явж байсан. Ойролцоогоор 20-30 километр хурдтай гэсэн үг. Гэнэт л тооромз зуураад барихаа больчихсон.

–    Урд талын машинууд чинь маш их хурдтайгаар араас мөргөсөн гэж байна?

–    Үгүй, үгүй. Түүнийг угаасаа цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байлгүй.

–    Өглөө гарахдаа автобусныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгасан уу?

–    Тэгэлгүй яахав. Өглөө болгон шалгуулдаг. Зүв зүгээр л байсан. Яагаад тоормос барихаа больсныг мэдэхгүй байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж