Орхоны Засаг даргын асуудлыг ярина

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Орхоны Засаг даргын асуудлыг ярина

Засгийн
газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Нямжаваас Орхон аймгийн Засаг
даргын томилгоог хэзээ хийх, Ганц худагт хоригдоод буй Говьсүмбэр
аймгийн Засаг даргын асуудал, МҮЭ-ийн жагсагчдын шаардлагын хариуг
хэрхэн өгөх зэрэг асуудлаар ярилцлаа. Б.Нямжав дарга ярилцлагын өмнө
Орхон аймагтай утсаар холбоо барьж шинэхэн мэдээлэл авч өгсөн юм.

-Орхон
аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг ажлаас нь чөлөөлөөд багагүй
хугацаа өнгөрлөө. Орны хүнийг томилох асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Өнгөрсөн
оны сүүлээр Орхон аймгийн ИТХ дээр төсөв, төлөвлөгөө, бусад асуудлыг
хэлэлцсэн. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Оюунбатын талаар ИТХ-ын
төлөөлөгчдийн зүгээс тодорхой асуудлууд тавьж, хурал нэлээд олон хоног
сунжирч хуралдсаны эцэст Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан.
Ерөнхий сайдад асуудлыг өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд үүнийг судалж
үзээд тодорхой хэмжээгээр улс төрийн шийдэл гаргаад байна. Улс төрийн
шийдэл гэдэг нь Д.Оюунбат даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймаг, орон
нутгийг эзэнтэй болгох, ажлыг тасралтгүй явуулах үүднээс дараагийн
Засаг даргын асуудал яригдаж эхэлсэн. Сонгуулиар олонх болсон намын төв
байгууллагын шийдвэр үүнд хэрэгтэй байдаг учраас МАН-ын удирдах зөвлөл
хуралдаж Орхон аймагт урьд өмнө ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан,
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт нийгмийн асуудал эрхэлсэн орлогч
даргаар ажиллаж байсан Ё.Баярсайханыг албан ёсоор аймгийн Засаг даргад
нэр дэвшүүлэхээр болж Орхон аймгийн ИТХ-д санал болгоод байж байна.
Одоогийн байдлаар ийм байна.
Өмнөх Засаг дарга Д.Оюунбат Захиргааны
хэргийн шүүхэд асуудал тавиад байж байгаа.  Асуудал шүүх дээр яригдаж
байгаа гэж ойлгож байна. Аймгийн ИТХ-д эндээс өгсөн зөвлөмжөөр бол
нэгэнт улс төрийн шийдвэр гарсан учраас дараагийн хурлаа хийж аймгийг
эзэнтэй болгоход анхаараач гэсэн байгаа. Энэ дагуу Орхон аймгийн ИТХ-ын
даргатай холбогдож ярилцаж байна. Одоогийн байдлаар хараахан хурлаа
зарлаж тов гаргаагүй байгаа юм байна. Маргааш, нөгөөдрөөс тов гарах
болов уу гэж бодож байгаа. Наана нь бэлтгэл хангах ажил бий. Мөн
Д.Оюунбатын Захиргааны хэргийн шүүхэд хандсан асуудлаар тодруулах,
ярилцах асуудал байгаа гэж аймгийн ИТХ-ын удирдах хүмүүс хэлж байна. Явц
байдал иймэрхүү чиглэлтэй байна.

-Говьсүмбэр аймгийн Засаг
дарга Ж.Баянмөнхийг Ганц худагт хорьсон юм байна. Энэ талаар Засгийн
газарт мэдээлэл өгсөн үү. Түүнийг чөлөөлж орны хүн томилох асуудал гарах
уу?

-Одоогоор энэ асуултад хариулахад бэлэн биш байна.
Яагаад гэвэл Монгол Улсын Засгийн газарт энэ асуудал хараахан албан
ёсоор ирээгүй. Хэвлэлд гарсан мэдээллийн хэмжээний ойлголттой байгаа.

-МҮЭ-ээс
УИХ, Засгийн газарт хандаж шаардлага хүргүүлсэн. Жагсагчид хэдэн өдөр
Төрийн ордныг тойрч байна. Засгийн газар үүнд ямар хариу өгөх вэ?

-МҮЭ-ийн
холбооноос зохион байгуулсан “Үнийн өсөлтийн эсрэг” жагсаалд оролцогчид
өнгөрсөн баасан гаригийн үдээс хойш шаардах бичиг ирүүлсэн. Энэ талаар
холбогдох байгууллагуудтай харилцаж ажиллаж байна. Гол нь үнийн зохиомол
хөөрөгдөлтэй тэмцэх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хүлээж авч
арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Үүнээс өмнө нэгдүгээр сарын 9-нд
Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын даргын тушаалаар шуурхай ажлын
хоёр хэсэг байгуулж ажилдаа орсон.

Нэгд, авто бензин, дизелийн
түлш, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн байдалд үнэлэлт дүгнэлт
өгөх ажлын хэсэг гаргасан. Хоёрт, өргөн хэрэглээний бараа, тэр дундаа
махны нөөцтэй холбоотой асуудлыг газар дээр нь шалгаж үнэлэлт, дүгнэлт
өгөх чиглэлтэй ийм хоёр том ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Маш шуурхай
ажиллаж Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж дүгнэлт гаргасан.
Тодорхой хүмүүст арга хэмжээ авсан. Авто бензин, дизелийн түлш, хүнсний
зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гаргасан.
Хөтөлбөрийн гол зорилт нь  авто бензин, дизелийн түлш, хүнсний бараа,
нийтийн тээврийн үнийн огцом өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлах,
хүн амын худалдан авах чадварыг үнийн өсөлтөөс хамгаалах, өргөн
хэрэглээний зарим бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн зохистой харьцааг
хангах нөхцөлийг бүрдүүлж ажиллахад оршиж байгаа. Хөтөлбөрийг
хэрэгжүүлэх тодорхой зөвлөл ажиллах юм. Зөвлөлийг Сангийн сайд ахалж,
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
сайд нар орлогчоор нь ажиллана. Зөвлөл арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй.
Ингэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр тогтворжуулна гэж үзэж
байна. Бензин, дизелийн түлшний үнэ 180 төгрөгөөр өссөн. Үүнийг 20
төгрөгөөр буулгаж 160 төгрөгийн өсөлттэй байна. Үүнийг яах вэ гэдгийг
нефть импортлогч байгууллагуудтай ярилцаж багасгах ёстой гэсэн чиглэлээр
ажиллаж байна.

Цагаан сар дөхөж байна. Махны нөөцийн хувьд
хангалттай байгаа. Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад
махны нөөцөд дүгнэлт хийсэн. Нөөцийн махыг худалдаалж байгаа. Ард иргэд
махны үнэ цаашдаа буурна гэсэн ойлголттой байх нь зүйтэй болов уу гэсэн
бодолтой байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж