“МАХН” гэдэг нэр МАН-ын оюуны өмч үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

“МАХН” гэдэг нэр МАН-ын оюуны өмч үү?

МАХН-ыг шинээр зохион байгуулагчид Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх өргөдлөө өгөхөөс өмнө МАН-ын удирдлагууд Улсын бүртгэлийн газарт МАХН гэсэн товчлолтой 70 гаруй нэрийг бүртгүүлсэн. Харин одоо тэд Оюуны өмчийн газарт “Монгол Ардын Хувьсгалт Нам” буюу “МАХН” гэсэн нэрийг бүртгүүлэхээр хөөцөлдөж буй аж.

Улсын дээд шүүх МАХН-ыг албан ёсоор бүртгэх хугацаа дуустал дахиад 10 шахам хоног үлдээд байгаа юм байна. Ажлын өдрөөр тооцож 30 хоногийг тоолбол энэ сарын 20-нд хуулийн хугацаа дуусах гэнэ. Үүнээс өмнө амжиж МАН-ын удирдлага МАХН гэдэг нэрийг Оюуны өмчийн газарт бүртгүүлэхээр хөдөлж эхэлжээ. Гэвч Оюуны өмчийн газраас “МАХН гэдэг нэр хэн нэг хүний оюуны бүтээл биш тул намын нэрийг Оюуны өмчийн газар бүртгэх ёсгүй” гэсэн тайлбарыг хийсэн юм байна. Хуульчид ч намын нэр бол оюуны бүтээл биш, оноосон нэр гэсэн тайлбарыг өгч байгаа.

Намын нэрийн асуудлаар МАХН-ынхан оны өмнө Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Улс төрийн намуудын тухай хуулийн “Намын нэр” гэсэн бүлэгт  өөрчлөгдсөн, татан буугдсан намын нэрийг тодорхой хугацаагаар дахин хэрэглэхгүй гэсэн заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан ч уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон байдаг. Энэ тухай Цэцийн 2005 оны нэгдүгээр сарын 14-ний 01 тоот тогтоол гарчээ. Гэтэл МАН-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур  Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд тэр хассан заалтыг  хүчинтэй мэтээр хэрэглэсэн. Ийм зөрчилтэй асуудал үүссэн тул энэ асуудлаар МАХН-ынхан Цэцэд дахин хандсан. Хэдийгээр Цэцээс тодорхой хариу өгөөгүй байгаа ч хуулийн шинэ заалтыг үндэслэн МАХН-ынхан намаа Дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа өгөөд байгаа билээ.

Ямар боловч Ардын намынхан “МАХН” гэдэг нэрийг МАН-ын өмчлөлд авч үлдэх гэж Улсын Бүртгэлийн газраас авахуулаад Оюуны өмчийн газар хүртэл явж байна. Онц их хурлаа хийж өргөдлөө Дээд шүүхэд өгсөн МАХН-ынхан ч мөн энэ нэрийг өөрийн болгохоор хариу нүүдлээ  хийж байна. Хоёр намын талцаан хайнцах уу, хагарах уу гэдгийг 10 орчим хоногийн дараа харах үлдлээ.

                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж