Унгараас авторитаризмыг шахаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.24-нд нийтлэгдсэн

Унгараас авторитаризмыг шахаж байна

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Шинэ Үндсэн хуулийнхаа зарим заалтуудыг Европын холбооны шахалтаар өөрчлөхөөр болсон тухайгаа Унгарын Засгийн газар мэдэгдлээ. Эрх баригч, консерватив намын санал болгосон Үндсэн хуулиар төв банкны бие даасан байдалд хяналт тавьж, зарим хуулийн системийг  хязгаарлах боломжийг ерөнхийлөгчид олгосон нь Европын холбооны уурыг хүргэжээ.

Европын комисс Үндсэн хуулийнхаа гурван заалтыг өөрчлөнө гэсэн амлалтыг Унгарын Засгийн газраас авсан байна. Тэдгээрт, Төв банкийг санхүүгийн хяналтын албатай нийлүүлэн ерөнхийлөгчийн хяналтад өгөх, мөн хувийн мэдээллийг хамгаалах агентлаг нь төрийн тэргүүний мэдэлд байх гэсэн заалтууд багтаж байгаа юм. Шүүгчдийн тэтгэвэртээ суух насыг 70-аас 62 болгон бууруулсан нь Орбаны талынхан шүүх засаглалд гарч ирэх вий гэсэн болгоомжлолыг хүний эрхийн төлөө тэмцэгчдэд төрүүлсэн бол энэ хуулийн заалт  Брюссельд огт таалагдаагүй юм.

Хэвлэл мэдээллийн эрхийг хязгаарласан хууль болон Шинэ Үндсэн хуулийн заалтуудыг  харахад Унгарын эрх баригчид авторитаризмыг хүсч байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Гэхдээ эдийн засгийн хямралд орчихоод байгаа Будапешт гадны хүчирхэг эсэргүүцэл, шахалтын  өмнө  толгой дохихоос өөр аргагүй байдалд орчихоод байна.

“Хэдэн хууль өөрчлөгдөх нь байдаг л асуудал. Гэхдээ хуулийг Засгийн газар биш парламент баталдаг. Бид зохих саналаа өгнө” хэмээн Унгарын “Kossuth” радиод ноён Орбан ярьсан байна. Энэ үеэр Обран хуулийн заалттай холбоотой асуудлаар зөвшилцөл хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

 “Эх орныхоо төлөө, иргэдийнхээ эрх ашгийн төлөө Унгарын ард түмний төлөө  би зөвшилцөлд орж байна” гэж тэр мэдэгджээ. Нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон шинэ Үндсэн хуулийнхаа гурван заалтыг бүрэн өөрчилнө хэмээн тэр амлав. “Үүнийг хийхэд амархан, энгийн бөгөөд хурдан” гэж тэр ярьсан байна. Орбан, Баррозу хоёр энэ долоо хоногт уулзан ярилцах ажээ.

Өнгөрсөн мягмар гаригт холбооны хэлэлцээрийг зөрчсөн учраас Люсембургийн шударга ёсны шүүхэд хандана гэдгээ  мөн үйл явдалд Унгарын оролцох эрхийг хасах болно гэж Брюссель заналхийсэн байна. Будапештад албан ёсны гурван захидал илгээн Унгарын Засгийн газарт хариу өгөх нэг сарын боломж олгож байгаагаа Еврокомисс мэдэгдсэн юм. Хэрэв Унгар албан ёсны хариулт өгөхгүй бол Еврокомисс хоёр сарын дотор Европын холбооны зөвлөлд хандах бөгөөд асуудлыг шийдтэл дор хаяж хоёр жилийг зарцуулна. “Бид ЕХ-ны бүх орнуудад хууль зүйн орчинг тогтворжуулахыг  хүсч байна” гэж Баррозу тайлбарлажээ.

Шүүгчдийн насны дээд төвшинг бууруулах нь Засагт үнэнчээр хандаж чаддаггүй хүмүүсийг тэтгэвэрт үдэх гэсэн хэрэг биш юм. Асуудлыг хүндрүүлэх хэрэггүй   хэмээн Засгийн газрын төлөөлөгч Андраш Гиро-Сас мэдэгдсэн байлаа. Орбан пүрэв гаригт Польшид очихдоо ерөнхий сайд Дональд Тускийн намын дэмжлэгийг авчээ.

Ференц Дюрчанийн социалистууд Засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн давалгаанаар 2010 оны тавдугаар сард Засгийн эрхэнд гарч, Орбан өөрсдийн мэдлийг бэхжүүлэхийн төлөө бүхий л  арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсэн. Өмнөх ерөнхий сайд нь сонгуулийн өмнө худал ярьснаа хүлээн зөвшөөрсөн нь багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард шинэ Үндсэн хууль батлагдан ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлжээ.  Уг  хуульд гэрлэлт бол эр эмийн холбоо бөгөөд хүнийн амьдрал нь үр хөврөл тогтсон цагаасаа эхлэн хамгаалалтад байна гэмээн заажээ. Түүнчлэн ноён Орбан Унгар улс гэсэн нэрийг Унгар хэмээн өөрчилсөн аж.

Энэ шинэчлэлийг эсэргүүцэгсэд Үндсэн хуулийг хүчин төгөлдөр болохоос  өмнө жагсаал хийн “Орбан нь улс төрийн амьдралын тэнцвэр, зохицлыг эвдлээ” хэмээн шүүмжилсэн юм.  Өөрөөр хэлбэл Обраны энэ үйлдэл ардчилалд хязгаарлалт хийсэн хэрэг. Унгарчууд  Путины Орост байгаа биш. Харамсалтай нь Обран дарангуйлал нэг хэлбэр болох авторитаризм руу хөтөлж байна” хэмээн Америкийн NPR радио станцад радиогийн хөтлөгч Дьёрдь Болгар гомдоллосон байв.

Орбаны Еврокомисстай хийсэн сөргөлдөөн Унгарт Европын эсрэг санаа бодол үүсгэв. Бямба гаригт парламентын гурав дахь том жигүүр болох Йоббик намын 2000 үндсэрхэг үзэлтнүүд жагсан ЕХ-ноос улс орноо гар гэж шаардав. Ням гаригт ерөнхий сайдыг дэмжин 100 мянган хүн Будапештад жагсав. Харин сөрөг хүчинд энэ сөргөлдөөн таатай байх шиг болов. “Еврокомисс хуулийн хэлээр ярьж байна. Европарламент улс төрийн хэлээр ярьж байна. Харин Орбан зөвхөн хүчний хэлийг л ойлгодог” гэж тэд мэдэгджээ.

Хэрэв Европын холбооны Орбантай хийх хэлэлцээр бүтэлгүйтвэл Унгарын хүсч байгаа зээлийн асуудал  бүтэлгүйтнэ. Унгарын Засгийн газрыг буулгаж авах том хэрэгсэл ЕХ-нд байгаа. ОУВС өөрийн ээлжинд төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Унгарыг нэмүү өртөгийн татвараасаа татгалз хэмээн зөвлөж болох юм. Энэ жилд Унгар 2008 оны 20 тэрбум евроны зээлийн 2,5 тэрбумын үйлчилгээг хийх хэрэгтэй. Одоо Унгарын өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 82 хувьтай тэнцэж байна.

Валютын сан одоо Унгарыг эдийн засгаа идэвхжүүлэх шийдвэртэй арга хэмжээ аваагүй байна гэж үзэж байгаа. Унгар Зүүн Европын орнуудаас хамгийн их өртэй бөгөөд ОУВС-гаас зээл авахгүй гэсэн Орбаны зөрүүдлийн улмаас зээлжих зэрэглэл нь “хогийн” гэсэн үнэлгээг тус оронд өгсөн байгаа билээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж