С.Ганбаатар: Бойкот хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Бойкот хийнэ

Үнийн өсөлтийн эсрэг бүх нийтийн жагсаал зохион байгуулан 17 дахь өдрөө тэмцэж буй Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч н.Амгаланбаатар нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцсон билээ. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч С.Ганбаатараас дараах асуултад хариулт авсан юм.

-УИХ-ын даргатай биечлэн уулзлаа. Уулзалт хэр үр дүнтэй болсон гэж үзэж байна вэ?

-Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны шуурхай штабын бүрэлдэхүүн УИХ-ын дарга болоод Эдийн засгийн байнгын хорооны даргатай уулзлаа. 17 хоногийн дараа улстөрчид биднийг хүлээн авч, уулзаж байна. Бид тэмцэхийн төлөө тэмцэж байгаа биш, яриа хэлцэл зөвшилцөл, ойлголцлын төлөө тэмцэж байгаа. УИХ-ын дарга иргэдийн зовлон зүдгүүрийг маш сайн ойлгож, нарийн зүйлүүдийг ярилаа. Тухайлбал, валют болоод мөнгөний бодлого байна. Ам.долларын ханшийг бууруулж 1300 төгрөгөөс доош оруулах бодлого байна. Үр дүнд нь бензины үнийг бууруулж улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах шаардлагатай. Энэ том ажлыг хэрэгжүүлэхээр өнөөдрөөс хэлэлцээр эхлэх нь ойлгож болно.

-УИХ-ын даргын хувьд “Парламент бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Гол нь та бүхэн Засгийн газартай гурван талт хэлэлцээрийн ширээний ард суух ёстой” гэдэг санал тавьсан?

-Засгийн газар гурван талт хэлэлцээрийг эхлүүлье гэсэн. Тиймээс өнөөдрөөс эхлээд Төрийн ордныг бүслэн хаахаа түр хугацаагаар зогсоож хэлэлцээрт орж байна.

-Хэлэлцээрийн төвшинд хийхээр зорьж байгаа гол алхмууд юу вэ?

-Засгийн газар, УИХ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад байгууллагууд хамтарч валютын болон нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах гэсэн зарчмын гурван зорилт тавиад ажиллана. Монголын ард  түмэн, сэтгүүл зүйн салбарын ажилтнууд та бүхэн эдийн засгийн тэмцэлд эв нэгдэлтэйгээр оролцож байгаагийн үр дүнд тодорхой ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Үнийг ийм арга замаар буулгая гэсэн төлөвлөгөө байна уу?

-Бидэнд дөрвөн төрлийн төлөвлөгөө бий. Нэгдүгээрт, 200  сая ам.долларыг  интервенц хийж, валютын ханшийг  буулгахаас өөр ямар ч арга байхгүй. Монголбанк хангалттай интервенц хийхгүй байна. Дунджаар ингэж интервенц хийхэд дөрвөөс таван тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Гэхдээ Монголын ард түмэнд учрах 500 тэрбум төгрөгийн үнийн хөөрөгдлийн золиосыг ийм аргаар нимгэлэх юм. Хоёрдугаарт, Засгийн газартай ярьж,  нефть импортлогч компаниудын бензин, шатахууны үнийг нэгдүгээр сарын 6-ны өдрийн ханшнаас ч буулгах алхмыг хийнэ.

Гуравдугаарт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж болохгүй бол үнийн бойкот хийх гурвалсан арга хэмжээ авна.

Дөрөвдүгээрт, нефтийн үйлдвэрийг яаралтай бариулахыг шаардаж ажлыг нь эхлүүлтэл тэмцэнэ. Зөвхөн шав тавиад зогсохгүй, хундаамаа цутгаад өнөөдөр барилгын ажлаа эхлүүлээч ээ. Техник, технологийг нь мөн оруулж ирээчээ. Хоёрдугаарт, нефтийн болон өргөн хэрэглээний барааны нөөцийн бодлого байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд орлогогүй, мөнгөгүй байгаа учраас гадаадын ханиадад зүдрээд байгаа юм шүү дээ.

-Нефтийн бүтээгдэхүүний үнийг хүчээр буулгана гэдэгтэй зарим хүн санал нийлэхгүй байгаа. Зах зээлийнхээ хуулиар л зохицуулагдах ёстой гэж үзэх хэсэг бий?

-Зах зээлийн  бус замаар импортлогчид өөрсдөө бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдсөн. Бид зах зээлийн бус замаар бууруул гээгүй. Зах зээлийнхээ замаар л бууруул  гэж шаардаж байна. Зах зээлийн зам нь өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нефтийн бүтээгдэхүүн, валютын үнэ нь нийгмийн асуудал. Нийгэмд тулгамдсан эдийн засгийн томоохон асуудлуудыг эдийн засгийн сонирхолын бүлгүүд хоорондоо ярьж шийддэг. Энэ нь хөдөлмөрчин анги буюу хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид орно, дээр нь Засгийн газар оролцон хоорондоо зөвшилцөж шийддэг. Энэ нь өөрөө зах зээлийн арга байгаа юм. Үнийг зах зээлийн аргаар бууруулах боломжтой.

-Нааштай үр дүн гарахгүй бол яах вэ?

-Хэрвээ нааштай үр дүн гарахгүй тохиолдолд би ганцаараа шийдэхгүй, Монголын Үйдвэрчний эвлэлүүдийн холбоо хамтын шийдэл гаргадаг. Тэгэхээр гишүүн байгууллагуудтайгаа ярьж “Бүх нийтээрээ ажил хаялт зарлах уу, эсвэл нефть импортлогч компаниудын эсрэг бойкот  хийх үү, эсвэл дараагийн ямар арга хэмжээ юу байж болох вэ гэдэг төлөвлөгөө бидэнд бий боловч тэр бүгдийг дэлгэж ярих хэрэггүй. Гол нь энэ бүхэнд хүрэлгүйгээр түмний минь амьдрал сайхан болоосой гэдэг хүсэл л байгаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж