Нийгмийн халамжийг ялгавартайгаар олгоно

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийг ялгавартайгаар олгоно

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк хамтран Монгол Улсын нийгмийн халамжийн хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд хууль батлагдсантай  холбогдуулан өнөөдөр “Puma Imperial” зочид буудлын хурлын зааланд уулзалт хийлээ. Уулзалтын зорилго нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарах, ард иргэдэд ойлгуулж таниулах, бусад хууль дүрэмтэй уялдуулах асуудалд чиглэсэн юм. Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэгдэн баталснаар Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр туршиж байсан хүнс тэжээл, эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрүүд албан ёсоор хэрэгжих боломж, үүд хаалга нь нээгдсэн гэнэ. Түүнчлэн өрхийн амьжиргааны төвшний талаарх мэдээллийн санг бүрдүүлснээр зорилтот бүлгийн нийгмийн халамжийг илүү анхаарах, мөн эрчим хүч, түлш, татвар хураамжийн хөнгөлөлт үзүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг үйл хэрэгт ач холбогдлоо өгнө гэж үзэж байгаа ажээ.

“Монголд нийгмийн халамжийн хууль шинэчлэгдэн анхаарал, дэмжлэг илүү хэрэгтэй байгаа хэсгээ анхааралдаа авах үйл хэрэг эхлэх боллоо. Хуулийн төсөл дээр Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк дэмжих, зөвлөх шатнаас хамтран ажиллаж байгаад таатай байна. Хуулийн хүрээнд халамж хэрэгтэй гээд тодорхойлоод байгаа хэсгийг илрүүлэхдээ аливаа гадны судалгаанаас үлддэг тал байдаг учир дан ганц судалгаа шүүлт бус, өөрсдийн хүслийг харгалзан үзэх нь ач холбогдолтой гэдгийг ер нь баримталж байна” хэмээн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс уулзалтын үеэр хэлсэн юм.

Нийгмийн халамжийн тухай хуулийг шинэчлэгдсэн баталснаар дараах өөрчлөлтүүд орсон тухай мэдээлж байна. Үүнд:

    – Тодорхой орон гэргүй иргэд, хөдөө, орон нутгаас шилжин ирсэн ядуу өрх, асрамжаас гарсан өнчин хүүхэд, хорт зуршил болох согтууралт болон мансууралтаас хөндийрч чадахгүй байгаа иргэд зэрэг халамж анхаарал зайлшгүй хэрэгтэй хэсгийг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан нийгэмшүүлж, зөв замд нь оруулах

    – Байнгын асаргаа шаардлагатай, 16 хүртэлх насны  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд улиралд нэг удаа олгож байсан тусламжийг сар бүр олгон, тусламжийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх, тэдэнд өдөр тутмын амьдралд нь хэрэгтэй эмчилгээний болон ахуйн багаж хэрэгслийн тал дээр хөнгөлөлт үзүүлэх. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асаргаа сувилгаанд хамруулахдаа эмнэлгийн зардлаас хөнгөлөх

    – Монгол Улсын Төрийн шагналт, Төрийн соёрхолт, улсын “ударник”  хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд жилд нэг удаа 100 мянган төгрөгийн тусламж олгодог байсныг одоо сар бүр олгодог болох 

   – Бүтэн өнчин, өрх толгойлсон, эх /эцэг/ зэрэг ойлголтыг тодорхой болгох, тэдэнд чиглэсэн нийгмийн халамж, асаргааны үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан хүргэх болсон зэрэг өөрчлөлтүүд оржээ.

Шинэчлэгдсэн хуулийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигаас тодрууллаа.

-Нийгмийн зорилтот хэсэг буюу тусламж хэрэгтэй хүмүүсийг хэрхэн тодорхойлсны үндсэн дээр халамж олгох вэ?

-Энэ бол эдийн засгийн тодорхой аргачлалын асуудал, хүн болгоныг ядуу гэж хэлэхэд хэцүү. Ажил хийхгүй мөртлөө ядуу гэдэг хүн ч бий. Тэр хүн бол тодорхой хэмжээгээр ажил эрхлэх капитал өөрт нь байгаа юм. Тиймээс нийгмээс гадуурхагдсан, халамж хэрэгтэй  хүмүүсийг тодохойлох буюу орлогын хэмжээг тооцоолохдоо Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын статистикийн үндэсний хорооноос гаргасан судалгаан дээр үндэслэн тогтоох юм.

-Шинээр батлагдсан хуулийн зорилго цар хүрээг тодорхойлбол?

-1995 онд Нийгмийн халамжийн тухай хуулийг батлахдаа ядуу, орлого багатай хэсгийг тусгайлан дэмжсэн эрх зүйн зохицуулалт байгаагүй бөгөөд боловсрол, нийгмийн хамгааллын салбарт ядмагхан оролцоотой байсан юм. Улс төрийн амлалтаас үүдсэн халамжийг хавтгайруулахгүй тулд нийгмийн зохих хэсэгт хэрэгтэй халамжийг хүргэх зайлшгүй шаардлагатай байсан юм. Харин шинэчилсэн хуулийн дагуу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмээс гадуурхагдаж, тусгаарлагдсан хүмүүст зориулсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явна. Халамжийн бодлогыг хэрэгжүүлэхэд дагаж гарах журам, эрх зүйн актууд, төсөл хөтөлбөрүүдийг хийж, нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх хэрэгцээ гарлаа. Тиймээс их ажил хүлээж байна. Үр дүн биднээс шалтгаална. Бид том шинэчлэлтийг эхлүүллээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж