-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарлаа. Та өнгөрсөн баасан гарагт болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Манай намын сайд нарыг гаргахгүй байх чинь яасан юм” хэмээн Ардын намынхны амыг асууж байсан. Яагаад тэгсэн юм бэ?
-УИХ олонхиороо шийдвэр гаргадаг. Саяхан л “Ардчилсан намын сайд нарыг Засгийн газраас гаргамааргүй байна. Та нарыг явуулмааргүй байна. Гарах гэж байгаа чинь буруу” гээд байсан шүү дээ. Тийм л юм бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд эсрэг санал өгч болно шүү дээ. Гэтэл эсрэг санал өгөөгүй л байхгүй юу. Зарим улстөрчийг хүмүүс “Яриа, үйлдэл хоёр нь зөрдөг” гэж дүгнэдэг. Тийм л юм болж байна даа. Тэгээд би чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Та нар хэлсэндээ бай. Эсрэг кноп дар л даа” гээд хорыг нь малтаад сууж байлаа. Ардын намынхан тэгэхгүй л байгаа байхгүй юу. Үнэхээр л манай сайд нарыг хамтарсан гэх Засгийн газраас гаргахгүй гэж бодож байсан юм бол санал хураалтын үеэр эсрэг санал өгөөд олонхиороо шийдвэрээ гаргаж болно шүү дээ. Хэрвээ тэгсэн бол Ардчилсан нам Засгийн газраас гарч чадахгүй байсан.
-Таныхаар Ардчилсан нам, Ардын намынхан хамтраад хэр их зүйл хийсэн бол?
-Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газар байгуулъя гээд л орсон. Үнэн хэрэгтээ хамтраагүй.
-Тэгээд яасан гэж?
-Биднийг Засгийн газрын хаяа, хатавчинд суулгаж, ашиглахыг оролдсон. Үнэхээр л хамтаръя гэж бодож байсан бол хоёр, хоёр жилээр ээлжилж Засгийн газрыг тэргүүлэх ёстой байсан. Ардчилсан нам, Ардын намын гишүүдийг Засгийн газарт тэнцүү оруулж болох байсан. Бас Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нарыг хоёр намаас тэнцүү хуваарилж оруулах ёстой байлаа.
-50:50 хувь гэдэг зарчмаар уу?
-Тийм. Дөрвөн жил ийм зарчмаар ажиллаад үүрэг, хариуцлагаа ч тавь, тавин хувьтай хүлээх хэрэгтэй байсан. Гэтэл Ардчилсан намыг хатавчинд суулгасан. Засгийн газарт хэдхэн сайдын суудал өгсөн. Өөрсдөө хамаг юмыг хийгээд өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлсэн. Ер нь биднийг ашигласан даа.
-Яаж?
-Долоодугаар сарын 1-ний хэргийг мартуулах, Оюутолгой, Тавантолгойн гэрээг өөрсдөдөө ашигтайгаар хийх, бүтээгдэхүүнийг нь хямд үнээр борлуулаад сонгуулийн амлалт болох 1.5 сая төгрөгийн эх үүсвэрийг олох зорилгоор манай намыг Засгийн газарт гуйж оруулсан. Цаад санаа нь энэ л байсан.
-Ийм санаатай байсныг нь сая л мэдсэн хэрэг үү?
-Манайхан үүнийг нь мэдсэн. Засгийн газарт орсон. Бидэнд улс төрийн хортой “алим” идүүлэх гэсэн байхгүй юу. Манайхан үүнийг нь хазсан, идсэн. Хор нь нэг газраа цугларчихсан байсан. Яг тэр хортой хэсэгт нь очингуутаа “алим”-ыг нь идээгүй.
-Тэр хортой хэсэг нь юу байсан гэж?
-УИХ-ын 2012 оны сонгуульд биднийг дагуулж орох гэж байсан. “Үүрэг, хариуцлагаа хамт хүлээнэ. Ардчилсан намынхныг шаварт хутгана” гэж бодож байсан хэрэг. Харин одоо Ардчилсан нам Засгийн газраас гараад явчихаар бахардацгааж байна. Хортой “алим”-ыг нь идээгүй болохоор балраад сууж байгаа байхгүй юу. Төлөвлөгөө нь биелээгүй хэрэг. Ардчилсан нам энэ чигээрээ сонгуульд оролцсон бол хамтарсан Засгийн газар гэдэг нэрийн дор хариуцлага хүлээлгэнэ гээд бөөн юм болох байсан. Гэхдээ манай нам УИХ-ын 2012 оны сонгууль болохоос зургаан сарын өмнө Засгийн газраас гарчихлаа. Хамтарсан хэвээрээ байсан бол Ардын намынхны хоронд хордоод сонгуульд орох байлаа. Гэхдээ хортой “алим”-ыг нь бүрэн идэлгүй Засгийн газраас гарч чадлаа.
-УИХ дахь Ардын намын бүлгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Ардчилсан нам хариуцлагаас зугтлаа” гэсэн шүүмжлэлийг хэлэх шиг боллоо?
-Ардын намынхны нэг муухай зан бий.
-Ямар?
-Улстөрждөг. Эд чинь намаараа нийлж муухай хавчдаг байхгүй юу. Өнгөрсөн хугацаанд манай намын сайд нараар ажил хийлгэхгүй байх бодлого баримталсан. Өөрсдөө л юм хийх санаатай. Хамтарсан гэсэн хэрнээ өрсөлдөж байлаа шүү дээ. Тиймээс манай намын сайд нарын хийх гэж байсан зүйлийг нэлээд гацаасан байх.
-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга “Биднээр юу ч хийлгээгүй. Санхүүжилт өгөөгүй” гэж байгаа?
-Х.Баттулгаар юм хийлгээгүй. Түүнд саад тотгор болсон. Угаасаа тэгдэг юм.
-Танд ийм зүйл тохиолдож байв уу?
-Байсан. Намайг 2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байхад манай тойрогт мөнгө огт өгдөггүй байлаа шүү дээ. Аль эсвэл өгөх мөнгөнөөсөө хасна. Хөвсгөл аймгийн Засаг дарга Ардын намынх. Сонгуулийн үеэр Ардчилсан нам ялсан сумыг гадуурхаж хөрөнгө оруулалтыг нь хасдаг юм. Юмыг нь дутуу өгдөг, хоцроодог. Үнэхээр зовоодог байхгүй юу.
-Тийм үү?
-Тийм “Та нар яах гэж Ардчилсан намыг сонгосон юм” гэж нэг хашраана. “Ардчилсан намын Засаг даргатай. Л.Гүндалайг сонгох хэрэггүй байсан юм. Орон нутагтаа Ардчилсан намынхныг сонгосон” гэж нэг хашраадаг. Ардын нам ийм л зүйл хийдэг нам шүү дээ.
-Хэрвээ Ардчилсан нам цөөнхийн үүргээ гүйцэтгээд явсан бол байдал ямар байх байсан бол?
-Энэ хэвээрээ л байх байсан. Ойлгомжтой шүү дээ. Сайн зүйлийг нь дэмжих ёстой. Тэгэхгүй бол ард түмэн харааж зүхнэ. Хяналт тавина уу гэхээс саад тотгор болж болдоггүй. Ард түмэн харж байгаа шүү дээ. Хэрвээ зөв зүйлийг үгүйсгэвэл “Дараа нь энэ намыг сонгохгүй” гэнэ. Ер нь бол хамтарлаа гээд сайжирчихдаг юм биш. Хамтарсан, хамтраагүй зөв бодлогыг л дэмжих ёстой. Бид Монгол Улсын төлөө УИХ-д сууж байгаа юм. Гэтэл “Энэ намынхнаар ажил хийлгэхгүй” гээд байж болохгүй. Монгол Улсыг нураах гээд сууж байгаа биш шүү дээ, бид.
-Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулснаар хожсон, зөв шийдвэр гаргасан зүйл байна уу?
-Зөв юм байгаа л байх. Буруу нь ч байна. Би бол улстөрч. Тиймээс Гүндалай үг хэлбэл улс төрийн өнцгөөс дүгнэсэн юм шиг харагдах байх.
-Иргэдийн өмнөөс дүгнэвэл?
-Би аливаа зүйлийг иргэдийн нүдээр харахыг хичээдэг. Ард түмний амьдралаас бүх зүйлийг харж болохоор байгаа шүү дээ. Амьдралынх нь ачаа багасч уу, үгүй юү гэдгээр л үүнийг шийднэ. Төрийн бодлогын үр дүн ард түмний амьдралаар хэмжигдэнэ. Ард түмний амьдрал сайжирсан бол төр сайн ажилласан гэсэн үг. “Сайн, сайхан зүйл хийсэн. Даанч иргэдийн амьдрал сайжрахгүй байна” гээд байж болохгүй л дээ.
-Чуулганы танхимд “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 91 хувьтай байна” хэмээн мэдээлж байх үед иргэд Төрийн ордны гадаа жагсаж байсан. Энэ нь төр муу ажилласныг харуулсан юм биш үү?
-Тийм шүү дээ. Энэ улстөрчид “Гоё болсон” гээд байна. Үнэн хэрэгтээ гоё болоогүй. Амьдрал үнэхээр хэцүү байгаа. Өнөөдөр “100 мянган хүний амьдрал хэцүү байна” гээд ярьж байсан бол нэг өөр. Гэтэл бүхэл бүтэн нэг сая хүний амьдрал хэцүү байна. Сая хүн гэдэг чинь Монгол Улсын иргэдийн 30 гаруй хувь нь. Ийм байхад “Амьдрал сайхан байна” гэж ярьж болохгүй байх. Би ингэж л бодох юм.
-Таны хувьд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэдэн хувьтай биелсэн гэж бодож байгаа вэ. Нэг нь “91 хувьтай биелсэн” гээд нөгөөх нь “30 хувьтай байна” гэх юм?
-Мэдэхгүй. Би бол мөрийн хөтөлбөрийн биелэлт 20 хувьтай байна л гэж бодож байна.
-Тийм байдаг байж. Ардчилсан нам Засгийн газраас гарчихлаа. Ардын намынхан Засгийн газарт орон гарсан сайд нарын оронд томилох хүмүүсээ хэдийнэ сонгосон. Та хэн ч байсан дэмжих үү?
-Манай намын дарга хэлсэн. “Засгийн газарт хийгээд байх ажил үлдээгүй” гэж. Төсвөө баталчихсан. Үлдсэн зургаан сарын хугацаанд үүнийхээ хүрээнд л ажлаа хийнэ. Хэн ч очсон ялгаагүй. Гэхдээ зургаан сар үлдлээ гээд сайдгүй байлтай биш. Ер нь хэн ч сайд болсон надад хамаа байхгүй ээ.
-Ерөнхийлөгч сайдад нэрийг нь дэвшүүлсэн Ардын намын гишүүдийг шүүмжилсэн шүү дээ?
-Яах вэ. Явдаг юм явдгаараа л явна. Ардчилсан намынхан нэг бол сайд нарыг нь томилоод явуулна. Эсвэл Ерөнхийлөгчийн хэлж байгаа зүйлийг ярьж магадгүй.
-Танай намын олон гишүүн “Сайд нарыг УИХ-ын гишүүдээс сонгохгүй. Дэд сайдгүй байя” гэдгийг дэмжиж байгаа?
-Тийм. Би ч гэсэн дэмжиж байгаа. Гэхдээ УИХ-аас сайд нарыг томилох нь тийм ч буруу зүйл биш.
-Яагаад?
-УИХ-д хамгийн сайн гэсэн, ард түмний итгэлийг хүлээсэн хүмүүс сууж байгаа. Тиймээс Засгийн газрын гишүүдийн тал нь УИХ-аас байж болно шүү дээ. Сайд нарынхаа тоог цөөлж болно. Хамтарсан Засгийн газар гээд өчнөөн сайдын орон тоо бий болгосон. Хоёр дэд сайдтай яам ч байгаа. Зарим яамыг нэгтгэж ч болно.
-Тэгвэл асуудал юунд байна?
-Асуудал УИХ-ын гишүүд сайд болоод байгаад биш. Эрх барьж байгаа намууд зөв зүйтэй бодлого оруулж ирэх ёстой. Тэр нь ард түмний амьдралыг сайжруулах учиртай. УИХ-ын гишүүд сайд болчихоод “Би гишүүн” гээд нуруугаа үүрээд ажил хийхгүй яваад байгаа юм биш. Манай намын сайд нар бүгд л УИХ-ын гишүүн байсан. Нуруугаа үүрээд яваад байсан зүйл байхгүй. Манайхан худлаа л буруутан хайдаг. “Тэр тийм. Энэ ийм” гэдэг. Гэвч энэ сайд нарт хийж байгаа зүйл юу байгаа юм. Ард түмний амьдралыг яаж сайжруулсан юм. Салбар, салбартаа ямар шинэчлэл хийсэн юм. Боломж ч байгаагүй. Дөнгөж 1-2 жилийн өмнөөс Монгол Улсын төсөвт олон оронтой тоотой болсон. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулбал овоо хэдэн зүйл хийсэн юм. Үүнийгээ баахан ажил хийсэн юм шиг яриад байгаа. Өмнөх сайд нар нь юм хийдэггүй байсан юм уу. Мөнгө л байдаггүй байсан юм. Энэ жил хөрөнгө оруулалт гээд улсын төсвөөс 630 тэрбум төгрөг хуваарилсан. Намайг байхад 50 тэрбум төгрөг байсан шүү дээ. Гэтэл одоо үүнээс 10 дахин их мөнгө хуваарилсан. Тиймээс 10 дахин их ажил хийх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин