
-Та өнгөрсөн жил Германы “Бундеслиг”-ийн “Лукканвальде” клубт харьяалагдаж байсан. Энэ жил барилдахгүй байгаа юм уу, эсвэл танай баг плей-оффт шалгараагүй юм уу?
-Би “Аален” гэж өөр клубтэй гэрээ байгуулаад барилдаж байгаа. Манай клуб “Бундеслиг”-ийн 1/4 шигшээгээс хасагдсан тул би танай оронд хүрэлцэн ирээд байна.
-Та чөлөөт бөхийн спортоор хэдэн оноос хичээллэсэн юм бэ. 1996, 1997 оноос гэхчилэн зөрүүтэй мэдээлэл байгаа тул ингэж асуулаа?
-За байз (Бодолхийлэв). Атлантын олимп болдог чинь 1996 он биз дээ. Тэр жилийн арванхоёрдугаар сараас чөлөөт бөхөөр хичээллэсэн.
-Би андуураагүй бол та “Левски Софи”-д харьяалагддаг байх аа?
-Тийм ээ. Софид цэргийн алба хаахдаа “Левски” (Манайхаар “Алдар” нийгэмлэг)-гийн тамирчин болсон.
-Та өөрийн дасгалжуулагч дэлхийн нэг, Европын гурван удаагийн аварга Симеон Щеревийн тухай ярихгүй юу?
-Би энэ хүнтэй 2004 оны Афины олимпийн эрхийн төлөөх тэмцээний өмнө танилцсан юм. 19 настай байхдаа Софид болсон тэр тэмцээнээс олимпийн эрхээ авсан. Гуравдугаар байрын төлөө ОХУ-ын Александр Контоевтой барилдаж, 3:0-ээр ялж байгаад ялагдсан юмдаг. Тэгэхэд Симеон Щерев над дээр анх ирж, барилдааны арга техник зааж өгсөн. Би түүнээс өмнө Щеревийг зааланд харж байгаагүй.
-Түүнээс хойш хамтарч ажилласан уу?
-Тийм ээ. Тэгэхэд надад утасны дугаараа өгч, би өдөр болгон залгадаг болсон. Щерев ажил ихтэй байсан тул эхэндээ надад хангалттай зав гаргаж чаддаггүй байсан. Бидний бэлтгэл шөнийн 22:00 цагт эхэлдэг байв. Заримдаа эрт тарвал 20:00 цагаас бэлтгэл хийдэг байлаа. Би өглөө нь өөрөө бэлтгэлээ хийчихээд орой нь дасгалжуулагчаа хүлээнэ. Щерев 2004 онд Болгарын шигшээ багийн дасгалжуулагч болсноосоо хойш бид салахгүй хамт яваа. Дараа жилийнх нь ЕАШТ-ээс би медаль авсан. Одоо надад бүх тэмцээний медаль байгаа.
-Болгарын эмэгтэй шилдэг бөх Станка Златева ч бас Щеревийн шавь биз дээ?
-Тийм ээ. Златева 2005 онд “Би та нартай бэлтгэл хийж болох уу” гэж асуухад нь “Тэг ээ” гэсэн. Түүнээс хойш Станкаг ямар амжилт гаргасныг та бүхэн мэднэ биз дээ (“Бээжин-2008” зуны олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий таван алт, нэг хүрэл, ЕАШТ-ий таван алт, хоёр хүрэл медальтай)
-Та сая “Афины олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд барилдахдаа 19 настай байсан” гэлээ. Үүнийг бодохоор 1985 онд төрсөн юм шиг. Харин зарим эх сурвалж 1983 онд төрсөн гэж бичсэн байна билээ?
-Тийм ээ, 1983 он нь зөв. Би сая буруу хэлсэн байна.
-Болгарын чөлөөт бөхийн хөгжил ямар түвшинд байгаа вэ. Танайхан 1990-ээд оны өмнө ДАШТ-д багийн дүнгээр ЗХУ-ын хамт эхний гурваас буудаггүй байсан. Харин одоо ингэх нь ховор болж?
-1990 оноос нийгэм өөрчлөгдөж, бөхчүүд амьдралын шаардлагаар спортоо орхисон. Ингээд л Болгарын чөлөөт бөх уналтад орсон. Тэр үеийг хүртэл манайхан үнэхээр сайн байсан. Спортод ахмадууд нь залуучууддаа зааж байж залгамж халаа нь бэлтгэгддэг. Харин бидэнд заах хүн байхгүй тул өндийх гэж их цаг алдсан. Ингээд л уналтад орсон. Гэхдээ чөлөөт бөх бол одоогоор Болгарын номер нэг спорт.
-Тийм үү. Европын олонх оронд хөлбөмбөг тэргүүлэх спорт нь байдаг болохоор гайхаж байна?
-Хөлбөмбөг хаа сайгүй тэргүүнд явдаг. Олон хүн үздэг, нэр хүндтэй спорт. Гэхдээ Болгарт амжилтыг хөлбөмбөгчид биш бөхчүүд авчирдаг. Даанч биднийг дэлхийн аварга болоод ирэхээр телевизээр түрүүлж гаргадаггүй. Хөлбөмбөгийн дараа л үзүүлдэг (инээв).
-Японы мэргэжлийн сүмод болгар бөх Котоошюү озэки цолтой барилдаж байна. Түүнийг эх оронд нь олон хүн мэддэг үү. Болгарчууд сүмог хэр үзэж байна?
-Яг монголчууд шиг их үздэггүй. Гэхдээ Котоошюүг хүмүүс мэддэг, тамирчид дундаа нэр хүндтэй.
-Котоошюү сүмод орохоосоо өмнө чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан. Та тэр үеийг нь мэдэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид нас чацуугаас гадна Велико-Тырново хотын спортын дунд сургуульд хамт суралцаж байсан. Энэ (Михайл Ганевыг хэлэв) бид хэд чинь бүгд хамт өссөн шүү дээ. Салшгүй найзууд.
-Эх оронд тань Котоошюү та хоёрын хэн нь илүү нэр хүндтэй вэ?
-Хүмүүс түүнийг илүү их сонирхдог байх.
-Болгарын өнөө үеийн хамгийн нэр хүндтэй тамирчин Димитар Бербатов мөн үү (Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клубийн довтлогч)?
-Тийм ээ. Наад нэрийг чинь хүн болгон мэддэг.
-Та “Mongolia Open”-д 60 кг-ын жинд барилдах гэж ирсэн үү. Эсвэл 55-даа орох гээд багтсангүй юу?
-Манай улсад арванхоёрдугаар сард олон баяр болдог. Би сая их идэж уусан тул жингээ барьж чадсангүй. Тиймээс жингээ хасалгүйгээр 60 кг-д барилдахаар шийдсэн юм.
-Та Монголын бөхчүүдээс гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатарыг сайн мэдэх байх. Түүнтэй хэдэн удаа таарч барилдаж байсан бэ?
-Тэмцээн дээр хоёр удаа барилдсан. Харин бэлтгэл дээр олон барилдсан.
-Ялалтын харьцаа хэд вэ?
-Би хоёр ялсан. Гэхдээ хэн нь ч ялж болох барилдаан болсон.
-“Mongolia Open-2012”-оос өмнө өөр монгол бөхтэй барилдаж байсан уу?
-Өнгөрсөн жил Красноярскт танай нэг залуу бөхтэй барилдсан юм байна.
-“Афин-2004” бол таны оролцсон анхны олимп. Танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-Буудуулсан туулай шиг л байсан (инээв). Залуу болоод ч тэр үү их сандарсан.
-Та БНХАУ-ын Ли Женгиуд ялагдаад хасагдаж байсан. Уг нь тэр тийм ч сайн тамирчин байгаагүй юм билээ?
-Туршлага дутсан. Би 0:5-аар ялагдаж байхдаа нөхөж, 6:5 болгосон. Дараа нь тэр намайг хоёр удаа хэвтүүлэхэд оноо алдах, үгүйн төлөө барилдаан хийж ялагдсан. -Таны хамгийн анхны бөгөөд томоохон амжилт бол Унгарын Будапештэд болсон 2005 оны ДАШТ-ий мөнгөн медаль. Тухайн үед Узбекистаны Дильшод Мансуровт дийлдэж байлаа. Түрүүлэх боломж байгаагүй юм уу?
-Тэр ДАШТ-д оролцох гэж бөөн юм болсон. Хөл шархалж, идээлээд эмнэлэгт хэвтэж байсан. ДАШТ эхлэхээс 10 хоногийн өмнө эмч нар идээг хагалаад онгойлгочихсон, дасгалжуулагч нар намайг Будапешт руу явуулахгүй гэж байсан. Харин би эмнэлгээс шархтайгаа гарч, сорилт барилдаанд ялж байж ДАШТ-д оролцох эрх олж авч байлаа.
-Бэлтгэл сайн хангагдаагүй байж ээ?
-Яг тийм. Тэгээд л түрүүлж чадалгүй мөнгөн медаль хүртсэн.
-Гуанжоуд болсон 2006 оны ДАШТ-ий шигшээ барилдаанд ОХУ-ын Бесик Кудуховыг ялсан нь таны амьдралын мартагдашгүй мөч мөн үү. Яагаад гэвэл та хүнд гэмтлийн дараа энэ ялалтыг байгуулсан шүү дээ?
-Мөрөндөө мэс засал хийлгэсэн тул эмч нар барилдахыг хориод байсан. Тухай үед “Өөрийнхөө төлөө бүхнээ зүрх сэтгэлээсээ зориулъя” гэж шийдсэн тул гэмтэл, мэс засал намайг зогсоож чадаагүй. Өмнөх жил нь авсан мөнгөн медалиа алт болгох гэж зүтгэсэн, үүндээ ч хүрч чадсан. Хичээж, зорьсон зүйлээ авч байж л миний санаа амардаг.
-Та эмч нарын үгэнд ордоггүй хүн байна шүү?
-(Инээв). Үгэнд орохгүйдээ биш, миний хүсэл гэж зүйл намайг эзэмдчихсэн байсан.
-Та 2008 оны Бээжингийн олимпод гол өрсөлдөгчийн хувиар оролцсон. Гэсэн ч АНУ-ын Хенри Сежадод эхлээд ялагдсанаар зөвхөн хүрэл медалийн төлөө барилдах болсон. Хэрвээ түрүүлэх хувьтай бөхтэй эхэлж таараагүй бол медалийн өнгө өөр байх боломж байсан уу?
-Би олимпийн өмнө Киевт болсон олон улсын тэмцээнд Сежадог 6:0, 4:0-ээр оноо алдалгүй ялсан. Харин олимпийн өмнөх 15 хоногийн бэлтгэл дээр өвдгөө бэртээсэн. Шөрмөснүүд нь хэсэгчлээд тасарсан. Тухайн үед хөлөө даахгүй байлаа. Ингээд олимп болтол олигтой бэлтгэл хийж чадаагүй. Эмнэлгийн дугуйг гараараа эргүүлэх мэтийн хөнгөн зүйл хийж байснаас биш дэвжээн дээр гараагүй, гүйнэ гэсэн ойлголт бүр байгаагүй. Бэлтгэл хийхгүй болохоор жин нэмэгдэх тул хоол хүртэл идээгүй.
-Сэтгэл санаа тун хүнд байсан нь ойлгомжтой?
-Сэтгэлээр маш их унасан.
-Гэхдээ та Сежадог ялах шахсан шүү дээ?
-Би эхний үед ялсан. Хоёрдугаар үед хөлд нь ороод гаргахын оронд өөр юм хийж зууралдаж байгаад оноо алдаж ялагдсан. Би шийдвэрлэх гуравдугаар үед ялж явсан ч бэлтгэл тасарсны гор гарч ялагдсан даа. Тэгэхэд үнэхээр миний бие хүрээгүй. Тэр америкт ялагдсаны дараа буудалдаа ирэхэд маш хүнд байлаа. Нутаг буцмаар санагдсан. Энэ үед дасгалжуулагч маань (Симеон Щерев) ирээд Сежадог ялж байгааг хэлж, надад хүрэл медалийн төлөө дагах барилдаан байгааг ойлгуулсан. Үүнээс хойш ялсаар байгаад хүрэл медаль хүртсэн.
-Шагналын тавцанд зогсч байхдаа медалиа голсон уу. Эсвэл хүнд нөхцөлөөс хүртсэн болохоор өөр бодолтой байв уу?
-Тамирчин бүр алтан медалийг хүсдэг. Би түүнийг авч чадаагүй ч тийм хүнд байдлаас хүрэл медаль хүртсэнээрээ өөрийгөө тайтгаруулж байсан. Харамсахаасаа илүү баярласан.
-Таны ярилцлагыг уншиж байхад “Авсан медаль руугаа нэг их зүтгээд байдаггүй” гэж ярьсан байна билээ. Өнгөрсөн жил Туркийн Стамбулд болсон ДАШТ-д мөнгөн медаль хүртсэн нь үүнтэй холбоотой юу?
-Хийсэн юмаа давтаад байх шаардлагагүй гэсэн бодол байсан ч юм уу, өөрийгөө 100 хувь дайчилж чадаагүй. Дахиад түрүүлэх хүсэл байсан ч ДАШТ-д анх түрүүлж байсан үеийнх шиг байгаагүй. Би түүнтэй (ОХУ-ын Виктор Лебедев) байгаагаараа барилдаад л ялагдсан.
-Танд ганц л зорилго үлджээ. Олимпийн аварга болох боломж 2012 онд тохиож байна. Та үүний төлөө өөрийгөө 100 хувь зориулж чадаж байна уу?
-Энэ асуултыг сонсоод миний биений үс босоод сонин болж байна (инээв). Би зөвхөн үүний төлөө л явж байна шүү дээ.
-Хэдэн жилийн өмнө 55 кг-д ноёлж байсан Бесик Кудухов, Дильшод Мансуров нар жин өгсч, 60-д барилдах болсон. Энэ нь боломж мөн үү?
-Шууд тэгж хэлж болохгүй. Тэд явсан ч олон сайн өрсөлдөгч гарч ирсэн. Мансуров эргээд 55 кг-д барилдаж эхэлсэн. Энэ жилийн олимп их хүнд болно. Аваргалахын төлөө өөрийгөө сайн бэлтгэнэ, улам хурцална.
-Та энгийн үедээ хэдэн кг жинтэй байдаг вэ?
-Яг одоо бол 64-тэй байна. Баяр таараад их идсэнээс биш энгийн үед 62 байдаг.
-Олимпийн өмнө хэдэн тэмцээнд барилдах вэ?
-Олон улсын бүх тэмцээнд оролцоно. Одоо шууд Красноярскийг зорьж Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри”, дараа нь Болгарт Дан Коловын нэрэмжит тэмцээнд хүч үзнэ.
-Тэмцээн бүрт барилдаад байхаар өрсөлдөгчид тань судалчих юм биш үү?
-Яах вэ, Оросын бөхчүүдийн хувьд ийм хандлага байдаг л даа. Тэд яг бэлтгэгдэж байгаа тамирчнаа олон тэмцээнд явуулдаггүй. Харин надад тийм бодол байхгүй. Нэгдүгээрт, өрсөлдөгч нараа өөртэйгөө ойр байлгаж, тэднийг мэдэрч байх ёстой. Хоёрдугаарт, би тэдэнтэй байнга бэлтгэл хийж чадахгүй. Тиймээс тэмцээн дээр нэг ёсны бэлтгэлээ хийж байдаг. Болгарт надад тэдэн шиг сайн бэлтгэл хангагч байхгүй.
-Та “Лондон-2012” зуны олимпийн наадмын дараа жин өгсөх үү?
-Надад ийм асуулт тавих юм бол ярилцлагаа дуусгая тэгэх үү.
-Уучлаарай. Таныг эмзэглүүлнэ гэж санасангүй?
-Би олимпийн дараа зодог тайлна.
-Арай эрт биш үү?
-Үгүй дээ. Нэгдүгээрт гэмтэл бэртэл маш их байна. Хоёрдугаарт гэр бүлдээ анхаарал тавих хэрэгтэй. Тийм учраас ингэж шийдсэн.
-Таны хоёр дахь хүүхэд төрөх гэж байгаа гэж сонслоо?
-Миний эхнэр сайхан бүсгүй бий. Бүх зүйлийг минь ойлгодогт нь баярладаг. Би байнга тэмцээн, бэлтгэл, цугларалттай байдаг тул гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй. Ой зургаан сартай хүүгээ яаж өсч өндийж байгааг ч мэдэхгүй. Энэ нь надад маш хэцүү байдаг. Гэсэн ч миний гэргий намайг бүрэн ойлгодог шүү.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Би “Лондон-2012” зуны олимпийн наадамд таныг чин сэтгэлээсээ дэмжих болно. Гэхдээ Монголын бөхтэй таараагүй тохиолдолд шүү дээ?
-(Инээв). Бурхан бид нарыг харж үзэх байх. Би аваргын төлөө монгол бөхтэй барилдах болно. Тэгээд хэн сайн байсан нь ялна.
-Ерөөл бат оршиг.
"Өдрийн шуудан" сонин