Дэлбэрэлт болсон байранд их хэмжээний цууралт үүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Дэлбэрэлт болсон байранд их хэмжээний цууралт үүсчээ

Дархан-Уул аймагт урьд өмнө гарч байгаагүй ноцтой дэлбэрэлт гарсан тухай мэдээллийг бид шуурхай шинэчлэн хүргэж байгаа билээ. Бямба гаригийн оройн 21.15 цагийн орчим хийн баллон дэлбэрсний улмаас үүдсэн энэ үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлахаар манай сайтын  сурвалжлах баг ням гаригт буюу өчигдөр Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ.  

Дэлбэрэлт болсон Дархан сумын 12-р хороо, 14 дүгээр байрны долоон давхрын 26 тоотод  дэлбэрэлт болжээ. Газ дэлбэрсний улмаас гурван хүн бэртэж, тус байрны нийт оршин суугчид их, бага хэмжээгээр өртсөн байв. Биднийг очиход ослын газар дээр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ажиллаж байлаа. Цагдаагийнхан ослын газарт үзлэг хийж дууссан байсан бөгөөд, онцгой байдал,  тохижилт үйлчилгээний  ажилтнууд цэвэрлэгээ хийж байхтай таарав. Хэдийгээр хүн амьдарч болох эсэхийг мэргэжлийн байгууллагууд тогтоогоогүй байгаа ч оршин  суугчид айдаст автсан нь илт байлаа. Тэдний зарим нь гэрийнхээ эд хогшлыг нүүлгэжээ.

Дэлбэрэлт болсон байр нийтдээ есөн давхар барилга аж. Дэлбэрэлтийн улмаас энэ байрны дөрвөөс дээш давхрын айлуудын цонх хагарч, цахилгаан, дулаан  тасарсан байлаа. Тэр байтугай замын эсрэг талд байрлах Төв шуудангийн барилгын зузаан шилэн цонхнууд хагарсан нь дэлбэрэлт хэр хүчтэй болсныг илтгэж байв. Осол гарсан айлын паар задарсан, дээрээс нь дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраахаар их хэмжээний ус цацсан болохоор байрны шат нэлэнхүйдээ мөстөж, шатсан эд зүйлийн үнс нурамтай холилдон барьцалдаж хөлджээ.  14 дүгээр байрны эргэн тойронд хагарсан цонхны шил, шатсан  эд зүйлийн үлдэгдэл тархсан байв.   Уг  байрны есдүгээр давхарын оршин суугчтай уулзахад “Өчигдөр орой газар хөдөлж байгаа юм шиг маш хүчтэй дуу чимээ, доргилт мэдрэгдсэн.  Дэлбэрэлтийн дараа цонх хагарч, хана  цуурсан. Газар хөдөлж байна уу гэж бодтол гал маналзаж  байсан. Үнэхээр аймшигтай зүйл боллоо. Гэртээ орж чадахгүй зогсч байна. Одоо Ажлын хэсэг хуралдаж байгаа гэсэн. Хэрэв хүн амьдарч болно гэвэл гэртээ ормоор байдаг. Миний бодлоор даацын хана нь цуурсан учраас цаашид удаан амьдрахад  хэцүү байх” гэлээ.

Байрны дотогш  хүмүүсийг нэвтрүүлэхгүй байсан ч өчигдөр оройн 18.00 цагийн үед  нэгэн оршин суугчийн тусламжтайгаар дэлбэрэлт болсон байр руу орох боломж таарсан юм. Газ дэлбэрсэн гэх 26 тоот айлын бүх тавилга шатаж, үнс нурам болсон байлаа. Доод давхрынх нь буюу зургаан давхрын айлын тааз нурах шахаж, хана нь цуурчээ. Мөн ойр хавийн айлуудын шал, хананд мэдэгдэхүйц цууралт үүссэн байв. Дэлбэрэлт болсон айлын харалдаа дээд давхарын айлуудаар ороход хийн газны үнэр нь гараагүй, том өрөөнийх нь шал цуурч, цонх нь хагаран, эд зүйлс нь ундуй сундуй болсон байлаа.  Эх сурвалжийн мэдээлснээр дэлбэрэлт болсон айл 5 кг-ын баллонтой газыг паарныхаа хажууд тулгаж  тавьснаас дэлбэрсэн байх магадлалтай хэмээж байва. Дэлбэрэлт болсон айлаас хоёр ч  хийн баллоны хагархай олджээ. Гэхдээ дэлбэрэлтийн эцсийн хариуг Мэргэжлийн  байгууллагууд эцэслэн тогтоох болно.

Аймгийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг  байгуулжээ

Үүссэн  нөхцөл байдалтай холбогдуулан цаашид авах арга хэмжээний  талаар холбогдох байгууллагын удирдлагууд хуралдаж, аймгийн Засаг даргын 30 дугаар захирамжаар Засаг даргын орлогч Д.Батсүхээр ахлуулсан ажлын хэсгийг ням гаригийн өглөөний 09.00 цагт байгуулсан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Д.Батсүхтэй уулзаж, нөхцөл байдалтай холбогдуулан авч буй арга хэмжээний талаар тодруулахад “Дуудлага ням гаригийн оройн 21.00 цагийн орчим аймгийн Онцгой байдлын хэлтэст ирсэн. Үүнтэй холбогдуулан холбогдох  байгууллагууд шөнийн 01.35 цагт хуралдаж, авах арга хэмжээний талаарх чиглэл гаргасан. Ингээд өглөөний 09.00 цагт дахин хуралдаж, Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт багтсан мэргэжлийн байгууллагууд нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргах, хүнд бэртсэн гурван хүнд эмнэлгийн шаардлагатай тусламж үзүүлэх, тус байрыг цахилгаан, дулаанаар хангах, хагарсан цонхнуудыг шиллэх зэрэг ажлыг  хийгээд байна. Мөн өдрийн 16.00 цагт Ажлын хэсгийнхэн дахин хуралдаж, нөхцөл байдлын талаар ярилцсан байгаа” гэлээ.

Дэлбэрэлтэд өртсөн гурван хүний хоёр нь сэхээнд байна

Дэлбэрэлт болсон 26 тоотод 48-50 насны эрэгтэй, эмэгтэй хоёроос гадна 22 настай оюутан эмэгтэй байжээ. Биднийг Дархан суманд очиход  хүнд гэмтсэн хоёр хүнийг аймгийн Түргэн тусламжийн машинаар Улаанбаатар хот руу авч явсан байлаа.  Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн  эрүүл мэндийн байдлын талаар Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга н.Энхжаргалаас тодруулахад “Бямба гаригийн оройн 21.00 цаг өнгөрч байхад гурван хүн  нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ням гаригийн 15.00  цагийн үед гэмтсэн хүмүүсийг Улаанбаатар хот руу шилжүүлэх ажлыг зохион байгууллаа. 48 настай Ж гэх эмэгтэйн нүүр гар, нуруу, цээж  гээд биеийн 48 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа. Их хэмжээний түлэгдэл авсны улмаас бөөрний дутагдал илрэх магадлалтай. 22 настай эмэгтэй Л-ийн хувьд  30 хувийн түлэгдэлтэй учир мөн л ГССҮТ-д шилжүүлэн эмчлүүлэхээр хоёр түргэн тусламжийн машинаар мэргэжлийн эмчийн хяналтад Улаанбаатар хотруу шилжүүлээд байна” гэх хариулт өглөө. Харин гэрийн эзэн болох 54 настай, эрэгтэй Б-гийн гэмтэл харьцангуй гайгүй байгаа учир аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн, эмчлүүлж  байгаа аж. Нөхцөл байдалтай холбогдуулан “Энэрэлт наран” өрхийн эмнэлгийн зургаан эмч, сувилагч 14 дүгээр байрны 21 өрхийн оршин суугчдад үзлэг хийн, даралт нь ихэссэн найман хүнд тариа хийж, айж түгжсэн хүмүүст зөвлөгөө өгчээ.

Дэлбэрэлт болох үед 14 дүгээр байранд 74 хүн байжээ

Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсийн дарга Д.Батжаргалын удирдлага дор цагдаагийн байгууллага ослын газарт үзлэг хийж , ням гаригийн  14.00 цагт дууссан  байна. Ослын газрын үзлэгийн хүрээнд тус байрны 31 өрх тус бүрээс тайлбар авчээ. 14-р байрны 26 тоот байрны бүх тавилга  шатаж, дэлбэрэлт болсон давхрын дээд,  доод талын айлууд тодорхой хэмжээний хохирол амссаныг холбогдох байгууллагууд тогтоосон байна. Мөн тус байрны замын эсрэг талд байрладаг МЦХ компани, 14 дүгээр байрны урд талын 15 дугаар байрнуудын цонх хагарсныг хэргийн газрын үзлэгт хамруулжээ. Тус байранд оршин суугчдын талаарх мэдээллийг Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэнгээс тодруулахад “14 дүгээр байранд 31 өрхийн 112 иргэн оршин суудаг. Дэлбэрэлт болох үед тус байранд 74 иргэн байснаас гурав нь хүнд гэмтсэн. Түүнчлэн 20 өрхийн 91 цонх хагарсныг шиллэх ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-28-нд цаг агаар хүйтэрч, шөнөдөө -32-37 хэм хүрэх урьдчилсан мэдээ авлаа. Одоогийн байдлаар гурван байрнаас айл нүүгээд байгаа. Иргэдээс кабелийн утас, цахилгаан тасарсан гэх мэдээлэл их ирж байна”  гэв. 

Өчигдрийн байдлаар байрны оршин суугчдыг зарим сургууль, цэцэрлэгийн байранд түр байрлуулж байсан бөгөөд зарим айлууд өөрсдийн хүсэлтээр гэрээ нүүлгэж байсан юм. Харин Дархан сумын Засаг дарга Ч.Цэндсүрэнгийн хэлснээр мэргэжлийн байгууллагын нарийвчилсан дүгнэлт гарсны дараа оршин суугчдыг зайлшгүй нүүлгэх шаардлагатай болвол Дархан-Уул аймгийн Мэргэжил сургалтын үндэсний төвийн дотуур байранд зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Шинжээчдийн баг ослын газарт ажиллаж байна

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотоос томилогдсон МХЕГ-ын гурван улсын байцаагч, шинжээч нарын хамт Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэд газар  дээр нь нөхцөл байдалтай танилцаж, нарийвчилсан дүгнэлт гаргах юм байна. Өчигдрийн байдлаар МХЕГ-ын гурван ахлах байцаагч тус аймагт очоод байлаа. Барилгын чанараар мэргэшсэн байцаагч н.Уранчимэг, шатдаг хийн чиглэлийн байцаагч н.Бямбадорж, агааржуулалтын чиглэлийн байцаагч н.Санжмятав нар өчигдрөөс эхлэн ослын газарт ажиллаж эхлээд байна. Харин аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилласан тухай Аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Т.Буянбат “Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай арга хэмжээ авсаар байна. Нарийвчилсан дүгнэлт хийхийн тулд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах шаардлага гарсан. Энэ барилгад цаашид хүн амьдрах боломжтой эсэхийг шийдэхэд шинжээчийн дүгнэлт  зайлшгүй шаардлагатай. Тиймээс барилгын чиглэлээр лабораторийн дүгнэлт гаргахаар ШУТИС-ийн Барилга, түлшний судалгааны төвийн  тэргүүнээр ахлуулсан шинжээчдийн баг ажиллахаар боллоо. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлийг үндэслэн, эцсийн хариуг гаргана” гэлээ. 

Өчигдөр оройн 18.30 цагийн үеэс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон мэргэжлийн улсын  байцаагчид дэлбэрэлт болсон байранд  ажиллаж эхэлсэн юм. Оршин суугчдыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал байр руу орохгүй байхыг зөвлөсөн ч айлууд гэрийнхээ эд хогшлыг байрнаас нүүлгэсээр байв.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж