Дарханы “RGB” телевиз нэвтрүүлгээ сэргээв

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Дарханы “RGB” телевиз нэвтрүүлгээ сэргээв

Монголын хөдөө орон нутгийн анхны чөлөөт телевиз, “Аа Жи Би” телевиз нэвтрүүлгээ үргэлжлүүлэн цацаж эхэллээ. Дархан хотын “Аа Жи Би” телевиз нь 1995 онд анх байгуулагдсанаасаа хойш үзэгчиддээ орон нутгийн мэдээлэлтэй хамт нийгэм, соёл, уран сайхны олон төрлийн нэвтрүүлгүүдийг бэлтгэн шуурхай хүргэж,  зөвхөн Дарханы төдийгүй бүс нутгийнхаа үзэгч олны хүртээл болгосон билээ. “Аа Жи Би” телевизийн Монгол хэлэн дээр орчуулан дуу оруулсан, олон ангит уран сайхны кинонуудыг ч үзэгчид нь сайн мэддэг.

Энэ телевизийг үзэгчид нь “RGB” гэсэн нэрийнх нь гурван үсгээр андахгүй. Сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, инженер Ж.Гантөмөр, математикч Ц.Баттогтох нар анх үүсгэн байгуулж, телевизийн үндсэн гурван өнгө улаан, хөх, ногоон өнгөөр телевизээ “Аа Жи Би” хэмээн нэрлэхэд өөрсдийнх нь нэрний эхний үсгүүд нь  адилхан таарчээ. Орон нутагт чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оруулсан зүтгэл бүтээлийг нь үнэлэн  “Аа Жи Би” телевизийг 1998- 2006 онд  Монголын орон нутгийн “Шилдэг телевиз”-ээр удаа дараа шалгаруулж байв. Хэсэгхэн хугацаанд нэвтрүүлэг нь завсардсан  энэ телевиз нь  өнөөдөр орон нутагтаа “Түмний төлөө!” уриатай ажиллаж мэдээллийг, олон нийтэд шуурхай хүргэх бодлогоо тодорхойлжээ. Г.Гантулга захиралтай тус телевизийн одоогийн хамт олон нь дэргэдээ “Дархан таймс” сонин, богино долгионы радио нээн ажиллуулж байна.  Дархан хотод орон нутгийн мэдээллийн 4 телевиз үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь “Аа Жи Би” телевиз ийнхүү боллоо.

Ө.Рагчаасүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж