Дагнасан Засгийн хавсарсан сайд нар

Хуучирсан мэдээ: 2012.01.23-нд нийтлэгдсэн

Дагнасан Засгийн хавсарсан сайд нар

Өмнө нь Засгийн газар огцорсон, сайдыг чөлөөлсөн тохиолдолд заавал орны хүнийг томилж байж өмнөх хүнийг чөлөөлдөг байв. Гэтэл энэ удаа АН Засгийн газраас гарах тухай сураг дуулгав уу, үгүй юү  МАН-ынхан сайдад нэр дэвшихээр уралдаж, улмаар АН-ын зургаан сайдыг ум хумгүй чөлөөлж орхив.

Ингээд МАН-ын дагнасан Засгийн газар үлдсэн ч орны сайд нар томилогдоогүй тул зарим сайдад зургаан яамыг “нүдлэн хамгаалах” хавсарсан үүргийг хүлээлгэлээ. Ингээд МАН-ын зургаан шинэ сайд томилогдох хүртэл зургаан яамыг хавсруулах захирамжийг Ерөнхий сайд С.Батболд гаргажээ.

Засгийн газрын шинэ гишүүдийг томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод, Батлан хамгаалахын сайдын үүргийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, Эрүүл мэндийн сайдын үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид хавсруулахаар болов. Ийнхүү дагнасан засгийн хавсарсан сайд нар хоёр яамны хооронд гүйхээр боллоо.

Өнөөдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийн талаар үгээ хэлэх байх. Түүний дараа намын бүлгүүд, байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг хэлэлцэх тул лав л бүтэн долоо хоног хавсарсан сайд нар хоёр хоёр яаманд зүтгэх бололтой.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж