Франц Афган дахь ажиллагааг зогсоож магадгүй болов. Le Monde сонинд бичсэнээр одоогоор Францын цэргийнхэн Афганы армид байлдааны ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэхээ зогсоосон байна. “Би нэн яаралтайгаар Батлан хамгаалахын сайд ба Жанжин штабын дарга хоёрыг Афганистанд очуулахаар шийдвэр гаргалаа. Францын армийн зүгээс Афганы армийн сургалт болон байлдааны хамтарсан ажиллагаа явуулахыг нэг мөр зогсоогоод байна” хэмээн Саркози мэдэгдэв. Хэрэв аюулгүй нөцлийг нарийн тогтоогоогүй байвал Францын армийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах талаар асуудлыг тавих болно. Цэргийн эргэн ирэх хугацаа нь 2014 он гэхэд дууссан байхаар төлөвлөгдсөн байлаа гэж ерөнхийлөгч сануулав.
Энэ шийдвэрийн шалтгаан нь Капис мужид Афганы армийн цэрэг дөрвөн франц цэргийг буудан хөнөөсөн явдал болов. Мөн 16 цэргийг шархдуулсан байна. Тэр хүнийг барьсан ба цэргийн хувцас өмссөн талибын дайчин ч байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа ажээ.
Хэрэг явдал цэргийн баазад гарсан бөгөөд францчууд зэвсэггүй сургуулилалт явуулж байсан хэмээн Батлан хамгаалахын сайд Жерар Лонге сонинд мэдээлсэн байв. Францын ерөнхий сайд Франсуа Фийон аллагыг аймхайн үйлдэл гэж нэрлэсэн бол НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “гунигтай өдөр” гэсэн мэдэгдэл хийв. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай бас тусгай мэдэгдэл хийсэн байлаа. “Франц Афганистанд зохих хэмжээний тусламж үзүүлж ирсэн”, “хоёр орны харилцаа чин шударга зарчимд тулгуурласан”, “ерөнхийлөгч энэ эмгэнэлт хэрэгт гуниглан гадуудаж, амь үрэгдэгсэдийн ар гэр болон Францын ард түмэнд эмгэнэлээ илэрхийлж байна” хэмээн уг мэдэгдэлд өгүүлсэн байв.
Гэлээ ч Саркози Карзайгаас тайлбар авч түүнтэй Францын цэргийг гаргах талаар ярилцах гэнэ. Карзай энэ долоо хоногт төлөвлөсний дагуу Парист айлчлах юм. “Францын цэргийг хөнөөсөн энэ хэрэг анхных биш. Манай цэргийнхэн Афганистаны хүн амд эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэхэд нь тусалж байна. Аюулгүй нөхцлийг хангах тал дээр тэд тааруухан байгаа бол бид зохих дүгнэлтээ гаргана” хэмээн Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе хэлсэн байна. Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 29-нд хоёр франц цэргийг буудан хөнөөсөн юм. Цэргийнхэн орон нутгийн хүчнийг талибуудтай Тагабын хөндийд тулалдаж байхад нь дэмжлэг үзүүлж байжээ. Францчуудыг цэргээс халагдсан нэгэн буудсан байжээ. Арванхоёрдугаар сарын 24-нд бас нэг хуучин цэрэг Фраха мужид дөрвөн америк цэргийг буудан шархдуулаад өөрөө хариу буудалтаар алагдсан байв. France24 суваг мэдээлснээр тэр армид 14 сар алба хаасан байжээ.
Теле суваг иймэрхүү үйлдлүүдийг жагсаалтыг гаргасан байв. Арваннэгдүгээр сард афган цэргийнхэн хэд хэдэн австраличуудыг буудан хөнөөж, шархдуулсан байлаа. Есдүгээр сард Кабул хотноо харуулын афган цэрэг Тагнуулын төв газрын байр луу буудан нэг хүний аминд хүрчээ. Францын арми 2001 онд байлдааны ажиллагаанд нэгдэн орсноос хойш 78 цэргийн албан хаагчаа алдаад байна. Тэднээс хамгийн их хохирол өнгөрсөн жилд гарч 26 франц амиа алдсаны тав нь амиа золиослогчийн довтолгоонд өртсөн байлаа. Афганистан Францын 3600 цэрэг одоо байрлаж байгаа бөгөөд өмнө нь 400 цэргийг аравдугаар сард тэндээс гаргасан байжээ.
Саркози мэдэгдэл хийсэн ч Францын цэргийг тэндээс татахгүй гэж зарим шинжээчид хэлж байна. “Тэрээр сонгуульд бэлтгэн нэмэлт оноо авахын тулд дөрөвдүгээр сар хүртэл цэргээ эргүүлэн татах талаар ярьж байх болно. Өмнөх арван жилд цэргүүд нь амиа алдаж байхад хэн ч энэ талаар сонирхоод байсан зүйлгүй байв” хэмээн шинжээч өгүүлжээ.