
Даваа гаригт намын бүлэг, Удирдах зөвлөлөө хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулсан МАН-ын дарга тэр оройдоо сайдад нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж, маргааш нь Ерөнхийлөгч тэдэнтэй уулзсан юм. Хэвлэлийнхнийг байлцуулан хийсэн энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч нэр дэвшиж буй сайд нарын асуудлаар энэ удаа Ерөнхий сайдтай зөвшилцөхөөс татгалзаж, өргөдлөө өгөөд байгаа сайд нарын асуудлаар УИХ шийдвэрээ гаргасны дараа дахин уулзахаар болсон билээ. Түүнчлэн хэдийгээр Үндсэн хуулиар хориглоогүй ч гэсэн УИХ-ын гишүүдийг аль болох сайдын ажилд давхар томилохгүй байх жишгийг цаашдаа авч явах нь зүйтэй, ингэснээр ажил үүргийн цалгардалт арилахаас гадна парламент нь Засгийн газраа хянадаг байх эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэртэй байлгах ач холбогдолтой гэдгийг сануулсан. Учир нь Ерөнхий сайд С.Батболд сайдад нэр дэвшиж буй зургаан хүний гурвыг УИХ дахь намын бүлгээсээ, үлдсэн гурвыг нь парламентын гаднаас оруулахаар нэр дэвшүүлсэн билээ. Харин өргөдлөө өгөөд байгаа Ардчилсан намын зургаан сайдын хувьд “Хамтарсан Засгийн газрыг байгуулахын тулд маш намууд урт удаан хугацааны яриа хэлэлцээр өрнүүлж, маргаан дагуулсан. Тиймээс сайд нар Засгийн газраас гарах гэж байгаа бол өнгөрсөн хугацаанд хийж амжуулсан ажил, яагаад гарах болсон талаараа УИХ-д тайлагнах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ дагуу өнгөрөгч баасан гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар өргөдлөө өгсөн зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгийн гишүүдээс “Хэрвээ Засгийн газраас гарах байсан юм бол анхнаасаа яах гэж Засгийн газарт орсон юм бэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувьтай яваа нь үнэн л юм бол яагаад үлдсэн 20 хувиа хамтраад хийж болдоггүй юм” гэсэн асуултыг тавьж, олонхи нь Ардчилсан намын энэ шийдвэрийг буруутгах хандлагатай байв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг энэ асуултад “Бид хамтраад хийх ёстой ажлаа хангаллтай хийсэн. Эдийн засгийн өсөлтийг хангах, хүн амыг амьжиргааг дээшлүүлэх суурь бодлогуудаа хийчихсэн. Орж ирсэн мөнгийг гарын салаагаар урсгах уу, Дорж, Дулмаагийн хаалгаар алхуулах уу гэдэг харин цаашдаа хоёр намын үзэл баримтлал, бодлогын ялгарал болох юм шиг байна. Засгийн газар 2012 оны төсвийг боловсруулаад УИХ-аар батлуулсан. Хэн гуай ч сайд болсон баталсан төсвийн хүрээнд төлөвлөсөн ажлуудыг хийгээд явах боломжтой. Хийж чадаагүй ажил бас байгаа. Тухайлбал, “долдугаар сарын 1”-ний үйл явдлын гэм буруутай этгээдийг тогтоож хариуцлага тооцох, хүний эрх, эрх чөлөөг хангаж нийгэмд шударга ёсыг тогтоох ажил яваагүй. Нийтийн эрх ашгийн үүднээс хамтраад гаргах ёстой бусад том асуудлаа шийдэхэд маань саад тээг болох нөхцөл байдал үүссэн учраас хойш тавьж байсан зүйлүүд ч бий” хэмээн хариуллаа.
Мөн ядуурал 40 хувьд хүрчихээд байхад яагаад эдийн засгийн өсөлтийн тухай, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 80 хувьтай биелсэн гэж худлаа яриад байгаа юм бэ, хийсэн ганц ажил болох Оюутолгойн гэрээ чинь монголчуудад хохиролтой болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөч гэсэн Ц.Даваасүрэн гишүүний асуултад Сангийн сайд С.Баярцогт “2011 онд Монгол Улсын эдийн засаг хамгийн их өсөлттэй гарч, бага орлоготой улсаас бага дунд орлоготой орны эгнээнд шилжсэн. Эдийн засаг өссөн гэдгийг бид хэлээд байгаа юм биш, ОУВС, Дэлхийн банк хэлж байгаа. Цаашдаа Монгол Улс зөвхөн хөнгөлөлттэй зээл, тусламжаар амьдрах бус, их хэмжээний арилжааны зээл авах боломжтой болсон. Хоёр өөр баримт байхад зөвхөн өөрт таалагдах баримтыг барьж ярьдгаа болих хэрэгтэй., хоёуланг нь ярих ёстой. Оюутолгойн гэрээний тухайд төслийн нийт ашгийн 59 хувийг нэг ч төгрөг заралүйгээр авч байгаа ийм өндөр ашигтай гэрээг дэлхий дээр хоёрхон улс хийсний нэг нь Монгол. Гэхдээ ашгаа төслийн эхний жилүүдэд авч байгаа шүү. Эхний таван жилд авч байгаа ашгаараа Монгол улс хамгийн өндөрт тооцогдож байгаа” гэсэн юм.
МАН-ын бүлгийн гишүүдээс “Ардчилсан нам гэрээгээ биелүүлэхгүй, замын дундаас буцаж хулхидлаа” гэдэг шүүмжлэл олонтаа гарсан тул Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Бид Засгийн газарт гурван жил дөрвөн сар ажилласан, энэ хулхидалт байгаагүй. 2004 оны УИХ-ын сонгуулиар хоёр нам тэнцүү санал авч, эвслийн Засгийн газар байгуулаад жил нэг сар ажилласны дараа МАХН-ын сайд нар “Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой хамтарч ажиллахгүй” гэж гарын үсэг зураад Засгийн газраа огцруулж байсан. Үүний дараа МАХН УИХ-д байсан баахан жижиг намуудыг урьж оруулаад Засгийн газраа байгуулсан биз дээ. Жил нэг сар, гурван жил дөрвөн сарын хооронд ялгаа бий шүү” гэсэн сануулгыг өглөө. Маргаан үргэлжлэх төлөвтэй байсан тул УИХ-ын гишүүн З.Энхболд гишүүдэд “Бид огцрох гэж байгаа сайд нар биш, өргөдлөө өгсөн сайд нарын тухай ярьж байгаа гэдгээ санах ёстой. Ялгаа бий шүү” гээд Ардчилсан намын зургаан сайдаас өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийсэн хамгийн том ажлуудаасаа гурвыг нь нэрлэхийг хүссэн юм. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хүүг жилийн 12 хувиас долоон хувь хүртэл бууруулж санхүүжилтыг 30 тэрбумд хүргэсэн, сум хөгжүүлэх санг байгуулан жилийн гурван хүүтэй зээлийг сүм бүрт олгож эхлээд байгаа, зөвхөн 2012 онд тус санд 24 тэрбум төгрөг суулгаад байгаа, сүүлийн 20 жил үлгэр ярьж явсан чөлөөт бүсийг хөдөлгөөнд оруулж, Алтанбулагийн чөлөөт бүс энэ намар үүдээ нээж, Замын Үдийн чөлөөт бүсийн нийт газрын гуравны нэг дээр барилгын ажлыг эхлүүлэхээр хөрөнгийг нь суулгасан, иргэний шинэчилсэн бүртгэлийг хийж, ухаалаг үнэмлэхтэй болсон зэргийг дурьдлаа.
Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх байгаль орчны салбарын бүх хууль тогтоомжийг нэгтгэсэн багц хуулийн төслийг боловсруулж УИХ-д оруулаад байгаа, төр бүх хариуцлагыг хүлээх бус, байгалийн баялгийг ашиглагч нь хамгаалагч байж, бохирдуулагч нь хохирлыг төлдөг шинэ стандартад шилжиж байгаа, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй ТББ-уудыг нэгтгэсэн Иргэний зөвлөлийг байгуулж, яамтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар энэ салбарт ажиллаж байсан 3000 ажилтан 15000 шахам хүнээр хүч нэмсэн, Иргэний зөвлөлийн дэргэд “Ногоон парламент”-ыг байгуулж, УИХ, Засгийн газраас гаргаж буй шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгадаг болсон, улстөрчдийн зүгээс “урт нэртэй хууль” нэр аваад байгаа Усны эх, ойн сан бүхий гэзэрт ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг УИХ-аар батлуулж, уг хуулийн дагуу 260 гаруй аж ахуй нэгжийн лицензийг цуцалсан тухайгаа тайлагнасан юм. Мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Эрүүл мэндийн даатгалын хуульд оруулсан шинэчлэл, сүүлийн 30 жилд анх удаа 200-300 ортой амаржих болон хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн, Батлан хамгаалахын сайд Лу.Болд батлан хамгаалах салбарын гадаад харилцаа шинэ түвшинд очсон гэх мэтээр тайлангаа тавьсан.
Санал хураалт явуулахад Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг 36:6, Сангийн сайд С.Баярцогтыг 39:5, БОАЖ-ын сайд Л.Гансүхийг 34:9, Батлан хамгаалахын сайд Л.Болдыг 37:4, ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг 35:7, Эрүүл мэндийг сайд С.Ламбааг 38:6 саналаар огцрууллаа. /Л.Гансүх сайд энэ удаа хамгийн “өндөр” санал авч, есөн гишүүн огцруулахаас татгалзав/. Шинэ сайд нарыг томилох хүртэл Тэргүүн шадар сайдын ажлыг сайд М.Энхболд, Сангийн сайдын ажлыг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Батлан хамгаалахын сайдыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, ЗТБХБ-ын сайдыг ЭБЭХ-ий сайд Д.Зоригтод, Эрүүл мэндийн сайдын ажлыг НХХ-ийн сайд Т.Гандид түр хариуцуулав. 2008 оны сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газар гурван жил дөрвөн сарын дараа тарлаа. Энэ долоо хоногт шинэ сайд нарын томилгоог хийнэ.
