
Ирэх онд хийгдэх томоохон замуудад яах аргагүй Биокомбинатын зам орно. Өнгөрсөн жил бороо их орсны улмаас зам нь эвдэрч, дээрээс нь том оврын даац ихтэй машинууд явдаг учраас маш их эвдрэлд орсон. Түүнээс болоод Биокомбинатын иргэд замаа засуулахаар жагсч байсан ч 2011 оны төсөвт мөнгө суугаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулаад байсан. Харин энэ жилийн төсөвт тус замын хөрөнгийг суулгаж, дөрвөн эгнээ болгож өргөтгөхөөр болсноо нийслэлийн Авто замынхан дуулгасан. Биокомбинатын замын тендерийг зарласан бөгөөд ажил нь он дамжин хийгдэхээр төлөвлөсөн аж. Түүнчлэн Яармаг-Нисэхийн чиглэлийн автозамыг өргөтгөхөөр болсон бөгөөд одоогийн хоёр эгнээг нь дөрөв болгон өргөтгөснөөр замын түгжрэлийг багасгах юм. Харин Нисэх-Биокомбинатыг замыг зургаан эгнээтэй болгож, эхний ээлжинд 30 хувийг нь хийх бөгөөд нийт 29 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдах юм байна.
Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од хэлэхдээ “Энэ жил нийслэлд 43 багц авто зам болон гүүрэн гарцны тендерийг зарлаад байгаа. Томоохон замуудтай өнөөдөр танилцаж байна. Яармаг нисэх, цаашлаад Биокомбинат, Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэл шинээр тавих болон өргөтгөл хийх замууд байгаа. Нисэхийн замыг дөрвөн замын уулзвартай болгоно. Замын трасст орж байгаа обьектуудад хоёр том шатахуун түгээх станц орсон байгаа. Замын ажлыг эрт эхлэхийн тулд замын трасст орсон обьектуудын байршлыг өөрчлөх, нүүлгэх ажлыг даруйхан эхлэх хэрэгтэй” гэлээ.
Яармагийн гүүрнээс нисэх хүртэлх зам нь 40 метрийн өргөнтэй нийт урт 16,1 км. Харин хотын дарга Г.Мөнхбаяр хэлэхдээ “Энэ чиглэлд том оврын даац ихтэй автомашинууд их зорчдог. Тиймээс замын чанарыг анхаарах хэрэгтэй. Өргөтгөж байгаа нь сайшаалтай ч хэдхэн сарын настай зам барьж болохгүй. Хамгийн гол нь том оврын автомашинууд зорчихыг бодолцож замаа барих хэрэгтэй. Замын трасст орж байгаа аж ахуй нэгжүүдтэй ойрын хугацаанд уулзах учиртай. Яармаг, нисэхийн чиглэлд дагуул хотуудыг барихаар өргөтгөж байгаа учраас энэ чиглэл рүү баригдах замуудыг анхаарах хэрэгтэй. Дөрвөн замын уулзвар барих газар нь хоёр шатахуун түгээх станц байгаа юм байна гээд, эдгээр байгууллагын төлөөлөлтэй уулзаж, ярилцаад даруйхан шийдвэрээ гаргахыг үүрэгдлээ. Мөн өнгөрсөн жил зам засварын ажлыг эрт эхэлж, олон ажил хийсэн шиг энэ жил олон зам засвар шинэчлэлийн ажил байгаа учраас эрт эхлэх учиртай” гэлээ.
Түүний дараа Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэлх 19 метрийн өргөнтэй шинээр тавигдах замын ажилтай танилцсан юм. Шинээр тавигдах авто замын трасст 72 обьект орох учраас замын трасст орсон обьектуудыг нүүлгэн шилжүүүлэх, байршлийг нь өөрчлөхөд хотын захиргаанаас онцгой анхаарахыг нийслэлийн Автозамын газраас хэлж байсан. Хотын дарга газар дээр нь танилцсанаар замын трасст орсон 72 обьект гэдэг их байгаа учраас аль болох трасст обьект оруулахгүйгээр, иргэдэд чирэгдэл учруулахгүй замын ажлыг хийх хэрэгтэйг хотын дарга анхааруулсан.
Мөн нийслэлийн Авто замын газраас нэгэн шинэ ажлыг хийж байгаа бөгөөд энэ жил 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо зэрэг нийслэлээс гарах, орон чиглэлийг зургаан эгнээтэй болгож, одоогийн хоёр чиглэлийг зургаа болгож нэмэгдүүлснээр автозамын ачаалал багасч, орох гарах товчооны өнгө үзэмж ч гэсэн нэмэгдэнэ гэдгийг онцолж байлаа. Харин хотын захиргаа энэ ажлыг нь үр дүнтэй арга учраас энэ жил яаравчлан эхлэн учиртайг дуулгасан. Нийслэлийн авто замын газраас 43 багц тендерийг зарласан байгаа бөгөөд энэ цаашид нэмэгдэж, солигдох учраас энэ жилийн төсөв эцэслэн батлагдаагүй байгаа гэв. Тиймээс энэ жил авто замын салбарт хэдэн төгрөгөөр ямар ажлуудыг хийх нь ирэх сард тодорхой болох гэнэ. Томоохон замуудтай танилцсан хотын дарга “Замын ажлыг эрт эхэлж, чанартай хийх ёстой. Зам засварын ажилд иргэдийн оролцоо ч гэсэн чухал учраас хэн хэндээ чирэгдал учруулахгүй байх нь чухал гэдгийг” онцолсон юм.
