Зарим хуулийг арав хүрэхгүй хоногт баталчихдаг байхад зарим хууль нь арав гаруй жил нухуулаад ч гардаггүй аж. Ингэж нухуулсан хуулийн нэг бол хэвлэлийн эрх чөлөөний хууль. Ерөөсөө гаргах сонирхолгүйдээ ингэж удаасан уу, эсвэл гишүүдийн толгой хүрэмгүй хэцүү бодлого байв уу. Ямартаа ч хууль батлагдаагүй л байна. Гэвч сүүлийн үед энэ хууль батлагдах тухай найдвар төрж эхлэв. Нууцийн хуулиуд батлагдаагүй цагт энэ хууль батлагдаж болохгүй байна гэж байсан нь үгүй бололтой. Засгийн газар нь ч нэг хууль боловсруулаад, Ерөнхийлөгч нь ч нэгийг боловсруулаад л нэг л мэдэхэд хоёр ч Хэвлэлийн эрх чөлөөний хууль УИХ-ын гишүүдийн ширээ дамжин хэлэлцүүлэгт орж ирэв. Саяхан хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороогоор ороод “хэлэлцэх нь зүйтэй” гэх зөвшөөрлөө ч аль аль нь аваадхав. Э.Бат-Үүл гишүүнийг дэмжих хүн гарсан бол Засгийн газрын хувилбар нь буцаагдчих шахсан ба “хуулийн төслийн 12-р зүйлээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийг заавал” Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж томилохоор тусгасан нь олон улсын хэм хэмжээнд байдаг зүйлтэй зөрчилдөж байгаа тухай” шүүмжлэлтэйгээр хэлэлцүүлэгт орж амжсан нь энэ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн хувьд хариуцлага нь сул байна гэдэг саналтайгаар харин ч зовлон багатай оров. Хууль батлагдах процессийн нийтлэг жишгээр бол хуулиуд удахгүй нэгтгэгдэн нэг төсөл болж цааш үргэлжлэх учиртай. Гэвч асуудлын гол нь эдгээр хуулийн төслүүд бидний хүлээж, найдаж буй хууль байж чадах болов уу гэдэг л байна.
Хуульч мэргэжлээр төгссөн залуугаас ажил олгогч нь “Монтестькег уншсан уу” гэж асуухад нь “энийгээ ч философич гэдгийг мэднээ” гэж томроод “тэрний зохиосон баахан онч мэргэн үгнүүд байдаг юм. Зарим нэгээс нь харж л байлаа” гэж хариулах аж. Угтаа бол ажил олгогчийн зүгээс Монтестькегийн “Хуулийн амин сүнс” гэх бүтээлийнх талаар бодлыг нь асуусан хэрэг. Хуульч мэргэжлээр ажиллах гэж байгаа хүн битгий хэл, хууль зүйн ухаанд суралцаж эхэлж буй хүн бүрийн унших ёстой номын нэг бол яахын аргагүй энэ. Ядаж энэ номноос аливаа хууль бүхэн амин сүнстэй байж л үйлчилж, хэрэгждэг талаар ойлголт авсан байх учиртай аж. Хэрэв хууль юуг, яах гэж зохицуулж байгаа гол зорилгогүй бол тэрээр ямар ч “амьгүй” болж байдаг шүү дээ. Ерөөсөө л амин сүнс нь хуулийг амь оруулж байдаг учраас тэр. Харин удахгүй батлагдах гэж буй Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн амин сүнс нь юу байх бол? Айлгах зорилготой өндөр торгууль уу, аль эсвэл 30 саяын ашигтай ажиллаад 300 мянган төгрөгний торгууль төлөх нь үү. Улс төрчдийн халаасанд ажиллах тогтолцоог албан ёсных болгох уу, эсвэл эрүүгийн хуулиар хариуцлагаа хүлээ хэмээх түлхэлт юм уу. “Хориглоно” гэсэн атлаа хоригийг зөрчсөн бол яахыг нь нь заагаагүй заалтанд амин сүнс байна гэж үү? Хариулт нь энгийн л байх учиртай. Иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах боломж, бусдыг гүтгэж доромжлохгүй байх хамгаалалт гээд цөөн хэдэн зарчимд л тэр байх учиртай. Гэвч өнгөрсөн хугацаанд “сэтгүүлчид худлаа бичиж хүн гүжирддэг”, “улс төрч болгон хэвлэлийн байгууллагатай” “Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд яриад байгаа нь хэдэн сэтгүүлчдэд л хамаатай” гэх ойлголт бий болсон. Энэ бүхэн хэвлэл мэдээллийн тухай олон нийтийн дундах нийтлэг ойлголтыг үндсэнд нь тодорхойлдог. Энэ хугацаанд ийм шүүмжлэлийн дагуу хариуцлага хүлээсэн тохиолдол төдийлэн их биш байгаа гэдгээс нь бодсон ч амин сүнстэй хууль байхгүй байна гэсэн үг.
БАЙНА АА…
Хууль амьдралд үйлчлэх боломжгүй бол хүчин чадал нь доройтдог. Өнөөх амин сүнс нь алдагддаг. Нэгэнт үйлчлэх боломжгүй бол өөр хууль бус зүйлийг далд байдлаар төрүүлдэг. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөлд гэнэн гэмээр үйлчлэхэд бэрх зохицуулалт бий аж. “Хэвлэл мэдээллийн байгууллага нь захиалгат нийтлэл, нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байгаа тохиолдолд захиалагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг заавал мэдээлнэ” гэж. Одоогоор ийм мэдээллийн талаар “төлбөртэй нийтлэв”, эсвэл “захиалгат нэвтрүүлэг” гэх тэмдэглэгээтэйгээр гардаг. Ийм ч байх ёстой талаар анх өргөн баригдаж байсан төсөлд “төлбөрт, захиалгат нийтлэл, нэвтрүүлэгт ялгарах тэмдэг хэрэглэнэ” гэж байснаа дээрх байдлаар өөрчилжээ. Энгийн зүйл бодоод орхиё. Яах вэ өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө талаар мэдээлэл нийтэд хүргэх гэж байгаа бол энэ бүхнийг захиалан гаргаж байгаа талаараа бичилт хийлгэхэд асуудал алга. Гэвч өөрийнхөө мөнгөөр өөр нэгний талаар мэдээлэл гаргаж байгаа бол, тэр тусмаа “хар”-ыг харагдуулах гэж байгаа бол өөрийнхөө алдар нэрийг гаргахыг хүсэх хүн байх болов уу. За би захиалагч нь байна аа, гээд нэгнийхээ “тоосыг гөвж” гэнэн загнах нэгэн гарна гэж үү. Ингэхээр ийм зүйл гаргах гэж буй бол дахиад л хууль бус арга зам хайхаас өөр аргагүй болж байна. Ингэж л хуулийн хүч алдагдаж байгаа юм шүү дээ.
Э.Бат-Үүл гишүүний дээр дурдагдсан шүүмжлэлийг эргэн саная. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэж томилохоор тусгасан нь олон улсын хэм хэмжээнд байдаг зүйлтэй зөрчилдөж байгаа тухай. Үнэхээр жишиг авах гээд байдаг олон улсуудад хэвлэл мэдээллийн асуудлыг нь ингэж зөвлөл энэ тэрээр хайрцаглан, төрийн албан тушаалтны зөвшөөрлөөр томилогдох тухай ойлголт байдаггүй аж. Мэдээж ингэж байгаа нь Ц.Элбэгдоржийн тухай биш ерөнхийлөгч хэн байх нь хамаагүйгээр тэрхүү албан тушаалтанд хамаатай асуудал. Монгол Улс нь цаг үргэлж “ардчилсан”, бас сэтгүлч Ерөнхийлөгчтэй байх боломжгүйгээс хойш Ерөнхийлөгчид ийм эрх өгөх нь сөрөг үр дагавар гаргахыг ч үгүйсгэхгүй. Магадгүй Ерөнхийлөгчийн талаар сөрөг мэдээлэл гаргахад “үндэсний аюулгүй байдалд харш ажиллагаа” гээд үзчихийг ч үгүйсгэхгүй. Анх өргөн баригдаж байсан төслөөс хэн эдгээр нөхцлүүдийг нь тодорхойлох юм бэ гэдгийг нь аваад хаячихсан учраас ингэж хардах нь буруугүй биз. Нөгөөтэйгүүр угаас энэ зөвлөл бий болсноор бүх зүйл сайн сайхан зүйл болчихно гэж хүлээх зүйл үгүй. Өмнө үүнтэй адил байгуулагдсан олон нийтийн зөвлөл гээч нь ч үлгэр жишээ үзүүлээд сайн ажиллаад байгаа юм алга. Төсөлд буй зөвлөлийн үүрэг хариуцлага, эрх үүргийг нь харвал үнэхээр үр нөлөө харагдахгүй нь. Хэсэг хүмүүст сэтэр цол өгөхөөс өөр олигтой үр дүн үзүүлэхгүй бол ийм зөвлөл байх хэрэг үнэндээ алга.
Үр тогтсон ч төрүүлэхийг хүсэхгүй бол хэвлийд нь устгахыг аборт гэх ажилбар хийдгийг бүгд мэднэ. Гэтэл яг үүн шиг “хүсээгүй хуулийг” батлагдахаас нь өмнө “амьгүй болгох ажилбар” ч мөн хууль тогтоогчид хийдэг аж. Тухайлбал Засгийн газраас өргөн баригдсан хуулийн төслийн эрхийг нь баталгаажуулсан заалтад ямар нэгэн байдлаар хязгаарлалтыг шигтгээд орхиж. Үүнд, “хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомжийг батлан мөрдөхийг хориглоно” гэдгийн урд “хуульд зааснаас бусад тохиолдолд”. “Хэвлэл мэдээллийн байгууллага болон түүний редакц, сэтгүүлч, сурвалжлагч нар мэдээ мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй” гэдгийг дунд мөн л “энэ хуульд зааснаас бусад тохиолдолд” хэмээх “цонхнууд” олноор гаргаж. Өөрөөр хэлбэл “чамайг зодохыг хориглоно” гэх дүрэм баталж өгсөн атлаа “дараах тохиолдолд зодож болно” гээд өөр нэгэнд боломж олгож байна гэсэн утга. Мөн торгуулийн заалтыг “бараг” л авч хаяснаар хуулийнх нь чухал заалтууд тунхгийн шинж чанартай л болчихож байгаа юм. Дээрээс нь ямар ач холбогдолтой нь тодорхойгүй зөвлөл, Ерөнхийлөгч зөвлөлийн гишүүдийг нь томилох заалт, биелэхээс зөрчигдөх нь илүү ойрхон “захиалагчаа зарлах зэрэг заалтууд” амь орох тусам Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн үндсэн зорилго сулрах болно. Тэр үед хуулийн амин сүнс үгүй болсон байх болно.
