Египетэд Исламын нам ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Египетэд Исламын нам ялалт байгуулав

Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг түлхэн унагаснаас хойш анх удаа болсон парламентын бүх нийтийн сонгуульд Исламын нам ялалт байгуулжээ. “Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө, шударга ёсны нам Египетийн парламентад олонхийн суудалд суухаар  болж, саналын тоогоор хэт хуучинсаг үзэл баримтлалт Салафист Нури нам хоёрдугаарт оржээ. Египетийн Ардын Ассамблейн 498 гишүүнийг сонгох сонгууль гурван үе шаттайгаар зургаан долоо хоног үргэлжилсэн юм. Харин эрх баригч цэргийнхэн дахин арван гишүүнийг томилох аж. Парламентын суудлын хэдэн хувийг ялалт байгуулсан нам эзэмших нь тодорхойгүй байгаа авч  Исламын намууд Ардын Ассамблейн суудлын гуравны хоёрт хяналтаа тогтоох бололтой. Харин хэт хуучинсаг үзэл баримтлалт Нури нам бүх суудлын дөрөвний нэг хувийг эзэмшихээр болж байна.  Шинэ Ассамблей ирэх даваа гаригт анхны чуулганыг зохиох гэнэ. “Лалын ахан дүүс”-ийн Эрх чөлөө, шударга ёсны нам Саад аль-Кататнийг Ассамблейн спикерээр томилно гэдгээ мэдэгджээ. Кататни нь өмнөх парламентад олон жил Лалын ахан дүүс намын албан ёсны, бие даасан статустай төлөөлөгч байжээ. Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг өнгөрсөн жил тус улсад өрнөсөн эсэргүүцлийн бослого хөдөлгөөний дараа огцруулсан билээ. Шинэ ерөнхийлөгчийг ирэх зургадугаар сард болох сонгуулиар сонгох юм. “BBC”-ийн сурвалжлагч Жон Лейн “Египетэд Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулдаг уламжлал хэвээр оршиж байгаа тул сонгуульд ялалт байгуулсан “Лалын ахан дүүс” нам шууд Засгийн эрхийг барихгүй” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж