Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.22-нд нийтлэгдсэн

Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлэв

“Талх чихэр” ХК-ийн нэрэмжит хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан өчигдөр /2012-01-21/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар, Т.Баттөмөр, О.Гантулга, аймгийн арслан А.Сүмбээ, Д.Батжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглов. Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон  сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Гранд дрилинг Монголиа” компани, “Жавхлант” дэвжээний бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат, ДЦС-IV, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.  Шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх аймгийн арслан Б.Баатарцол нар шалгарав.

Барилдааны үеэр зохион байгуулагчдын зүгээс Булган аймгийн Сайхан сумын харьяат, сумын заан Д.Пүрэвдоржид “уран барилдаан”-ны шагнал олгожээ. Сумын заан Д.Пүрэвдорж нь гурвын даваанд аймгийн заан Б.Ганзоригийг, дөрвийн даваанд аймгийн хурц арслан Р.Пүрэвдагвыг, тавын аймгийн арслан А.Сүмбээг тус тус давж, шөвгийн наймд долоон арслантай шалгаран үлдээд аймгийн хурц арслан О.Гантулгад тахим буулгасан юм. Түүнчлэн “Талх чихэр” компанийн нэрэмжит барилдаанд амжилттай барилдаж байсан бөхчүүдээс хамгийн өндөр цолд хүрсэн улсын заан Б.Соронзонболд, 2009 оны барилдааны түрүү бөх аймгийн хурц арслан А.Алтанхуяг, жаяг дэгийн багийн гишүүдээс гарын даа Ё.Амарбаясгалан, засуул н.Цэрэндаваа нарт тавгийн идээний “Ерөөл” иж бүрдэл бэлэглэжээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж