Хамтарсан Засгийн газар гэдэг “хортой мөөг”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газар гэдэг “хортой мөөг”

УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр бүтэн өдрийн турш АН-ын харьяалалтай зургаан сайдыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлаар маргалдаж өнжив. Ёстой юун улсын төсөв, юун Сонгуулийн хууль. Тэдгээр чухал асуудлыг ч гишүүд ингэж дангаар нь бүтэн өдөр хэлэлцэж байсангүй. МАН-ынхан АН-ыг замын дундаас хаяад явдаг шинжгүйгээр нь дуудаж, АН-ынхан түүхэн үүргээ гүйцэтгэж ганц нам дангаараа шийдэж амжихгүй байсан асуудлуудыг шийдсэнээ ярьж, зарим нь хэтэрхий мэргэн жараахайн сургааль хайрласаар нэгэн өдрийг үдэв. Эрхэм гишүүн Э.Бат-Үүл Засгийн газрыг Ерөнхий сайдтай, танхимтай нь огцруулах саналыг шургуу тавьж үзэв.

Л.Гүндалай гишүүн бүр сүүлд нь хамтарсан Засгийн газар гэдэг бол МАН-аас АН-д тавьсан “хортой мөөг” байсан хэмээв. АН ухаалаг болохоороо хоргүй талыг нь идсээр хорыг нь гараад ирэхээр хаяж байгаа юм гэлээ. Зарим нь хэлэлцүүлгийг бага ангийн сурагчид бие биеэсээ хоргүйхэн хариугаа авдаг шиг зүйл болгов. Б.Бат-Эрдэнэ гишүүн “Эртээд чи телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа намайг яалаа” хэмээн нэгийгээ зааж ч байх шиг.

Харин хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд хамтарсан Засгийн газар гурван жил гаруй ажиллахдаа хэзээ ч АН, МАН-аараа талцаж ажил гацааж байгаагүй, өндөр ёс зүйтэй ажиллаж ирснийг тэмдэглэж, танхимын зургаан нөхдөдөө талархал илэрхийлсэн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж