Өмнөд Солонгос Умардад хүнсний тусламж илгээв

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Умардад хүнсний тусламж илгээв

Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-д хүнсний тусламжийн анхны цувааг илгээлээ. Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирыг таалал төгссөнөөс хойш Өмнөд Солонгос анх удаагаа тусламж явуулж байгаа нь энэ юм. Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн яам Солонгосын энх тайвны сангаар дамжуулан БНСАУ-ын дунд сургуулиуд болон цэцэрлэгүүдэд тусламж болгон өгөх 180 тонн гурилын 27 тонныг ногоон гэрлээр шууд илгээжээ. БНСАУ хүнсний тусламжаас татгалзаагүй гэнэ. Сүүлийн хорин жилийн хугацаанд тус улсын хэрэгжүүлсэн цөмийн хөтөлбөр болон олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээ олон сая иргэнийг өлсгөлөн, гуйланчлалын туйлд хүргэсэн. Хэдийгээр олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хүнсний тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан ч тусламж өлсгөлөнд нэрвэгдсэн эмзэг бүлгийнхэнд биш, цэргийнхэн, элитүүдийн хэрэгцээнд зориулагддаг тухай шинжээчид мэдэгдэж байсан билээ. Ли Мён Бак 2008 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа БНАСАУ  тус улсын хүнсний тусламжийг зогсоосон юм. Хүнсний тусламж зохих хүмүүст хүрдэггүй тухай мэдээлэл гарч, Пхеньяны цөмийн хөтөлбөр аюулын харанга дэгдээх үед 2009 онд АНУ тус улсад хүнсний тусламж илгээхээ зогсоосон юм. Харин Ким Чен Ирыг нас барахаас хэдхэн сарын өмнө АНУ-ын албаны төлөөлөгч Бээжинд Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзсанаар уран баяжуулах хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж