“Бензин дээр худал ярьж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Бензин дээр худал ярьж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэж буй ч Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулж буй үнийн өсөлтийн эсрэг жагсаалыг хөндөхөд хүргэж байна. УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэлэхдээ “Төрийн ордныг горойлон өрнөж буй үнийн өсөлтийн эсрэг жагсаалыг би хувьдаа дэмжиж байгаа. Монголд өнөөдөр өрсөлдөөн байхгүйгээс монофолууд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг. Уршгаар нь иргэд хохирдог. Нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн явдал бол Тэргүүн шадар сайдын ажилтай холбоотой. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудалд харьяалагддаг. Харамсалтай нь, тус газар үнийн өсөлтийг зохицуулж чадсангүй. Хоёрдугаарт, энэ сайдууд их пээдгэр байна, тэгж ярих юм бол ядуурал энэ хугацаанд зургаан хувиар өссөн. Анх хамтарсан Засгийн газар байгуулагдах үед улсын хэмжээнд ядуурал 33 хувьтай байсан бол одоо 39.2 хувьд хүрсэн. Үүнд Ардчилсан нам хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг: “Бензин дээр та худлаа ярих шаардлагагүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үнэ зохицуулдаг газар биш. Бид маш олон удаа нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулж ирсэн. Гэтэл Ардчилсан нам засгаас гарах сургаар гуравхан хоногийн дотор үүнийг алдчихаж байгаа юм. Уг нь 3.4 жилийн хугацаанд зохицуулж ирсэн юм шүү дээ. Үүнийг зохицуулдаг гурван арга бий. Нэгдүгээрт, УИХ дээр мөнгө батлуулж аваад нөөц бүрдүүлэх. Мөн Онцгой албан татвар, Гаалийн татвараа ихэсгэж багасгах. Нөгөөтэйгүүр, ямар нэг дэд сайд үнэ нэмэх шийдвэр гаргадаггүй юм. Нөхцөл байдал ийм байна гээд асуудлаа Засгийн газарт оруулдаг. Энэ үед дээр хэлсэн гурван аргын нэгээр зохицуулалт хийдэг. Ядуурал өсөөд байна гэж байна, намынхаа сонгуульд амласан амлалтыг сайн уншаарай. Энэ их олон хүнд хайр зарлаж мөнгө тараана гэдэг чинь, инфляци үүсгэхээс өөр яах юм бэ. Баахан амлалтуудаасаа болъцгооё л доо” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж