“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Эмхтгэлийн шинэ дугаарт Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийтэллээ. Төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, төсвийн орлого, зарлага, тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төрийн сангийн тогтолцоо, түүний үйл ажиллагаа гэх зэрэг нарийн мэдээллийг зөвхөн “Төрийн мэдээлэл” эмхтгэл өгөх болно.

Түүнчлэн уг хуулийг дагалдан гарсан хуулиудыг мөн нийтэллээ.

Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулж, үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоход уг бодлогын зорилт оршиж байгаа аж. Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх эдийн засаг, нийгмийн үр дүнгийн талаарх мэдээллийг эмхтгэлээс авах болно.

    Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэллээ. Уг тогтоолоор газрын тос боловсруулах бага болон дунд хүчин чадлын үйлдвэрийг газрын тосны ордод түшиглэсэн байдлаар ойрын хугацаанд барьж байгуулах ажлыг түргэтгэх, дотоодын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих санаачилга гаргаж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих замаар бензин, түлш шатахууныхаа хэрэгцээг хангах зорилтыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Мөн Засгийн газрын холбогдох байгууллагад хэлэлцэгдэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах төслийг 2012 оны 02 дугаар сарын 10-ны дотор шалгаруулж, шалгарсан төслийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны дотор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

    Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх, бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтыг баталсан Засгийн газрын тогтоолуудыг бүрэн эхээр нь нийтлэв.

    БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлээс танилцах боломжтой. Энэхүү тогтоолоор БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд хөдөлмөр, нийгмийн даатгал болон халамж, хүн ам, гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, тэтгэврийн даатгалд хамруулах, монгол иргэдийн БНСУ-д төлсөн шимтгэлийг буцаан олгуулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг БНСУ-д байгуулж байгаа юм.

        “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2012.01.20

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж