Д.Хаянхярваа: Үүнийг улс төр гэдэг юм байлгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Үүнийг улс төр гэдэг юм байлгүй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч танд Дархан-Уул аймгийн Хонгор суманд очиж иргэдтэй уулзах санал тавьсан. Та тэнд очив уу. Ер нь Хонгорын бодит байдал ямар байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн “Хонгорт долоо хоногт хоёроос дөрвөн хүн үхээд байна” гэдэг мэдээ нэлээд олон хоногийн өмнө хэвлэлд гарсан. Ер нь нэг тийм цуврал хэвлэлд гараад байгаа. Үүний дагуу би аймаг, орон нутгийн удирдлага руу биеэрээ утасдаж хэлсэн. “Ингээд байгаа нь ямар учиртай юм бэ. Үүнийг нягталж тодруулаач” гэдэг санал хэлж байсан. Ерөнхийлөгчийг тэгж бүх хэвлэлийн өмнө цочмог зүйл хэлсний дараа  сумын удирдлага өчигдөр иргэдтэй уулзаж учирсан юм билээ. Эндээс хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэн очиж түүнийг харсан байх.

Би бол Хонгор сумын Засаг даргад хэлж байгаа. Хагас сайн өдөр буюу маргааш 12.00 цагаас Тамгын газар дээр чинь биеэрээ суугаад иргэдтэй биечлэн уулзъя гэдгээ хэлсэн. Элдэв хэвлэл, мэдээлэл дагуулахгүй. Иргэдийн бодит байдлыг сонсоё гэж байгаа.

Ерөнхийдөө би Хонгор сумыг маш сайн мэднэ. Надад тэнд очихдоо халгадаг, зугтаадаг зүйл байхгүй. Тэнд байнга очдог. Иргэдтэй байнга уулздаг. Ийм л харилцаа байгаа.

-Хонгорт хэдэн жилийн өмнө гарсан мөнгөн усны хордлого хэвээрээ юу. Намжсан уу. Хэвлэлээр гараад байдаг олон тоо баримтууд бодитой юу?

-Хонгорт тийм зүйл гараад зургаа, долоон жил боллоо. Үүссэн нөхцөл байдлыг Монголын ард түмэн мэддэг. Олон улсын байгууллагууд шинжилгээ судалгаа хийгээд, үнэлэлт дүгнэлт өгөөд гаргачихсан байдаг. Сонгууль жаахан дөхөөд ирэхээр миний нэр устай холбоотой асуудал болчихоод байгаа юм. Намайг Засаг дарга байхад ажлын хариуцлага талаас нь ярьдаг байлаа шүү дээ. Хариуцлага алдсан гэж. Одоо бол бүр хордуулчихсан гэж, би бараг хор аваачиж асгаад л хүн бүрт уулгачихсан юм шиг юм яриад байна.

Улстөржсөн энэ үйл ажиллагаа эргээд Хонгорын ард түмний амьдралд үнэн сөрөг гэдгийг л тэр хэдэн хүн ойлгоосой гэж хүсч байна. Хаян гэдэг хүний нэр хүнд энд хамаа алга. Хаян хордуулсан байна уу, тэр хүн УИХ-ын гишүүн байна уу, биш байна уу гэдэг сонин биш. Тэр Хонгор сумын төвд ажил амьдралаа залгуулаад явж байгаа 2500 хүний амьдрал цаана нь байна.  Ингэж улстөржөөд 2012 оны сонгууль хүртэл үргэлжлэх юм бол 2008, 2009 оны үеийн нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн балга сүү, жаахан ногоог хүн худалдаж авахгүй. Цайны газар ажиллуулаад зам зуурын хэдэн хүнд хоол унд өгөх гэхэд хүн орохгүй. Овоо боломжийн ургаж байгаа тариа ногоог нь хүн авахаа больчихно. Ингээд эхлэхээр тэр бүхэл бүтэн 2500 хүн амьдарч байгаа сумын амьдрал бүхэлдээ буцаад царцанги байдалд орж, тэнд оршин суугчдын амьдралд яаж тусах вэ гэдгийг тийм зүйл яриад байгаа хүмүүс ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс маргааш тэдэнтэй очиж уулзаж, ирэхгүй бол гэрт нь хүртэл очиж уулзана. Яагаад ингэж байгаа юм бэ гэдгийг нь олж мэдэх санаатай сууна.

-Хонгор сумын Засаг дарга өөр газар амьдардаг, телевизийн нэвтрүүлэгт мөлхөж орж ирсэн хоёр хүн буцаж очоод нас барсан гээд байгаа шүү дээ. Тийм зүйл үнэхээр болсон уу?

-Ийм аймшгийн яриа дэндэж байна л даа. Бүр хэрээс хэтэрч байгаа учраас л би очиж уулзах гээд байгаа юм. “Хүн мөлхөж байна. Мөлхөж очоод үхчихлээ. Жар гаруй хүүхэд зулбалаа” гээд л ярьж байна. Долоо хоногт дөрвөөс зургаан хүн нас барж байна гээд мэдээлж л байдаг. Ийм мэдээлэл цацаад байгаа хэвлэлийг яах юм бэ. Ийм юмаар шоу хийгээд байгаа хүмүүсийг яах юм бэ. Үнэн хэрэг дээрээ яваад очихоор бодит байдал тийм биш байгаа юм. Би МАН гээд өөрийнхөө нэр хүндийг хамгаалаад байгаа гэж бодоход АН-ын сайдтай ЭМЯ хэлээд байгаа шүү дээ. С.Ламбаа сайд “Ямар ч тийм юм байхгүй. Бидэнд ирсэн мэдээлэл байхгүй” гэдгийг хэлээд байгаа. Өвдөөд үхээд байгаа мөртлөө нэг ч удаа ЭМЯ-нд ханддаггүй, нэг удаа аймгийнхаа Эрүүл мэндийн газарт ханддаггүй, нэг ч удаа өөр хүнд ханддаггүй байснаа гэв гэнэт Ерөнхийлөгч рүү юм бичээд унана гэдгийг би гайхаад байгаа юм. Тэгэхээр энэ хэрээс хэтэрч байна. Үүнд хууль хяналтын байгууллага анхаарч аливаа юмны хэмжээ зааг гэдгийг тогтоох цаг болсон гэдгийг УИХ-ын гишүүнийхээ хувьд ч биш, хувь хүнийхээ хувьд үзэж байна.

-Ерөнхийлөгчтэй та эргэж уулзах байх. Таныг “Хонгор руу яваач. Тэнд таныг хүлээж байна” гэж байсан. Хонгороос ирээд хариугаа хэлэх үү?

-Яахав би иргэдтэй уулзана. Яаж уулзах нь миний асуудал. Маргааш нэг бүрчлэн суугаад уулзъя гэж бодож байна. Ингэж уулзаад дараа надаас Ерөнхийлөгч асуувал би нөхцөл байдлыг бодит байдлаар нь л хэлнэ.

Би ер нь нэг зүйлийг хариуцлагатай мэдэгдэхийг хүсч байна. Нэгд, би Хонгорын талаар нэг ч гажуу мэдээллийг хаана ч, хэзээ ч өгч байгаагүй. Хоёрт, би хэзээ ч, хэнтэй ч хуйвалдаж, хэнийг ч дарамталж Хонгорт ингэвэл тэгнэ шүү гэсэн асуудал ярьж байгаагүй. Надад ирж хандсан асуудал бүхэнд нь би тухайн үед нь тодорхой хариулт өгдөг байсан.  Холбогдох газарт тавьдаг санал шүүмжлэлээ тавьж байсан. Ингэж л явж ирсэн. Би тэр зарчмаараа л явна.

-Таныг Сангийн сайдад нэр дэвшингүүт л Хонгортой холбоотой асуудал эргээд гараад ирлээ л дээ. Бүхэл бүтэн сум хордуулчихсан хүн Монгол Улсыг даяар нь хордуулах юм уу. Ийм хүнд Монгол Улсын сан хөмрөгийг атгуулах гэж байна гэсэн сөрөг PR сайдад нэр дэвшмэгц гараад ирлээ. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Үгүй яахав дээ. Үүнийг бодвол улс төр гэдэг юм байлгүй дээ. Нэгдүгээрт би ингэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, ер нь зүгээр Монгол түмэнд Хаян гэдэг хүнийг айхавтар хор кармаалж яваад цацаад явдаг хүн гэдэг ойлголт өгөх гэж байгаа бол Дарханы ард түмэн намайг мэднэ. Би бүр нүүр баатар хэлнэ. Дарханы ард түмэн ямар ч байсан Хаян гэдэг хүн бол бас нэг ноён нуруу алдаад энд тэнд хор тараагаад, сангийн хөрөнгийг дураараа цацаад, өөрөө авч кармаалаад, олон түмэн, найз нөхдөдөө тараагаад өгчих хүн биш гэдгийг Дарханыхан мэднэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Тэгэхээр би яг үнэнээ хэлэхэд /инээв/ Монголын улс төр гэдэг юм их л халуун цэг рүүгээ орж эхэлж байгаа юм байна гэж бодож сууна. Үүнээс цааш нэлээд юм яригдах болов уу даа. /инээв/. Сонгууль эхэлж байна гэсэн ойлголттой л сууж байна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж