Хятад хурдаа сааруулав

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Хятад хурдаа сааруулав

Европын хямрал, инфляцитай тэмцсэн, дотоод хэрэглээний уналт зэрэг нь 2011 оны Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 9,2 хувь хүртэл сааруулжээ. Өсөлтийн хурд цаашид ч буурч, энэ жилд 8-8,5 хувь хүртэл буурна гэх дүгнэлтийг шинжээчид хийжээ. Тэр нь Хятадыг зүтгүүрээ болгосон дэлхийн эдийн засгийн сэргэлтийг удаашруулах үр дагавар авчрах бололтой.     

БНХАУ-ын статистикийн газраас мэдээлснээр өмнөх жил 10,3 хувьтай байсан Хятадын эдийн засгийн өсөлт нь 9,2 хувь болж буурчээ. Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 47,156 их наяд юань (7,4 их наяд доллар орчим) хүрсэн байв.

Хятадын эдийн засгийн өсөлтийг жилээр нь авч үзвэл ДНБ нь нэгээс гуравдугаар сард 9,7 хувиар, дөрөвөөс зургаан сард 9,5 хувиар, долоогоос есөн сарын хооронд 9,1 хувиар, араваас арванхоёрдугаар сард 8,9 хувиар тус тус өссөн юм. Хятадын эдийн засгийн өсөлт буурсан шалтгаан нь гадаад худалдааных нь гол эрэлтүүд буурсан нь нөлөөлсөн байна. Тухайлбал, арванхоёрдугаар сард Хятадын худалдааны гол түнш Европын холбооны орнуудад гаргасан экспорт дөнгөж долоон хувиар өссөн нь наймдугаар сарын 22 хувиас хамаагүй дор үзүүлэлт болов. Гадаад эрэлт буурсаныг дотоодын эрэлтийг нэмэгдүүлээд ч нөхсөнгүй.

Дэд бүтцэд оруулах улсын хөрөнгө оруулалт нь аажмаар өссөөр 23,8 хувьд хүрчээ. Өнгөрсөн онд тус орны бөөний худалдааны эргэлт 17,1 хувь хүртэл буурчээ. Эрх баригчдын инфляцийн эсрэг тэмцсэн явдал эдийн засгийн өсөлтөд нөлөөлөв. Жишээлбэл, жилийн дүнгээр 4 хувь байсан инфляци долдугаар сард 6,5 хувь хүртэл үсрэв. Үр дүнд нь Төв банк жилийн турш хэд хэдэн удаа банкуудын нөөцөд шаардлага тавилаа. Арванхоёрдугаар сард инфляци жилийн дүнгээр 4,1 хувь хүртэл буурчээ.

Эдийн засагчдын ихэнх нь Хятадын эдийн засагт хурд саарах явдал 2012 оны турш үргэлжлэн жилийн дүнгээр 8-8,5 хувьтай байна хэмээн дүгнэжээ. “2012 он ээдрээтэй жил болно. Дэлхийн санхүүгийн зах зээлийн савлалт, продекционизмын илрэл олон салбараар гарч ирэх зэргээс бид ноцтой асуудалтай тулгарч магадгүй юм” хэмээн БНХАУ-ын статистикийн албаны дарга Ма Жиантанг сануулан мэдэгджээ.

Гэсэн ч хөрөнгө оруулагч нар өөдрөгөөр харж байна. Хятадын эдийн засаг дэлхийн тэргүүлэгч нараас хамгийн хурдан өсөлттэй хэвээр байна. ДНБ-ний талаарх мэдээлэл нь зах зээлд ахиц авчирлаа. Мягмар гаригийн арилжааны хаалтаар индекс Shanghai Composite дөрөв гаруй хувиар өссөн байна. “Эдийн засгийн өсөлтийн сааралт чухал мэдээ ч гэсэн Хятадын Засгийн газрын барьж байгаа чиглэл нь тааламжтай” хэмээн CLSA компанийн макростратегч Энди Ротман хэлж байна. Үнэн хэрэгтээ сааралт гарсан ч ДНБ-ний үзүүлэлтүүд нь зорилгот зорилтуудаас давсан байна. Өнгөрсөн жилийн гаравдугаар сард Хятадын Засгийн газар ойрын таван жилийн төлөвлөгөөг батлан жилийн дундаж өсөлтөө найман хувь байлгах зорилт тавьсан юм.

“Эдийн засгийн өсөлт цаашид буурч болно. Гэсэн ч манай эдийн засаг хангалтай хэмжээнд тогтвортой, сайн байдалд байна. Тиймээс Засгийн газар мөнгө-зээлийн бодлогоо зөөллөх арга хэмжээг хойш тавьж болно” хэмээн Shenyin Wanguo Securitites-ийн эдийн засагч Ли Хуионгийн хэлснийг AFP иш татсан байна.

Харин Хятадын ДНБ-ний өсөлтийн сааралт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд сөрөг нөлөө гаргаж магадгүй. “Хятад сүүлийн жилүүдэд зээлдүүлгийн нөөцийг хуримтлуулах талдаа хүчтэй ажилласан. Энэ драйверийн өсөлт шавхагдах талдаа байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийн инерци хүчтэй байгаа учраас энэ жилдээ түүний сөрөг нөлөө гарахгүй байж болно. Харин ойрын жилүүдэд Хятадын эдийн засаг банкны ноцтой хямрал авсаж магадгүй учраас өнөөгийн түүний өсөлтөд найдвараа өгөх нь эрт” хэмээн зарим шинжээчид сануулжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж