Хар тамхи зөөвөрлөдөг гэх 10 хүнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөдөг гэх 10 хүнийг саатуулжээ

Брэндийн бүтээгдэхүүн нэрээр хар тамхи зөөвөрлөсөн 10 хүнийг саатуулж, 40 хүнийг холбогдуулан шалгаж буй гэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө. Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр цүнхэндээ хар тамхины зүйл хийж яваад онгоцны буудал дээр саатуулагдсан хэрэг гарсан. Тухайн этгээд Малайзаас Монгол, Монголоос Хятад руу мансууруулах төрлийн бодисыг брэндийн бараа нэрийдлээр зөөвөрлөдөг байжээ. Ийм байдлаар хар тамхины  наймаа хийдэг байж болзошгүй 10 гаруй хүнийг сэжигтнээр саатуулж, 40 гаруй хүнийг сэжигтнээр тооцон гадуур  байцааж байгаа аж. Энэ хэрэгт нэг гэр бүлийн болон хамаатан саднууд, сургуулийн насны хүүхэд ч холбогдсон байна. Сэжигтнээр саатуулагдсан хүмүүсийн өгсөн мэдүүлгээр “Гадаадад сургана, хэлний бэлтгэлд явуулна” гэсэн интернэтийн зарын дагуу очоод дээрх хэрэгт буруутгагджээ. Цагдаагийнхан үүнийг Малайзын хар тамхи худалдаалдаг гэмт бүлэглэлүүд энэ зарыг ашиглан бусдаар хар тамхи зөөвөрлүүлдэг байж болзошгүй гэж үзжээ. Тэд гадаадад суралцах сонирхолтой хүмүүстэй холбоо тогтоогоод эхний ээлжинд аав, ээждээ бэлэг авч өгөөрэй хэмээн 100-200 ам.доллар өгдөг. Улмаар брэндийн бүтээгдэхүүн өгч явуулах нэрийдлээр гэмт үйлдэлдээ ашигладаг байх магадлалтай гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж