”Татварын мөнгөөр эрсдэлийн сан байгуулах нь луйвар”

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

”Татварын мөнгөөр эрсдэлийн сан байгуулах нь луйвар”

Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсантай холбоотойгоор дагалдан гарах хуулийг төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Гэвч нэлээд маргаан үүсгэсэн юм. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 25-нд хүчингүй болно. Тэгэхээр банкинд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, болзошгүй эрсдэлийг төр дангаараа үүрэхгүйн тулд Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барьсан нь энэ юм. Хэрэв уг хуулийн төслийг баталбал 2013 оноос мөрдөх аж. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын гишүүн З.Алтай шүүмжлэлтэй хандаж буй юм. Иймд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-аар Хадгаламжийн даатгалын тухай, дагалдан гаргах хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Та үүнийг яагаад эсэргүүцэж байгаагаа хэлэхгүй юу?

-Банк, санхүүгийн систем нэг хэсэг хэврэг байлаа шүү дээ. Тэр үед банкин дахь иргэдийн хадгаламжийн, аж ахуйн нэгжийн эргэлтийн мөнгөнд төр баталгаа гаргасан юм. Ер нь төр хувийн банк, бизнес эрхлэгчдийн эрсдэлийг татвар төлөгчдийн мөнгөөр үүрч гардаг манайх шиг улс байдаггүй байх. Ингэснээрээ банкууд сөхөрч уначихгүй өдийг хүрлээ. Бас “Анод”, “Зоос” гээд дампуурсан банк бий. Төр баталгааг нь гаргачихаад байхад эдгээр банкууд дампуурч, иргэд, аж ахуйн нэгжийг хохироосон. Хамгийн харамсалтай нь 224 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөөр л хаасан. Үүгээрээ банк, санхүүгийн системд хариуцлага алга гэдгийн хэлмээр байна. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо тухайн банкны эрсдэлийн зардлын мөнгө нь юу байна, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадах уу гэдэгт хяналт тавих ёстой. Тэдний ажлаа хийж чадаагүйгээс болж бид 224 тэрбум төгрөгийг тавиад туучихлаа шүү дээ. Хувийн банкны эрсдэлийг төр татвар төлөгчдийн мөнгөөр хариуцдаг нь хамгийн буруу систем. Нэг хэсэг ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байсан. Хадгаламжийн даатгалын тухай, хуулийн төсөлд тусгаснаар эрсдэлийг банк үүрч, даатгалын систем мөнгөн сантай байх ёстой гэдэг нь зөв.

-Тэгвэл яг юунд бухимдаад байгаа юм бэ?

-Даатгалын системийн мөнгөн санг бүрдүүлэхийн тулд банкны мөнгө хүрэхгүй тохиолдолд улсын төсвөөс тодорхой хувийг гаргах нь зөв юм уу. Миний бухимдаад байгаа зүйл бол энэ. Нийт хадгаламж эзэмшигчдийн 90 гаруй хувь нь 10 сая төгрөгөөс доош хөрөнгөтэй хүмүүс байгаа юм. Харин үлдсэн дөрөв, таван хувь нь нийт банкинд хадгалагдаж байгаа мөнгөний дийлэнх хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, цөөн хүний мөнгө эргэлдэж байгаа гэсэн үг. Арилжааны банк бизнес хийж байгаа бол эрсдэлээ 100 хувь хариуцах хэрэгтэй. Ингэж ажиллах боломж бий. Тухайлбал, гадны даатгалын байгууллагатай хамтарч ажиллаж болно. Гэтэл тэд хамгийн ашигтай хувилбарыг нь бодоод татвар төлөгчдийн мөнгөөр эрсдэлийн сан байгуулах нь луйвар гэмээр байна.

-Хуулийн төсөлд зөвхөн иргэ­дийн банкин дахь 20 сая төгрөг хүр­тэлх хадгаламжийг даатгах тухай тусгасан. Чухам яагаад  20 сая төгрөг гэсэн юм бол
?

-Нэг иргэн 100 сая төгрөгийн хадгаламжтай байлаа гэж бодоё. Тэгтэл банк дампуурсан тохиолдолд даатгалын сангаас 20 сая төгрөгийг л гаргах юм. Түүнчлэн таван банкинд 20, 20 саяар хадгалуулж болно гэсэн хувилбар бас бий.

-Тэгэхээр та сөрөг дагавар гарна гэж үзээд байна уу?

-Миний хувьд сөрөг дагавар гарах болов уу гэж бодож байна. Хадгаламжтай хүмүүст “Манай банкууд дампуурахгүй. Банк, санхүүгийн хуулиуд сайн” гэсэн итгэл байх эсэх нь эргэлзээтэй. Эдгээр банкинд эргэлдэж буй хэдэн төгрөг гадагшаа урсчих юм биш биз дээ гэж санаа зовж байна.

-Хадгаламж  эзэмшигчид  мөн­гөө татах вий гэсэн болгоомжлол байгаа юм уу?

-Үүнийг хэлэхэд хэцүү. Хүн өөрийнхөө зөв, буруу аргаар олсон мөнгөө “Би банкинд итгэдэг. Дампуурвал дампуураг. Эрсдэлийн сангаас 20 сая төгрөгөө авчих юм чинь” гэж бодохгүй биз дээ. Хүү багатай ч гэсэн найдвартай гадны банкинд мөнгөө хадгалуулъя гэхийг үгүйсгэхгүй. Намайг ингэж ярихаар банк, санхүүгийн байдалд үл итгэлцэл бий болголоо гэж байгаа. Миний бодлоор иргэдийн мөнгөтэй холбоотой хууль учир сайн ойлгуулах нь чухал. Хамгийн гол нь уг хуулийн төслийг сайн судалж, бодох хэрэгтэй гэдэг үүднээс л яриад байгаа юм.

-Монголбанкны ерөнхийлөгч Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хурдан батлахгүй бол банк, санхүүгийн салбар хүнд байдалд орж мэднэ гэж байсан. Үүнийг юу гэж бодож байгаа вэ?

-Одоо бол банкны салбарт айгаад байх зүйл алга. Хэрэв ямар нэгэн алдагдал хүлээвэл татвар төлөгчдийн мөнгөөр хаана гэсэн хууль үйлчилж буй. Уг хуулийн төслийг яаран баталснаар банкны систем эрүүл болно гэдэг нь юу бол. Ямартай ч энэ салбарт хариуцлага байхгүй байна. Банк дампууруулсан хүмүүс хэвлэлээр гараад л байна шүү дээ. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

-Хариуцлага тооцохгүй байгаа шалтгаан нь улстөрчидтэй холбоотой юм биш үү?

-Энэ зөвхөн улстөрчидтэй холбоотой ч юм биш. Цагдаа, шүүх, прокурор чинь бүгд аалзны торонд орооцолдчихож.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж