Тимошенког алах гээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Тимошенког алах гээд байна уу?

Сүүлийн өдрүүдэд хамаатан саданаас нь эхлээд далайн чанад дахь улстөрчид хүртэл бүгд л Юлия Тимошенкогийн үхлийн талаар ярих болов. Хэдийгээр сөрөг хүчний лидерийг хөнөөх гэж байгаа тухай энэ яриа анхных биш ч өдгөө эдгээр ярианууд улам бодитой сонсогдох болжээ.

Эрүүл мэндийн яамны нэр хүндтэй комисс өглөө үүрээр гэнэтхэн улс төрийн гол хоригдлын өрөөгөөр ирж шалгасныг хэн ч эхлээд ойлгосонгүй. Мэдээж, Украины “нэр хүндтэй эмч нар” Юлия Тимошенкогийн эрүүл мэндэд аюул заналхийлэл алга гэж хэлэлгүй яахав. Тэд хоригдлыг хөдөлгөөнтэй бай гэж хэлжээ. Энэ хачин “аян”-ы учир удалгүй ил болов. Власти.нэт сайтад энэ талаар дэлгэрэнгүй бичсэнийг  орчуулан хүргэж байна.

Үнэн алдартны зул сарын өмнөх өдөр нэгдүгээр сарын 6-ны оройн 22 цагийн үед Юлия Владимировнагийн бие гэнэтхэн муудаж, ухаан алдан унажээ. “Түүнтэй цуг нэг өрөөнд хоригдож байсан эмэгтэй харуул дуудахаар бараг 20 минут орчим хаалгаа нүджээ” гэж хожим сэтгүүлч нарт Тимошенкогийн хамтран зүтгэгч Турчинов ярьсан байна. Түүний хэлснээр хориод минутын дараа харуулынхан шоронгийн эмчийг дуудсан гэнэ. “Сэхээн амьдруулах арга хэмжээ авч байж 24 цагийн орчим Тимошенког  хүнд байдлаас нь гарган амьдруулсан байна” гэж тэрээр хэлэв. Турчиновын хэлснээр Тимошенкогийн даралт 60, 40 байсан гэнэ. Хорих өрөөнд ажиглах камер тавьсан ч бүтэн 20 минутын турш түүнд тусламж хэрэгтэйг хэн ч анзаараагүй байна.

Энэ хэрэг явдлын дараа Качановын колонид Эрүүл мэндийн яамны комисс ирэв. Гэхдээ хоригдол ухаан алдсан гэж эмч нар тэмдэглээгүй.

Гурав хоногийн дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Александр Лисицков “Тимошенко ухаан алдсан нь худал. Мөн цуг хоригдсон эмэгтэй нь 20 минут хаалга нүдээгүй” гэж мэдэгдэв. “Эм ууснаас биш шүршүүрт 30 минут орсноос Тимошенкогийн даралт буурсан. Эмч ирэн тариа хийсний дараа гурав дөрвөн минутын дараа байдал хэвийн болсон” хэмээн Лисицков хэлжээ.

Янз бүрийн зөрөлдөөнтэй тайлбар, яриа нь Тимошенког эрх баригчид хөнөөх  гэж байна гэсэн дуулиан дэгдээгээд байгаа. “Улс орны удирдлага сөрөг хүчний лидерийг өргөст торны цаана нууж, Батькивщина намын дарга Юлия Тимошенког  хөнөөж байна гэж бид үзэж байгаа. Тиймээс ч манай нам, манай фракцийн депутатууд улс төрийн аллагыг зогсоон Тимошенког суллахыг шаардаж байна” гэж Турчинов мэдэгджээ. Сөрөг хүчин дараагийн алхмаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгчдийг Дээд Радад дуудаж, хорих өрөөнд болсон явдлын талаар тайлбар өгөхийг шаардав.

Энэ дагуу нэгдүгээр сарын 11-нд Улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага тайлбар өгөв. Гэхдээ тэд хорих өрөөний дүрс бичлэгийг үзүүлэхээс татгалзан шоронд видео архив байхгүй гэжээ.

Тимошенкотай тохиолдсон явдлын талаар Виктор Януковичийн хамтран зүтгэгч эмэгтэй Анна Герман телевизээр инээдтэй тайлбар өглөө. “Харамсалтай нь, шорон бол амралтын газар би ш. Шорон бол шорон. Шорон бол Баден-Баден биш” гэж тэрээр яриад Тимошенког өрөвддөг гэв. “Гэвч хувь тавилангийнхаа учралд тайван хандах хэрэгтэй. Байгаа юмыг байгаар нь хүлээн авах нь зүйтэй” гэж тэрээр телевизээр ярив. “Бидний насны эмэгтэйчүүдэд ухаан алдах явдал байдаг. Би өөрөө шууд нэвтрүүлэгтэй байхдаа ухаан алдаж л байсан” гэж ерөнхийлөгчийн зөвлөх хэлжээ.

Саяхан Чехээс улс төрийн орогнол авсан Тимошенкогийн нөхөр Александр энэ дуулиан дээр бас хүч нэмэв. Тэрээр дэлхийн хамтын нийгэмлэгт хандан эхнэрээ үхлээс аврахыг уриалсан мэдэгдэл хийлээ.

”Би миний эхнэрийг шоронгоос чөлөөлж, дэглэмийн тамлал доромжлолоос аврахад минь туслаач хэмээн дэлхий ертөнцөөс гуйхаар ийшээ ирсэн юм” хэмээн тэр мэдэгджээ. Януковичийн дэглэмийн гянданд миний эхнэрийг устгахаас хамгаалаач хэмээн би дэлхийн бүх лидерүүдэд хандаж байна.  Юлия Тимошенко 2009 оны нэгдүгээр сард Европыг хүйтэн өвлөөс аварч байв. Одоо түүнийг өөрийг нь аврах  хэрэгтэй боллоо гэж Тимошенкогийн нөхөр мэдэгджээ.
Энэ бүх дуулианы галыг унтраахаар Украины эрх баригчид эмч нараа урдаа барив. Эрүүл мэндийн яам нь Тимошенко ухаан алдсан гэдэг нь худал хэмээн мэдэгдсэн байна. “Ю.В. Тимошенко ухаан алдсан биеийн байдал нь хүндэрсэн гэх худал мэдээлэл тарж буйтай холбогдуулан Украины Эрүүл мэндийн яам дараах мэдэгдлийг хийж байна… Ю.В.Тимошенкогийн биеийн байдал зүгээр. Комиссийн гишүүдэд түүнийг цаашид эмчлэх талаар зохих заавар өгсөн” гэж яамны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Францын ГХЯ-ны дэргэдэх Хүний эрхийн төлөөлөгч Тимошенког эргэнэ

Францын ГХЯ-ны дэргэдэх Хүний эрхийн төлөөлөгч Франсуа Зимере колонид ял эдэлж байгаа Украины экс-ерөнхий сайдтай уулзахаар ирэх гэнэ. Тэрээр Украинд айлчлах явцдаа Юлия Тимошенкотай уулзах хүсэлтээ эрх баригч нарт нь тавьсан байна.

Гэхдээ үүнийг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй.  Тэрээр 18-ний өдөр Украинд ирснийхээ дараа колонид очихын өмнө хэвлэлийнхэнтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Тимошенког  хэрхэн хөнөөх гэв

Леди Ю-гийн эрчимтэй улс төрийн карьерын жилүүдэд түүнийг хөнөөх оролдлого өөрийн хэлбэртрэй амьдралынх нь хэм хэмжээ болсон байв. Түүнийг 2002 онд машинтай нь мөргөсөн ба 2003 онд бас түүнд халджээ. Цаашид жил бүр улс төрийн идэвх нь өндөр онуудад жилдээ хоёр удаа  ч аминд нь халдахаар  оролдсон байлаа.

Юлия Тимошенкогийн нийгмийн зүтгэлийн түүхийг эргүүлэн үзвэл түүнийг хөнөөх гэсэн оролдлого ердийн зүйл болон цуврал халдлагуудаас бүрэлдэж байна. Эдгээрийн завсараар Юля ямар нэг зүйл хийж амжаад ирсэн байх ажээ.

Улсын хамгаалалтын албаны экс-дарга Валерий Гелетей мэдэгдэхдээ Украинд Юлия Тимошенко, Давид Жвания ба Юрий Луценко нарын амь насанд халдахаар бэлтгэгдэж байна гэж хэлсэн байдаг.  Тэрээр Оросын “КоммерсантЪ” сонины “Таны өмнө мэдэгдэж байсан алдартай улстөрчдөд халдах гэж байсан гэж хэлсэн зүйл батлагдсан уу?” гэсэн асуултад хариулахдаа “Нэгэн удаа би Юлия Тимошенко, Давид Жвания ба Юрий Луценко нарын амь насанд халдахаар бэлтгэгдэж байна гэсэн юм. Миний тэр үг хэрхэн батлагдах ёстой болж байна вэ? Хамгаалагч нараас нь хэн нэгийг хөнөөж байж батлах хэрэг үү? Миний мэдэгдэл бол жинхэнэ үнэн мэдээлэл байсан ба өнөө хүртэл энэ талаар мардан байцаалт явуулж байгаа нь үүнийг баталсан хэрэг. Худал байсан бол хэргийг хаана шүү дээ” гэж тэр хариулжээ.

Власти.нэт сайтад Валерий Гелетейн мэдэгдэл 2007 онд гарсан байлаа. “Бидэнд байгаа материалаар Тимошенког сөрөг хүчний лидер гэдгээр нь хороох хүмүүсийн жагсаалтын эхэнд  оруулсан байсан. Энэ долоо хоногт түүний амь насанд халдах ёстой байсан” хэмээн тэр үед Хамгаалтын албыг толгойлж байсан Гелетей сайтад ярьсан байв. Мөн “Улбар шар хувьсгалын” лидерүүд болсон Юрий Луценко ба Давид Жвания нарын амийг хөнөөхөөр бэлтгэж байжээ. Энэ халдлагыг Украины гэмт хэргийн бүлэг “радикал үзэлтэй улстөрчидтэй” нийлэн бэлтгэж байсан гэнэ. Тимошенког ерөнхий сайдад дэвшүүлж байсан 2007 онд Укртелеком компанийн байранд пүрэв гаригт Тимошенког хөнөөнө гэсэн бичиг хаясан байв. Хожим түүний эзнийг олоогүй юм.

Жилийн дараа 2008 онд Украины Аюулгүйн алба Гелетейн мэдэгдлийн дагуу шалгаад хэсэг бүлэг хүмүүс 2007 оны сонгуулиар Тимошенког хорлох гэж байсан гэдгийг тогтоосон байжээ. Гэмт хэргийн гол толгойлогч хилийн чанадад байгаа. Одоо Юлия Тимошенкод аюул занал байхгүй болсон гэж Аюулгүй байдлын алобаны хэвлэлийн төлөөлөгч Марина Остапенко тэр үед хэлж байжээ.

Юлияг хөнөөх гэж байна гэсэн дуулиан 2005 онд гарлаа. Ерөнхий сайд байсан тэр өөрөө ч үүнийг хэлж байв. 2002 оны сонгуулийн өмнө Тимошенкогийн машиныг нэг “жигули” урдаас нь мөргөсөн байв. Ерөнхнийлөгч Кучмагийн талынхан үүнийг хнийсэн гээд  Юлиягийн хамтран зүтгэгчид нь хэлж байлаа. Хожим Тимошенкогийн жолооч буруутай болоод өнгөрсөн юм.

2003 оны есдүгээр сард Батьківщина намаас мэдзэгдэхдээ Киев хотын ДХЯ-ны жижүүр дэд хурандаа Сергей Сергеев Тимошенкогийн нарийн бичгийн даргад утасдан түүний алба лидерийн амь насанд халдах гэж байгаа тухай мэдээлэл авсан гэж хэлж байжээ. 2004 онд абас нэг халдлагын тухай мэдээллийг шалгахад мэдээг Переяслав-Хмельницкий хотын нэгэн сонины редактор явуулсан байж таарчээ.

“Кировград хотод сонгуулийн үеэр Тимошенког хорлохоор жинхэнэ мина тавигдсан байсан” гэж Евгений Червоненко гэдэг хүн 2005 онд мэдээлж байсан гэнэ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж