Макро ЭЗ-ийн бодлого дутагдаж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Макро ЭЗ-ийн бодлого дутагдаж байна гэв

“Голланд өвчний шинж тэмдэг аль хэдийнэ харагдаад эхэлчихсэн. Энэ цаг үед эдийн засгийн зөв бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Танайд халамжийн системийн дагуу мөнгө тарааж байна. Голланд өвчний шинж тэмдэг тэртээ тэргүй мэдэгдээд эхэлчихсэн энэ цаг үед бэлэн мөнгө тараах нь бусад салбаруудад ч хүндээр нөлөөлж байгааг тогтоосон. Тиймээс макро эдийн засгийн системтэй бодлогыг нэн даруй хэрэг­жүүлэх шаардлагатай” гэж Өмнөд Солонгосын хөгжлийн хүрээ­­лэнгийн доктор Чо Дон Чул сануулж, басхүү зөвлөж байна. Чухамдаа өчигдөр болсон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн макро бодлого” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Өмнөд Солонгосоос ирсэн эрдэмтэд нэгэн дуугаар ийнхүү сануулж байсан юм. Энэхүү хэлэл­цүү­лэгт Өмнөд Солонгосын эдийн засагч, эрдэмтэд оролцож, зөв­лөмж, зөвлөгөө өгсөн нь учиртай. Өмнөд Солонгосын Засгийн газар хөгжиж буй орнуудад өөрсдийн туршлагаас хуваалцаж бодлогын зөвлөгөө өгөх, тухайн орны бодлого боловсруулагчдад мэдлэг өгөх зорилготойгоор “Мэдлэг солилцох хөтөлбөр”-ийг тус улсын Стратеги, санхүүгийн яам болон Өмнөд Солонгосын хөгжлийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж эхэлжээ. 2004 оноос анхлан хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрт манай улс 2010 оноос хамрагдаад байгаа аж. Өнгөрөгч 2011 онд уг хөтөлбөрийн дагуу манай улсад “Монгол Улсын тогтвортой хөгжлийн макро бодлого” сэдвийн доор таван чиглэлийн дагуу судалж, бодлогын зөвлөгөө өгсөн байна. Тиймээс бүтэн жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжүүдийг олон нийтэд таниулах зорилгоор өчигдөр Кемпински зочид буудлын хурлын танхимд хэлэлцсэн нь энэ.

Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялаг, уул уурхайн түүхий эдийн үнэ хэл­бэлзэх нь ихэсч байгаа өнөө цаг үед Монгол Улсад аюул­тай байж болзошгүйг Өмнөд Солон­госын эрдэмтэд сануулж байна. Жишээлбэл, дэлхийн зах зээл дээрх нэг тонн зэсийн үнэ 6000-9500 ам.долларын хооронд хэлбэлзэж байдаг ажээ. Зэсийн үнийн хэлбэлзэл ихэсч, тэр дундаа өмнөхөөсөө буу­рах тохиолдол ажиглагдах тоо­­л­онд Монгол Улсад ихээхэн эрс­дэл­тэй байх юм. “Бид Өмнөд Солонгосын эрдэмтэй хамтарч судалгаа хийж байхад нэг л зүйлийг сануулж байсан. Хэт давамгайлсан халамжийн бодлого тэртэй тэргүй “Голланд өвчин” илэрчихсэн бай­гаа танай эдийн засагт хүндээр нөлөөлсөн. Цаашдаа ч нөлөөлөх байх. Тиймээс макро эдийн засгийн уян хатан бодлогыг явуулах байх гэж хэлж, сануулж, зөвлөж байсан” гэж Сангийн яамны мэргэжилтэн Г.Хандцоож ярьж байлаа.

Хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэж, төсөв урьд байгаагүйгээр нэмэгдсэн энэ үед зөвхөн мөнгөний бодлогоор Монгол Улсын эдийн засгийг тогтоон барина гэдэг амаргүй. Учир нь манай улсын бодлого тодорхойлогч, ерөөс ард нийтэд ханшийн хүлээлт харьцангуй өндөр байгааг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоожээ. Тиймээс макро эдийн засгийн бодлогыг системтэйгээр, уян хатан хэрэгжүүлэх шаардлагатайг анхааруулж байлаа. Одоогоос хэдэн жилийн тэртээ Өмнөд Солонгос улсын төв банк мөнгөний хатуу бодлогыг баримталж байжээ. Гэтэл 1996-1997 оны хооронд улсынх нь эдийн засаг бүрэн уналтанд орж, хямрал нүүрлэсэн аж. Гол шалтгаан нь Өмнөд Солонгос улс зөвхөн мөнгөний бодлогоор л эдийн засгаа тогтоон барина гэдэгт итгэсэн хэрэг. “Зөвхөн мөнгөний бодлогоор эдийн засгаа тогтоон барина гэдэгт тэр бүр найдах хэрэггүй. Одоогийн байдлаар бид мөнгөний бодлогыг л чухалчилж байна. Бодлого боловс­­руулагчид болоод эдийн засаг­чид макро эдийн засгийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Гэхдээ энэ бод­логыг чамбай боловсруулах ёстой. Хэр­вээ боловсруулаад хэрэгжүүлэх юм бол бид аюулыг тойрч гарч чадна” гэж Монгол банкны мэргэ­жил­тэн Н.Ургамалсувд ярьж бай­сан юм. Өмнөд Солонгосын мэргэжилт­нүүдийн Монгол банк­ны­ханд онцгойлон анхааруулж байсан зүйл нь мөнгөний бодлого. Тэд Монгол банк валютын уян хатан чанарыг тогтвортой барьж, хүүгийн бодлогыг арай эрчимтэй хэрэгжүүлэх нь зохистойг анхааруулж байлаа.

Солонгосын эрдэмтэдийн ан­хаар­­лын төвд байгаа зүйл нь олсон баялагыг хадгалах сан байлаа. Гэхдээ энэ нь Хүний хөгжлийн сангаас чанар болоод үүргээрээ эрс тэрс ялгаатай. Олсон баялагаа хадгалаад үндэсний хэмжээнд шийдлээ хүлээж байгаа стратегийн ач холбог­дол­той салбарт зүй зохистой ашиг­лах ёстойгоороо манайд хэрэг­жээд байгаа “Хүний хөгжлийн сан”-гаас өөр. Мөн үндэсний хэмжээнд эдийн засгийн ямарваа нэгэн хямрал тохиолдох болон инфляци өсөх, орлого, зарлагын алдагдлын дарамтыг бууруулахад ашиглах зориулалттай аж. Гадны эрдэмтэдийн зөвлөөд, бид одоо санаад байгаа энэ асуудлыг Чили улс хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Тус улс “Баялагын нэгдсэн сан” гээчийг байгуулсанаараа тус улс бүс нутагтаа төдийгүй дэлхийд уул уурхайн баялагыг зөв зарцуулж, эдийн засгийн өсөлтөө хангаж чадсанаараа тэргүүлж байна.

Монгол улсын банкны систем одоогийн байдлаар маш болхидуу загвартай байгаа нь солонгос эрдэмт­дийн нүдэнд тусчээ. “Танай банкны системд нэн даруй реформ хийх шаардлагатай. Арилжааны болон төрийн мэдлийн банкнуудын үүрэг, роль хүүгийн, уян хатан бодлогыг тодорхой болгох шаардлагатай” гэж Чун Ан их сургуулийн профессор Шин Инсиок сануулж байлаа. Монгол Улсын хувьд чанаргүй хөрөнгийн худалдаа болон зээлийг цэгцлэх үндсэн байгууллага хараахан байхгүйтэй холбоотойгоор эдийн засагт томоохон эрсдэл үүсэх магадлалтай аж. Тиймийн тулд ийм байгууллагыг нэн даруй байгуулах шаардлагатай байна. Энэ байгууллага нь төрийн өмчит байхаас гадна үйл ажиллагааны гол чиглэл нь санхүүгийн байгууллагын чанаргүй хөрөнгөд хяналт тавьж, цэгцлэхэд орших ёстой аж. Энэхүү байгууллагын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд барьцаа хөрөн­гийн эрхийн талаарх эрх мэдлийг шүүхээр дамждаггүй энгийн аргаар шийдвэрлэх аргачлалыг бий болгох шаардлагатай анхааруулж байв.

Төсөв батлахтай холбогдсон асууд­­­лууд Өмнөд Солонгосын эр­дэмт­дийн анхаарлыг татаж бай­лаа. Тиймээс тэд ийн зөвлөж байна. Улсын их хурал, Засгийн газ­рын төсвийн саналын нийт дүнг нэмэг­дүү­лэх юм уу тодорхой төсвийн сана­лын дүнг нэмэгдүүлэхийг хязгаарласан хууль, тогтолцоог бий болгох нь чухал юм. Мөн Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр УИХ төс­вийг нэмэх боломжтой арга замыг бий болгох хэрэгтэй аж. “Төсвийг үрэхийн тулд цааш дахин өс­гө­хийн тулд байдаг. Тиймээс төсвийг батлахдаа эдийн засагчдаас зөвлөгөө авах гэх мэт аргыг хэрэглэх нь зүйтэй. Хэрвээ халамжийн бодлогод зориулаад л байх юм бол төсөв түнтийсэн ч алдагдал нь томор­соор л байх болно” гэж Өмнөд Солон­госын хөгжлийн хүрээлэнгийн мэргэ­жил­тэн Ким Канг Со ярьж байсан юм.

“Бид анх хөгжлийнхөө загварыг Япон улсаас авсан юм. Япон, Өмнөд Солонгос хоёр цаг уур, газар нутаг, соёлоороо ихээхэн төстэй байсан. Тиймээс л хөгжлийн загвар болгож энэ улсыг сонгосон хэрэг. Анх үүнийг дэмжихгүй хүмүүс байсан. Хөндлөнгийн хүмүүсийн шүүмжлэл, гадны байгууллагуудын зөвлөмжүүдийг тусгаж, ажил хэрэг болгосон учраас л манай улс энэ төвшинд хөгжиж, дэлхий нийт үүнийг хүлээн зөвшөөрч байна” гэж Мён Жи их сургуулийн профессор Шим И Соб ярьж байсан юм.

Энэ мэтчилэн Монгол Улсын эдийн засагт нэн чухал хамааралтай эдгээр сэдвүүдийг нэг өдрийн турш хэлэлцлээ. Тэд жилийн турш Монгол банк болон Сангийн яамтай хамтран эдийн засгийн нарийн судалгаа шинжилгээг хийжээ. Өчигдөр бодло­гын зөвлөмжүүдээ олон нийтэд танилцуулсан нь аль болох түргэн хугацаанд нааштай арга хэмжээг авах шаардлага тулгараад байгааг сануулсан хэрэг.

Харин одоо өдрийн турш ярилцаж, хэлэлцсэн эдгээр асуудалд бодлого гаргагчид хэрхэн хандахыг хүлээх л үлдлээ. Хурлын төгсгөлд Өмнөд Солонгосын эрдэмтэд нэгэн дуугаар бидэнд хандаж хэлсэн үгийг дуулгая. “Макро эдийн засгийн уян хатан бодлогыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай. Хугацаа алдах тусам эрсдэл өндөрсөнө” гэж.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж