Х.Баттуул: Тулга бид хоёр нэг өдөр төрсөн

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Х.Баттуул: Тулга бид хоёр нэг өдөр төрсөн

Манай улсын нийслэл Улаанбаатарт өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд “Mongolia Open” чөлөөт бөхийн олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болж, бөхөд хайртай монгол түмнийг баярлууллаа. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Женко” групп хоёр дахь жилдээ ажиллаж, бид бүхэнд дэлхийн шилдэг бөхчүүдийн гайхамшигт барилдааныг эх орондоо үзэх боломж олгосон билээ. “Mongolia Open”-ий дуулиан тасраагүй энэ үед “Женко” группийн ерөнхийлөгч, нэрт бизнесмэн, чөлөөт бөхийн ОУХМ, 1987 оны Дэлхийн цомын мөнгөн медальт, 1990 оны Сайн санааны тоглолтын аварга Халтмаагийн Баттуултай ярилцсанаа хүргэе. Тэрбээр тун ч завгүй хүн. Нэг дор удаан ярилцлага өгөх цаг гардаггүй. Тиймээс энэхүү ярилцлага хоёр өөр өдөр хийсэн гурван ярилцлагаас бүтсэн гэвэл уншигч та бүү гайхаарай. Энэ эрхэм нэгэн цаг үед 57 кг-ын жинд барилдаж явсан ОХУ-ын Сергей Белоглазов, БНАСАУ-ын Ким Ён Сик, Болгарын Георгий Калтчев, Ираны Аскари Махоммадиани нарын домогт тамирчин андуудаа урин авчирсан нь тэмцээний хамгийн том сюрприз байсан. Тэмцээн өндөрлөсний дараагийн өдрөөс хамтарсан бэлтгэл эхэлсэн бөгөөд дээрх дөрвөн бөх нэг нэг өдрөөр удирдаж буй. Олимпийн хошой, дэлхийн зургаан удаагийн аварга домогт Сергей Белоглазовын удирдсан уржигдрын бэлтгэлийн дараа Х.Баттуулыг хувцсаа солих зуур ярилцлагаа овоо дөхүүлж авсан юм.

СПОРТ УЛС ТӨРИЙН ӨМНӨ ЯВААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

-“Mongolia Open” таны санаа­чилга байсан уу?

-Миний санаа л даа (инээв). 2009 оны УАШТ болсны орой Б.Болд, Х.Амараа, Ло.Энхбаяр бид хэд “Үүнийг цаашаа олимп хүртэл аваад явбал яасан юм бэ. Ингэж сайжруулахгүй бол манай бөхчүүдийн амжилт улам уруудаж магадгүй” гэж ярилцсан. Ингээд анхныхыг нь өнгөрсөн жил зохион байгуулсан.

-Энэ удаагийн тэмцээний тухай юу хэлэх вэ?

-Иймэрхүү тэмцээн зохиогоод, хамтарсан бэлтгэл хийгээд бай­вал тамирчдын амжилт ахина. Манайхан гадагшаа тэм­цээнд явдаг ч яаж барилдсан нь мэдэгддэггүй. Харин энэ тэмцээнд Монголын 150 гаруй тамирчин өрсөлдлөө. Тэд гадны өндөр зэрэглэлийн тамирчидтай гар зөрүүлж, туршлага сууж, дэлхийн хөгжил хаана явааг мэдлээ. Бараг жилийн юмыг нааш нь татчихаж байгаа хэрэг юм. Куба, БНАСАУ-ын бөхчүүд ирлээ. Энэ улсын тамирчид манайд сүүлийн 20-иод жил ирээгүй. Бараг спорт улс төрийн өмнө яваад байгаа юм биш үү. Үзэгчид маань иймэрхүү тэмцээнээр их цангасан байна.

-“Mongolia Open” өнгөрсөн жил УАШТ хэлбэрээр болж, “Женко” групп 350 гаруй сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Харин энэ жил Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны “А” зэрэглэлийн тэмцээний статустай болж, шагнал урамшуулал нь ч өслөө. Нийт зардал нь хэд болсон бэ?

-БТСГ, МЧБХ, “Женко” групп, Үндэсний хөрөнгө оруулалтын банк хамтраад 450-500 сая төгрөг гаргасан. Энэ бол улсад их мөнгө биш ээ. Улс орон бүр ийм тэмцээнтэй байх хэрэгтэй. Хувийн хэвшлүүд нийлж байж эхний хоёр тэмцээнийг нь өндөр түвшинд зохион байгуулж, суу­рийг нь сайхан тавилаа. Цаашдаа спортоор дамжуулж улс эх орноо сурталчлах, хөгжлийг нь урагшлуулахын тулд олимпийн төрлийн тэргүүлэх спортын нэг нэг том тэмцээнтэй болсон нь дээр байх.

-Та жинжавуудаа урьсан нь жинхэнэ сюрприз байлаа. Энэ алдарт бөхчүүдийг хэрхэн цуглуулсан бэ?

-Тэд бүгд завгүй хүн. Өнгөрсөн намар Туркийн Стамбулд болсон ДАШТ-ээс эхлэн хөөцөлдсөн. Тэд хамтарсан бэлтгэлийг нэг нэгээрээ удирдах нь тэмцээнээсээ илүү үр өгөөж өгөх байх. Харин Кевин Даркус, Хидеаки Томиями нар ирж амжсангүй. Алехандро Пуэрто Кубад биш Испанид байгаа юм байна лээ.

-Томиямигийн багшилдаг их сургуулийн шалгалт нь эхлээд ирж чадаагүй гэж сонсогдлоо?

-Тийм шүү. МЧБХ-ноос гадна Асашёорюү Д.Дагвадорж аварга хүртэл хөөцөлдөж, өөртэй нь очиж уулзсан. Томиями өөрийнхөө бүх төлөвлөгөөг үзүүлж, ирж чадахгүйгээ мэдэгдэж, бидэнд мэндчилгээ хүргүүлсэн юм.

ААВ НАМАЙГ УРДАА, АХЫГ АРДАА СУУЛГААД ЯВДАГ БАЙСАН

-Би 1970-аад оны үеийн нэг зураг харж байсан юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Х.Баянмөнх аваргатай олон хүн зураг авахуулсны дунд нэг хүү байсан нь та юм билээ?

-Би найман настай байсан гэхээр 1973 оны наадам юм шиг байгаа юм. Аав Тулга бид хоёрыг дагуулж тэр жилийн наадмыг үзсэн юм. Тэр үед Төв цэнгэлдэх хүрээлэнд орох их хэцүү байлаа. Аав бид хоёрыг чихээд аваад орчихож байсан санагдана. Бид хоёр наадмын талбай дээр аавыгаа дагаж сайхан байж байгаад л тэр зурганд орчихсон юм. Би яг авахуулснаа санадаггүй. Аав минь зураг авахуулах болоход намайг тийш зогсоосон уу, эсвэл зорьж авахуулсан уу. Сүүлд аавын цуглуулгаас гарч ирсэн. Аав минь 40-өөд жил бөх зассан.

-Цуглуулга нь одоо байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Аав минь сонин, сэтгүүл хадгалах дуртай байсан. Улсын баяр наадмын бөхийн дүйз, “Интернациональ” тэмцээний дүнг хуучин монгол үсгээр тэмдэглэдэг байсан. Бичсэн зүйлүүд нь одоо ч гэсэн байгаа.

-Х.Баттулга гишүүн та хоёр тэрсхэн өссөн байх. Хэдэн насны зөрүүтэй юм бэ?

-(Инээв). Хоёр насны зөрүүтэй. Ах 1963 оны гуравдугаар сарын 3-нд, би яг хоёр жилийн дараа төрсөн. Нэг хоногийн ч зөрүүгүй яг хоёр жилийн зайтай төрсөн сонин юм байдаг.

-Танайхыг их олон үхэртэй айл байсан гэж ярьдаг юм билээ?

-Яармаг бол хагас хотожсон газар. Айлууд мал их маллана, түүнийхээ ач буянаар амьдардаг байсан. Тэгэхгүй бол амьдрал их хэцүү. Малынхаа сүү саалийг авна, хоёр гурван жил болж нэг нядалдаг байсан. Тухайн үед “Ажилчны районд амьдарсан бол ажилчин болох ёстой” гэсэн ухагдахуун байлаа шүү дээ.

-Ах дүү хоёр яагаад самбо, чөлөөт гэсэн бөхийн хоёр өөр төрлөөр хичээллэх болсон юм бэ?

-Аав маань бөхөд дуртай болохоороо бид хоёрыг “Хөдөл­мөр” нийгэмлэгт дагуулан очиж, Тулгыг Г.Жадамба багшийн самбо бөхийн, намайг Х.Намшир багшийн чөлөөт бөхийн дугуй­ланд оруулсан. Бид хоёрыг дагуулж явж бөх их үздэг байсан. Ганц бөх биш л дээ. Дугуйныхаа ард нэг суудал хийчихсэн. Тэгээд усанд ч явсан модонд ч явсан намайг урдаа сундлаад, ахыг ардаа суулгаад явдаг байсан. Тухайн үед сайхан ч байж. “Хөдөлмөр” нийгэмлэгийн спартакиад, ажилчдын спартакиад наадам гээд бүх тэмцээнд бид хоёрыг дагуулаад явдаг байсан. Ажилчны районы нийгэмлэгийг “Хөдөлмөр” гэж нэрлэхгүй бол өөр юу гэх вэ дээ.

-Багадаа хэн шиг бөх болохыг хүсдэг байв?

-Том том биетэй бөхчүүдийг харж гайхаад, бүгдийг нь хүндлээд явж байсан. Бас нэг сонин юм ярья. Бөхийн секцэнд ороод удаагүй байхдаа районы аварга болоод сонин дээр гарч байсан. 1980 оны олимпод Белоглазов түрүүлэхийг зурагтаар үзсэн болохоор сурвалжлагчийн асуул­тад түүн шиг бөх болно гэж хариулсан байдаг юм. Аавын минь хадгалсан тэр сонин надад одоо ч байдаг.

-Та Туул голын эрэгт төрсөн үү. Таны нэр ингэж бодог­дууллаа?

-Тийм ээ. Манайх Төв цэн­гэлдэх хүрээлэнгийн тэнд байхад төрсөн юм билээ. Харин намайг нэг настай байхад нөгөө айхавтар үер болж, айлууд нүүсэн. Ингэж л Яармаг байгуулагдсан.

-Таны нэрийг хэн өгсөн бэ?

-Мэдэхгүй ээ. Аав, ээж хоёр л өгсөн байх.

НАМАЙГ “МӨНГӨН ҮЕ”-ИЙН ТАМИРЧИН ГЭЖ АНДУУРДАГ

-Та шигшээ багт хэдэн онд орсон юм бэ?

-Би үеийнхнээсээ эрт орсон. Монголд хүнд, хөнгөн жингийн бөхчүүд их дутмаг болоод байсан. Тиймээс 1982 онд хүнд, хөнгөн жингийн УАШТ анх зохион байгуулсан юм. Би тэгэхэд 17 настайдаа насанд хүрэгчидтэй барилдаж түрүүлээд шигшээ багт орсон. Есдүгээр ангид байсан санагдана. Дараа жил нь нэгдүгээр шигшээ багийн тамирчин болсон.

-Танаас өмнө 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Оюунболд, “Хар” хэмээх Н.Ганбаатар агсан нар барилдаж байсан. Тэгэхээр жиндээ номер нэг болохын тулд их хөдөлмөр­лөсөн байх нь ээ?

-Ооёо ах бидэнд их үлгэр дууриал болсон. Бүх юм нь жигд хүн гэж байдаг шүү дээ. Ооёо ах барилдааны арга барил мундаг, яриа хөөрөөтэй, хүнтэй сайхан харьцдаг, сагсан бөмбөг, хөлбөмбөг тоглох, хүнийг баяр­луулах, хамт олныг удирдах чадвартай хүн шүү дээ. Манай Н.Ганбаатар хүний хөл авахыг урлаг болгосон хүн байлаа. Энэ ах нараасаа их зүйл суралцсан. Тэр үед Б.Болд, А.Энхээ, З.Дүвчин зэрэг миний өмнөх үеийн шилдэг тамирчид байсан.

-Та тэдэнтэй нэг үеийн тамирчин юм биш үү?

-Харин хүмүүс намайг андуу­раад байдаг юм. Шигшээ багт эрт орж, “Найрамдал-84”-т оролцсон болохоор “Мөнгөн үе”-ийнх гэж боддог. Яг миний үеийнхэн болох Х.Амараа, Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар 1987 оноос ДАШТ-д оролцож эхэлсэн юм шүү дээ.

-Та “Найрамдал-84”-т о­ролцсон. Хэрвээ тэр жил социа­лист орнууд Лос-Ан­желесийн олимпийн наадмыг бойкотлоогүй бол бас үзэх байж ээ?

-Тэгэх л байсан байх. Юм мэдэхгүй, 19 настай хүүхэд байж дээ.

-Таныг Унгарын Будапештэд болсон 1985 оны ДАШТ-ий мөнгөн медалийн оосроос атгаад алдсан гэдэг юм билээ?

-Одоо нас явчихсан юм чинь ярихад зүгээр шүү дээ, тиймээ (инээв). Би нэгдүгээр тойрогт АНУ-ын Кевин Даркусыг 2:1, хоёрдугаар тойрогт Филиппиний ч билүү нэг улсын тамирчныг оноогоор цэвэр, гурав­дугаар тойрогт Аскари Махоммадианиг 13:8-аар ялсан юм. Дөрөвдүгээр тойрогт бас нэг нөхрийг ялж, тавдугаар тойрогт хийлсэн. Ингээд зургадугаар тойрогт тэр жилээ залуучуудын дэлхийн аварга болоод байсан Чехословакын Йожеф Швендтнертэй таарлаа. Би 12:1-ээр ялж явсан юм. Өрсөлдөгчөөсөө 12 онооны илүүтэй болоход оноогоор цэвэр ялдаг дүрэмтэй байсан. Би тэр нөхрийг (Швендтнер) мостод оруулаад дарж байхгүй юу. Өндөр, уян хатан залуу байсан л даа. Надад туршлага байсангүй, түүнийг татаад эргүүлтэл намайг дороо оруулаад цэвэр ялсан. Даркус Швендтнерийг ялж, бид гурван биеэ тойрсон. Оноогоо тоолоход Даркус зооноосоо нэгээр гарч мөнгөн медалийн болзол хангасан.

-Хэрвээ та Даркусыг цэвэр ялсан бол боломж гарч ирэх байж ээ?

-Гэхдээ тэр үед Даркусыг цэвэр ялна гэдэг их хэцүү л дээ. Пан Америкийн аварга болчихсон, намайг бодоход туршлагатай байсан. Харин тэр миний анхны ДАШТ байсан. Аваргын төлөөх барилдаанд Белоглазов Даркусыг 9:1-ээр ялж байлаа.

-Тухайн үед их харамсч байв уу?

-Хүүхэд байсан болохоор гайгүй ээ. Тэгээд ч А.Энхээ, Б.Болд хоёр мөнгө, Лу.Энхбаяр хүрэл медаль хүртээд манайхан бөөн баяр болсон. Сая манай хэд (“Mongolia Open-2012” тэмцээний хүндэт зочид) наргиа болгож ярьж байна. Белоглазов, Аскари эд нар “Хэрвээ чи тэнд ялсан бол өшөө олон олимп, ДАШТ гэж яваад чиний бизнес байхгүй байх байсан. Чи тэнд ялагдсанаараа бизнес рүү орсон” гэж байсан.

-Тэр жил монголчууд багийн дүнгээр гуравдугаар байрт орох боломжтой байсан гэдэг. Энэ тухай тайлбарлаж өгөхгүй юу?

-Манайх яг гурав руу орсон. Уг нь ДАШТ-ий багийн дүнг эхний зургаан байрт орсон тамирчдын оноогоор гаргадаг байсан. Харин тэр жил эхний 10 байрын тамирчдын оноогоор гаргаснаар Унгар гуравдугаар, манайх дөрөвдүгээр байрт орсон юм.

МОНГОЛД САЙН САНААНЫ ТОГЛОЛТЫН АВАРГА ГАНЦ БАЙДАГ


-1988 оны Сөүлийн олимпийн өмнө Сергей Белоглазовын гол өрсөлдөг­чийн тоонд таны нэр явдаг байсан. Олимпод хэрхэн хүч үзэв?

-Эхлээд Аскари Махоммадианид ялагдаад дараа нь гурав дараалан ялсан (Тунисын Мурад Зелфани, Югославын Жоран Шоров, Шинэ Зеландын Брент Холламби нарыг). Гомдмоор ч гэмээр юм уу нэг тохиолдол байдаг юм. Тэр олимпоос хүрэл медаль хүртсэн солонгос (БНСУ-ын Нох Кюн Сун)-той тавдугаар тойрогт барилдсан. Би барилдаан өндөрлөхөөс 45 секундын өмнө 4:0-ээр ялж явсан ч толгойгоо уургалуулаад, 15 секундын өмнө зургаан оноо алдсан. Барилдааны дараа зүүн германчууд над дээр ирж, бичлэг үзүүлээд “Хурдан протест бичих хэрэгтэй” гэсэн. Ийм үед хэрэг болдог 50 доллар нь ч бидэнд байсангүй, Ж.Даваажав багш бид хоёр тэр бичлэгийг бариад нэлээн гүйсэн ч болоогүй. Гомдол ярих юм бол их юм байгаа (инээв). Дараа нь япон (Рио Канехама)-ыг ялаад долдугаар байр эзэлсэн.

-Та бол Сайн санааны тоглолт хэмээх олимпийн дайны наадамд түрүүлсэн цорын ганц монгол тамирчин. Социалист, капиталист гэсэн хоёр том систем нийлж зохион байгуулсан “Сиэтл-90”-ийг эргэн нэг дурсахгүй юу?

-Тэр үед хоёр систем айхавтар салчихсан, ЗХУ, АНУ-ын хооронд онгоцны нислэг үйлдэгдэлгүй олон жил болсон байлаа. Үүний дараа анхны нислэг Москва-Сиэтлийн чиглэлд болж, бид суусан байдаг юм. Дэлхийн 54 орны 2312 тамирчин 21 спортын төрөлд 17 өдрийн турш өрсөлдсөн (Х.Баттуул алт, Туркийн Ремзи Мусаоглу мөнгө, ЗХУ-ын Руслан Караев хүрэл медаль хүртсэн). Монголд олимпийн аварга хоёр байдаг бол Сайн санааны тоглолтын аварга ганцхан (инээв).

-“Женко” клубийн лого дээр хоёр бөхийн барилдаж буй дүрс байдаг. Би түүнийг таны Сайн санааны тоглолтын үеийн зураг гэж харлаа?

-Тийм ээ.

-Та Сиэтлээс ирээд л барилдахаа больсон уу?

-1990 оны Азийн наадамд сонгомол бөхөөр барилдаад л больсон. Гадаад орон үзээд ирэхээрээ өөрсдийгөө хэцүү амьдарч байгааг мэддэг юм билээ. Ганц нэг футболка авчирч, зарж эхэлсэн. Ингэж л бизнест орсон доо. Улсын хөрөнгөөр ч гадагшаа их явсан (инээв).

БЯМБА ГАРИГИЙГ ХҮЛЭЭДЭГ

-Таны өмссөн энэ улаан борцовка хуучных шиг харагдаж байна. Тамирчин байхдаа өмсч байсан уу?

-Тийм ээ. Хөлд эвтэйхэн, 1980-аад онд солонгосчуудын хийсэн борцовка шүү дээ. Нээрээ би “Тайгер” нэртэй, өндөр үнэтэй авсан хамгийн сайхан борцавкагаа О.Пүрэвбаатарт өгсөн юм. Түүнийг өмсч барилдаад 2001, 2002 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Их сонин түүхтэй. Түүхийг нь О.Пүрэвбаатар гоё ярьж өгнө. Өөрөөс нь асуугаарай.

-“Женко” групп Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг олон хүн мэднэ. Спортыг дэмждэг байгууллагуудыг төр засгаас харж үзмээр юм шиг санагддаг?

-Заавал харж үзэх ёс байхгүй л дээ. Бид өөрсдийнхөө санаагаар, дуртайдаа хийж байгаа. Өндөр хөгжилтэй оронд урлаг, спортод мөнгө гаргасан байгууллагуудыг татвараас хөнгөлдөг юм билээ. Энэ бол асар мундаг систем. Яг гаргасныг нь татвараас хасдаг. Энэ систем байх юм бол их хэрэгтэй. Хэнд өгч байгаагаа мэдэхгүй татварт өгч байхаар хэнд өгч байгаагаа мэдээд, үүнийгээ хообий болгодог тогтолцоо барууны ихэнх оронд байдаг.

-Та жишээ дурдахгүй юу?

-Саяхан NBA-гийн “Нью-Жерси Нетс” багийн эзэн Михаил Прохорв их гоё хэлсэн байна лээ. “Энэ бол миний амьдралыг тэнцвэржүүлэгч. Би спортоор амьсгалж, үүгээр дамжуулж хамаг муу муухай зүйлээ хаяж, стрессээ тайлж байна” гэсэн. Яг л тийм байгаа. Заавал мөнгөтэй хүн ингэх албагүй шүү дээ. Манай 1980-аад оныхон сүүлчийн арваад жил хагас сайн өдөр болгон уулзаж, биенийгээ магтаж байгаа. Бид одоо магтууллаа гээд онгироод, биеэ тоочих юм биш, сайхан байдаг юм. Бямба гаригийг хүлээдэг шүү.

-Зарим хүн Х.Баттулга гишүүнийг өдөрт дөрөвхөн цаг унтдаг, их хөдөлмөрч хүн гэж ярьдаг. Нээрээ дөрвөн цаг унтдаг юм уу?

-(Инээв). Хөдөлмөрчийн хувьд хөдөлмөрч. Мэдээж бусад сайд ч гэсэн дөрөв, тавхан цаг л унтдаг байлгүй дээ.

-Х.Баттулга гишүүн 2006 онд МЖБХ-ны ерөнхийлөгч болсноосоо хойш энэ спортыг яаж авч явааг монголчууд мэднэ. МЧБХ 2009 онд шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болж, шинэлэг хэлбэрээр ажиллаж байна. Ингэхээс өмнө танд МЧБХ-г удирдаач гэсэн хүсэлт ирж байв уу?

-МЧБХ одоо нэгдэж, маш сайхан ажиллаж байна. Хааяа зарим нэг хүн ийм зүйл ярьж л байдаг юм. Бөхөд сэтгэлтэй хэн нь ч Холбоог сайхан аваад явж болно шүү дээ. Хамгийн гол нь эв нэгдэл хэрэгтэй. Эв нэгдлээс амжилт гарна.

ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЯВНА ДАА


-Та ирэх хоёрдугаар сард БНСУ-ын Гүмид болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн ахлагчаар томилогдсон. Бэлтгэл ажлаа хэзээнээс хангаж эхлэх вэ?

-Нээрээ би амжихгүй юм билээ. Төлөвлөгөөгөө харсан чинь жилийн өмнө төлөвлөсөн өөр нэг чухал ажил байна лээ. Энэ тухайгаа маргааш (өчигдөр) МЧБХ-ндоо мэдэгдэнэ дээ. Надад маш их итгэл найдвар хүлээлгэж багийн ахлагчаар томилсон. Харин өөр тэмцээн юу байгаа бол.

-Таныг зав зай муутайг мэднэ. Бөхийн бэлтгэлээ хийж амжиж байна уу?

-Хийж байгаа. Долоо хоногт хоёр удаа хийдэг. Яармаг, Сонгино, Нисэх, Биокомбинатын хүүхдүүдэд зориулсан чөлөөт бөхийн дугуйланг “Буянт-Ухаа” ордонд хичээллүүлж эхэлсэн. Эндээс гавьяат тамирчин Г.Жамс­ран, Ч.Цэвээнпүрэв, Ж.Өлзий-Орших, О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар зэрэг олон аварга төрөн гарсан.

-Таны амьдралын гол зарчим юу вэ?

-Хүнд тогтсон хэдэн нийтлэг зарчим байдаг шүү дээ. Хүндтэй хэрэлдээд, зодолдоод байлтай нь биш. Урдах зорилгоо биелүүлэхийн тулд явна даа.

-Би тэмцээний хэд хоног тантай ойрхон байж, их анзаарлаа. Та их энгийн хүн юм. Сайн мэдэхгүй байхдаа ярилцлага хийх саналыг минь хүлээж авах болов уу гэж эргэлздэг байлаа?

-За баярлалаа (инээв). Бөхийн тухай бол гацаж муурахгүй яриад байж болох байлгүй. Харин өөр юмны тухай бол ч хэцүү л дээ. “Ямар зарчим баримталдаг вэ” гэсэн саяын асуулт надад их хүнд байлаа (инээв).

-Хүнд асуулт тавьсан бол уучлаарай?

-Үгүй дээ. Тэнд уучлалт гуйх юу байдаг юм.

Түүнтэй ийн ярилцлаа. Хүндэт зочид, жинжавууд нь хэдийнэ бэлэн болчихоод түүнийг хүлээгээд байсан тул бидний ярилцлага өндөрлөхөөс өөр аргагүй болсон юм. Хариултгүй асуулт олон үлдсэн ч амьдрал баян болохоор эргэж уулзах мөч тохиох байлгүй дээ. Танд амжилт хүсье.

Д.Нанжид

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж