“Хэзээ зээл олгох эсэхээ шийдээгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Хэзээ зээл олгох эсэхээ шийдээгүй байна”

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөг­жүүлэх санг байгуулснаар иргэ­дэд тодорхой хэм­жээний орлогын эх үүсвэр бүрдсэн тухай  мэргэжилтнүүд онцолдог. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр тус сангаас хөнгөлөлттэй зээл олгоно гэж байсан ч одоо хүртэл сураггүй байна. Өөрөөр хэлбэл зээл авахаар материалаа бүрдүүлсэн иргэдэд хүлээлт үүсээд байгаа юм. Бид энэ талаар Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлэх сангийн дэд захирал Г.Мэргэнбаяраас тодрууллаа.

    
-Танай сангаас хөнгөлөлттэй зээл авахаар материалаа бүрдүүл­сэн иргэд зээл олгохгүй байгаа талаар гомдоллож байна. Чухам ямар учраас зээл олгохгүй байна вэ?

-Өнгөрсөн онд иргэдэд олгосон зээ­лийн эргэн төлөлтөөс 30 тэрбум төг­рөг хуримтлуулсан байгаа. Хуримтлуулсан мөнгийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Сан­гийн яам руу шилжүүлсэн. Мөнгө олгохгүй байгаа шалтгаан нь шинэ он эхэлсэн, Сан­гийн яам хэзээ олгохоо шийдээгүй байгаа болохоор тодорхойгүй байгаа хэрэг.

-Өмнөх онд хэдэн тэрбум төгрө­гийн зээлийг иргэдэд олгов?

-Засгийн газрын 150 тэрбум төгрө­гийн бонд, мөн бэлнээр 25,3 тэрбум төгрөг эргэн төлөлтөөс орж ирсэн. Үүнийг иргэдэд зээлдүүлсэн.

-Сангийн яамныхан энэ оны төсөвт мөнгө нэмж байршуулах уу?

-Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрх­лэх сонирхолтой иргэд их байна. Зээл хүссэн өргөдөл ч нэлээд их ирж байгаа. Тийм учраас одоо 100-150 тэрбум төгрөг гаргах хэрэгтэй байна.

-Энэ мөнгийг тэгээд хаанаас шийдэх боломжтой вэ?

-УИХ-д өргөн барьсны дараа шийднэ.
 
-Өмнөх онуудад хэдэн тэрбум төгрөгийг улсын төсвөөс танай санд хуваарилсан юм бэ?

-Жижиг, дунд үйлд­вэрийг дэмжих зориулалтаар 2009-2010 онд 60,8 тэрбум төгрөгийн зээлийг улсын төсвөөс хуваарилж, арилжааны банкуудаар сарын 0,8 ба нэг хувийн хүүтэй, 3-5 хүртэл жилийн хугацаатайгаар олгосон.

-Танай санд улсын төсвөөс гад­на олон улсын хөрөнгийн байгуул­лагуудын хөрөнгө оруу­лалт хэр орж ирдэг юм?

-Дэлхийн банкны “Хувийн хэвш­лийг хөгжүүлэх”, Японы Засгийн газ­рын “Байгаль орчин, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зэрэг олон улсын төслийн байгуул­лагуудын хэрэгжүүлж буй төсөл бий. Мөн  аймаг орон нутгийн  хөгжлийн сангаар дамжуулан өнгөрсөн хоёр жилд 55,8 тэрбум төгрө­гийн санхүүжилт хийсэн байгаа.

-Зээлийг арилжааны хэдэн банкаар дамжуулан олгож байгаа вэ?

-Үйл ажиллагаа нь жигд явж байгаа долоон банкаар дамжуулж олгоно.

-Зээл олгочихлоо. Хамгийн гол нь ажлын байр нэмэгдэх асуудал. Тэгэхээр энэ онд хэчнээн мянган ажлын байрыг энэ сангийн зээл олголтын тусламжтайгаар нэмэх тооцоо гаргав?

-Улсын хэмжээнд одоо ажиллаж буй үйлдвэр, 2011-2012 онд үйлдвэр­лэлийн дэмжих судалгааг нийт 330 сум, 21 аймаг, нийслэл, таван яам, арил­жааны долоон банк, мэргэжлийн холбоо­доос авчирсан юм. Ийн нэгтгэхэд 512 үйлдвэ­рийг 407,3 тэрбум төгрөгөөр дэмжсэнээр 18-20 мянга орчим ажлын байрыг бий болох тооцоог хийсэн.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж