Монголын шигшээ 2:1-ээр Филиппинийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.15-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ 2:1-ээр Филиппинийг хожлоо

Азийн хөлбөмбөгийн холбооны “Challenge Cup-2012” тэмцээний урьдчилсан шатанд учраа таарсан Монгол болон Филиппиний шигшээ багийн хариу тоглолт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд болж, дөнгөж саяхан өндөрлөлөө. Талбайдаа хийсэн тоглолтод Монголын шигшээ баг 2:1 харьцаатай ялалт байгуулсан юм. “Талын хөх чононууд” хэдийгээр талбайдаа хожсон ч өнгөрсөн сард Филиппиний Баколод хотноо болсон эхний тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээсэн учир хоёр тоглолтын нийлбэрээр 3:2 харьцаатай хожигдож, “Challenge Cup-2012” тэмцээнд оролцох боломжгүй боллоо. Хэрэв өнөөдрийн тоглолтод гурваас дээш гоолын зөрүүгээр хожсон тохиолдолд тус тэмцээнд оролцох эрхээ авч, улмаар А хэсэгт Мьянмар, Палестин болон Бангладешийн багийн хамт тоглох байлаа.

Тоглолт эхлээд удаагүй байхад 4 дэх минутад Филиппиний шигшээ багийн 7 дугаартай хагас хамгаалагч Жеймс Жосеф Янгхасбенд гоолын салхийг хагалсан бол Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд битүү цугласан хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Монголын шигшээ багаас багийн ахлагч, 3 дугаарын өмсгөлийн эзэн 22 дахь минутад Д.Лүмбэнгарав тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар 5 дугаартай Б.Гарьдмагнай тоглолтын 35 дахь минутад 11 метрийн цохилтоос тооны харьцааг 2:1 болгосон байна.

Ямартай ч “Талын хөх чононууд” нутагтаа илүүрхэж, Филиппиний шигшээ багийг 2:1 харьцаатай буулган авлаа. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Монголын шигшээ багийн ахлагч Д.Лүмбэнгарав тодорсон бөгөөд түүний “Дельта Сервис” компаниас амласан ёсоор нэг сая төгрөгөөр урамшуулсан юм.

Гэрэл зургийг энд дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж