“АНУ одоо ч хүчирхэг хэвээрээ”

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“АНУ одоо ч хүчирхэг хэвээрээ”

АНУ-ын “ABC” агентлагт тус улсын Ерөнхийлөгч Барак Обама Ираны асуудал, АНУ Ираны нөхцөл байдал, цөмийн зэвсгийн болон уран баяжуулах зэрэг олон асуудал хөндсөн сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна.


-Ноён Ерөнхийлөгч өө, АНУ-ын хувьд түүхэн цаг үе ирээд байна.  Нэг талаасаа өмнөх Ерөн­хийлөгчийн эхлүүлсэн дайныг та дуусгах үүрэг хүлээсэн. Нөгөө талаасаа АНУ-ын цэргүүдийг эсэн мэнд эх нутагт нь буцаах үүргийг ч хүлээж байгаа. Харамсалтай нь сүүлийн хэдэн сар террорист халдлага ихсэж байгаа гэсэн судалгаа гарсан нь хүмүүсийн айдсыг хүргэж байна?

-Америк цэргүүд бүгд өөрсдийн үүргээ нэр төртэй, эх орончоор гүй­цэтгээд эх нутагтаа буцаж байна. Ерөнхийдөө хуурай газрын цэр­гүү­дийн дийлэнх нь нутаг буцсан. Харин тэнгисийн цэргүүд гэр­тээ харих бэлтгэлээ базаасан гэж хэлж болно. Сүүлийн үед Аме­рик цэргийн бааз руу зэвсэгт халдлага, террорист халдлага үйлдэх нь ихэссэн гэдэг үнэн. Гэхдээ үүнд бид ач холбогдол өгөхгүй байгаа. Учир нь цэргийн баазын ойр орчимд өөрсдийн тавих хяналт суларсантай хол­боотой гэж дүгнэсэн. Тиймээс хүн бүр ха­риуцлагатай, тэвчээртэй бас ухаан­тай байх ёстой. Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн хувьд би өөрийн үүргээ ухамсарлаж байгаа.

-Саяхан АНУ-ын усан флотыг Персийн булангаас гарахыг Иран болон зарим исламын орнууд шаард­сан. Энэ бүхнийг Ираны цө­мийн эрчим хүч, цөмийн цэвсэгтэй холбоотой гэж эрдэмтэд болон суд­лаачид дүгнэж байгаа. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Энэ бол дэлхийн энх тайвны төлөө хийж буй тэдний үйл хэрэг. Дэлхийн сая сая хүн энх тайван, амар амгалан байхыг хүсэж байна. Үүнийг зохицуулах гол хөдөлгүүр бол цөмийн зэвсгээс татгалзах явдал юм. Хүн төрөлхтөн дахин тэр хар бараан зүйлийн горыг амсах ёсгүй. Манай улсын хувьд цөмийн аюулгүй байдлын үүднээс Иран улсад удаа дараа эдийн засгийн болон бусад хоригийг тавьсаар ир­сэн. Уран баяжуулах асуудал дээр ч шүүмжлэлтэй ханддагаа илэр­хийлсэн. Гэвч тэд одоо үүгээрээ далайлган сүрдүүлж байна. Үүнд мэдээж хол­боотон орнууд тусалсан нь гарцаагүй. Уг асуудлыг НҮБ-ын хурлаар авч хэлэлцэх хэрэгтэй.   

-Хэрэв Иран улстай байдал ху­рцадлаа гэж төсөөлбөл ямар арга хэмжээ авах вэ. Мэдээж энэ бүхэн төсөөлөл шүү дээ?

-Энэ талаар бодож үзээгүй гэж хэлэхгүй. Бас бодсон зүйлээ ч дэл­гэмээргүй байна. Ямар ч байсан АНУ өдий хүртэл дэлхийд хүчирхэг улс гэдгээ харуулсаар ирсэн. Одоо ч хүчирхэг хэвээрээ гэдгийг санах хэрэгтэй. Бидэнтэй хамт бурхан үргэлж хамт байдаг, бас ивээдэг. АНУ-ыг хүчирхэг улс гэдгийг тэд сайн тунгааж бодсон болов уу гэж найдаж байна. Гэхдээ хамгийн түрүүнд бид энх тайван ч байдлыг сахиж, өөрсдийн зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Таны хэлсэн үг тун эх оронч үг байлаа, ноён Ерөнхийлөгч өө. Тэгэхээр саяхан америк цэргүүд нас барсан талибуудын цогцос дээр бие засаж дэлхий нийтийг цоч­роосон. Үүнийг та хэрхэн дүгнэж байна?

-Энэ бол миний хувьд гутам­шигтай, үгээр хэлэхийн аргагүй муухай үйлдэл. Үүнийг мэдсэний дараа хамгийн түрүүнд надад нэг зүйл бодогдсон. Тэр нь “Дайснаа хүндлэх сэтгэлгүй цэрэг нэгдсэн улсын  армид байдаг  юм байна” гэж. Энэ явдлыг сонссон хүн бүр маш их цочирдсон. Яг л “Энэ үнэхээр америк цэргүүд юм уу. Арай ч дээ” гэж. Үнэнийг хэлэхэд би эдгээр цэргүүдэд доод албан тушаалтнуудаараа дамжуулж хатуу арга хэмжээ авна гэж бодож байгаа. Улсын нэр төрийг доош унагахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй.

-Үүнээс болоод АНУ-ын цэр­гийн бааз руу террорист халдлага хийх нь өдрөөс өдөрт ихсэх бол­сон. Зарим нь үүнийг зөвхөн АНУ-ын хүрээнд бус НҮБ, Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын хүрээнд авч хэлэлцэх санал гаргасан гэж дуулсан?

-Тийм ээ. Би ч гэсэн ингэж сонссон юм байна. Цэргүүдийг одоо­гийн байдлаар баривчилж, улмаар байцаалт авч байгаа. Вашингтон дахь Америк-Исламын харилцааны зөвлөл уг бичлэгийн төлөө уучлал гуй­сан утгатай мэдэгдэл хийсэн. Мөн Аф­ганистаны Кабул дахь Олон улсын аюулаас хамгаалах хүчний төлөөлөгч хурандаа Гэри Колб “Манай зэвсэгт хүчний гишүүдийн зүй бус үйлдэлтэй холбоотой бичлэг олон нийтийн сүлжээгээр тарсаныг бид дөнгөж саяхан мэдлээ. Бид дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй боловч дээрх зохисгүй үйлдлийг таслан зогсоох шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Бас нийт Исламын ард иргэдээс хүлцэл өчиж байна” гэж мэдэгдсэн. Хурандаа Гэри Колбд ч мөн адил хариуцлага тооцсон байгаа.

-Ойрын жилүүдэд Азийн нө­лөө, эдийн засгийн чадамж дэл­хий нийтийг гайхшруулах бол­лоо. АНУ-ын хувьд тэргүүлэгч эгнээнээс хасагдах хэмжээнд хүрээд буй?

-Эдийн засгийн хувьд хүчирхэг гүрнүүдийн нэг болох БНХАУ, Энэтхэг улс гэх мэт хүн ам олонтой орны эдийн засаг нэг урсгалд орохоороо тэр чигээрээ тогтмол өсдөг нь бичигдээгүй хууль. Азийн эдийн засаг улам тэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүхнийг эдийн засагч нар Европын эдийн засгийн хямралтай холбож тайлбарлаж байгаа шүү дээ. Манай улсын хувьд эдийн засаг арай тогтворжиж эхэлсэн. Цаашид эдийн засгийн чадамжийг, урсгалыг хөгжүүлэх олон арга хэмжээ авах ёстой.   

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж