“Costa Concordia”-ийн хоёр дахь хар хайрцгийг оллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

“Costa Concordia”-ийн хоёр дахь хар хайрцгийг оллоо

Италийн аврах ажилтнууд болон шумбагчид “Costa Concordia” хөлгийн хоёр дахь хар хайрцгийг олж, нас барсан өөр таван хүний цогцсыг таньжээ. Өнгөрсөн баасан гаригт Тасканий арлын ойролцоо аяллын тансаг зэрэглэлийн хөлөг онхолдсон юм. Аврах багийнхан одоогоор амиа алдсан 11 хүний цогцсыг олоод байна. Газар дундын тэнгист ээлжит аялалд гарсан хөлөг учир битүүлэг шалтгаанаар осолдсон уг хэрэгт хөлгийн ахмадыг буруутгаж байгаа юм. “Costa Concordia” хөлгийн осол 100 хувь ахмадын буруу байсан гэж үзэж мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд ахмад Франческо Шеттиног гэрийн хорионд оруулжээ. Ахмад хөлгийг буруу залсан, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулсан, хөлөгт зорчигчид байгааг мэдсээр байж, хөлгийг орхиж явсан хэрэгт унаад байна. Түүнээс гадна хөлөг осолдоход эргийн хамгаалалтын албаныханд өгсөн ахмад Шеттиногийн мэдээлэл, мөрдөн байцаалтын үеийн мэдүүлэгтэй зөрж байгаа гэнэ. Тэрбээр эхэндээ хөлгийг осол болсон даруйд орхисон гэж хэлж байсан боловч мэдүүлэг өгөхдөө өөр юм ярьсан байна. Алга болсон хорь гаруй хүмүүсийг олох эрлийн ажил одоо ч үргэлжилсээр байна. “Costa Concordia” хөлөг дээр 3,200 гаруй зорчигч, хөлгийн багийн 1,000 орчим гишүүн байсан аж. Өчигдөр таван хүний цогцсыг олохоос өмнө шинжээчид 29 хүний сургийг гаргаж чадаагүй гэж мэдээлж байсан билээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар “Costa Concordia” хөлөг осол болсон өдөр өмнөх аяллын чиглэлээс бага зэрэг хазайсныг тогтоожээ. Италийн прокурор ахмад Шеттиног урьдах замаа сайн мэдэлгүй чиглэлээ өөрчлөх тушаал өгсөн гэж буруутгасан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж