Ижий нь байвал жаргалтай

Хуучирсан мэдээ: 2012.01.18-нд нийтлэгдсэн

Ижий нь байвал жаргалтай

Хөхөө гоё дуутай ч муухай шувуу.  Өрөөлийн үүрэнд өндөглөдөг, өөрөө хэзээ ч өндөгөө дарж үзээгүй хамгийн харгис, хамгийн муухай шувуу болохоор тэр. Энэрэл хайран дунд хүүхэд алд өсдөг, идэш ууш сайтай хүүхэд төө өсдөг, эрдэм мэдлэг дунд хүүхэд тохой өсдөг гэсэн ардын үг бий.  Гэтэл энэрэл хайраа харамлаж, арван сар тээж, төрүүлсэн алаг үрээ ад үзээд хаячихдаг  хөхөө шиг, хүйтэн сэтгэлтэй муухай ээж энэ хорвоод ямар олон юм бэ. Нялхсын килиникийн сувилалд өсч торниж байгаа өхөөрдөм жаахан хүүхдүүдийг харсан хэн ч  ийм хөөрхөн үрээ хаядаг тийм муухай ээж бас байдгаа хэмээн сэтгэлдээ харамсах биз. Төрүүлсэн ээждээ гологдсон бяцхан жаалууд түмний хайран дунд өсч торниж байна.

Тус сувилалын үүдээр ороход л андашгүй.  Ханаар дүүрэн бяцхан  хүүхдүүдийн зураг.  Ирсэн зорилгоо тус сувиллын захирал Н.Ууганцэцэгт танилцуулахад ханиад томуу ихтэй байгаа учраас манай сувилал гуравдугаар сарын 1 хүртэл хорио тогтоосон байгаа гэлээ. Гэхдээ ирсэн зорилгыг минь сонссон тэд биднийг уриалгахан хүлээж авсан.

Н.Ууганцэцэг захирал “Манайх хамгийн хөөрхөн хүүхдүүдтэй, хамгийн өхөөрдмөөр жаалуудтай” гээд өрх гэрээ танилцуулав. Тус сувилалд “Солонго” бүлэг байдаг юм байна лээ. Тус бүлэгт дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүждэг гэсэн. “Солонго” бүлэгт 2-11 насны хүүхдүүд энэ ангид хүмүүждэг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй төрсөн болохоор нь тэднийг ээжүүд нь голчихож.  Нүүрэндээ инээд гэрэлтүүлсэн бяцхан багачууд үдийн хоолоо идэж байхтай нь таарав. Сувилагч, асрагчаа “ээжээ” гэх эдгээр хүүхдүүдийн дунд өлгийтэй байхаасаа эхлэн 11 жилийн турш зөвхөн энэ эмнэлэгт хэвтэн сувилуулж байгаа хүүхэд бий гэхээр өр өвдмөөр.  Өр нимгэн сэтгэлтэй ээжүүдэд өширхөх хувьгүй  хайр нь үр хүүхэд нь байдаг болов уу. Харин хүйтэн сэтгэлтэй, хөхөө шиг  хүүхнүүдийг хүн гэхэд хэцүүхэн. Лхагва хүүг өлгийтэй байхад нь ээж нь тус сувиллын үүдэнд орхиод явж. Одоо 9 настай төрөлхийн хараагүй, тархины саажилттай учраас түүнийг асрахад их хэцүү гэж  “Солонго” бүлгийн сувилагч  Г.Урнаа хэлж байсан. Хоолны цаг таарсан учраас асрагч сувилагч хоёр маань их л завгүй байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь оюун ухааны саажилттай учраас хооллоход шаггүй хүч шаарддаг нь харагдаж байлаа. “Солонго”-ынхонтой танилцмаар байвал дэргэд нь суугаад хооллоход нь туслах хэрэгтэйг  асрагч нь зөвлөв.  Тэгээд л есөн  настай Лхагва хүүг хооллохоор ажилдаа орлоо. Зажилж чадахгүй болохоор хоолыг нь жижиглэн өгөх ёстой аж.  Гэнэт л барьж байсан хоолыг минь гараараа татаж асгачихаад хоол өгсөнгүй гэж орилж эхлэв. Өөрийгөө удирдах чадваргүй учраас түүний аашийг олж чаддаг ганц хүн нь сувилагч Н.Урнаа. Уйлж, орилоход нь аргадаж,  бүх хүүхдийг хооллосны дараа хувцыг нь сольж, оронд нь орууллаа. Тэднийг унтуулахын тулд ээж шиг нь бүүвэйн дуу аялж, аргадсаар унтуулаад авлаа.  Заримыг нь том гэлтгүй өлгийдөж унтуулахгүй бол өөрсдийгөө хазаж, хөнжлийн даавуугаа урж, тасдана, орныхоо модыг идэх гээд өлгийдөхөөс өөр арга байдаггүй юм гэж байсан. Н.Урнаа сувилагч ёстой л арга эвийг нь олсон хүн шиг төвөггүй зохицуулалт хийчихлээ. Ингэж өчнөөн юм болсны дараа буюу хоёр цагийн дараа сая надтай үг солих завтай болов.

Н.Урнаа “Уг нь манайх 0-3 насны хүүхдийн сувилал. Гэхдээ буцах хаяггүй болсон хүүхдүүдийг авах газар олдохгүй учраас бид яалтай ч билээ. Ингээд л асраад л байж байна. Манай ангийн 10 хүүхдийн долоо нь хөгжлийн бэрхшээлтэй бас эцэг эхгүй учраас цэцэрлэгт ч өгөх боломжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь хараагүй, оюуны сааталтай гээд эдгээр хүүхдүүдийг чинь асран хамгаалах газар байхгүй. Өлгийтэй байхаасаа эхлээд л манайд байгаа хүүхдүүд манай бүлэгт байдаг юм. Эцэг эхдээ хаягдаад ирсэн элдэв өвчингүй хүүхдүүд бол цэцэрлэг рүү шилжинэ. Харин эд маань бидэнтэйгээ л үлддэг юм. Эдэнтэйгээ зууралдаж байхад л цаг харавсан сум шиг өнгөрчихнө шүү дээ. Хэцүү ажил гэхдээ хүүхдийн төлөө хийж байгаа сайхан ажил болохоор ажилдаа дуртай шүү би” гэж байлаа. Биднийг ийн ярилцах зуур сэрж байгаа бололтой уйлалдаад л эхлэв. Сувилалынхаа хамгийн хөгжилтэй хүүгээр тодорсон хоёр настай Гансүх хүү  хамгийн түрүүнд сэрлээ.  Харсан хүн болгонд инээд бэлгэлдэг гэнэ лээ. Бас дээр нь их дүрсгүй гэж асрагч нь ярьж байлаа. Нэг нь сэрсэн л бол бүгд сэрнэ. Ингээд л ажил өрнөж эхлэх нь тэр.

“Солонго”-ынхон дахин хоолоо идчихээд дасгал ажилдаа орлоо. Ахлах сувилагч Д.Бадамсүрэн массаж, иллэг, эмчилгээгээ хийхээр орж ирлээ. Тэрээр тус сувилалд 10 жилийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд уламжлалт эмчилгээний аргыг илүүд үздэг бөгөөд энэ ч үр дүнтэй байдаг аж. Ирж буй хүүхдүүдийн дийлэнхи нь ямар нэг өвчтэй байдаг учраас энэ ангиар дамжин эмчилгээ сувилгаа хийлгээд дараагийн ангиудад шилжинэ. Д.Бадамсүрэн “Явж чаддаггүй хүүхдүүд ирээд л физик эмчилгээ хийлгээд л яваад сурчихдаг. Ирж буй хүүхдүүд дийлэнхи нь ямар нэг өвчлөлтэй байдаг. Нэгэнт л эцэг эхдээ хаягдаад ирсэн хүүхдүүдийг бид асарч, эмчлээд, ээжийнх нь оронд ээж болоод л сууж байна даа. Сүүлийн үеийн залуу охид хүүхдээ хаяад явдаг болсон байна. Хүн харахад ийм өхөөрдмөөр бяцхан хүүхдүүдийг яагаад хаяад яваад байгаа нь бас л асуудал. Гэхдээ манайд үнэхээр амьдралын боломжгүй гээд гуйгаад ирэх хүмүүс ч бас байдаг л даа. Олонхи нь хаягдсан байдаг” гэж байсан.

Сүүлийн үед хог дээр, гудамжинд, айлын хашаанд гээд төрүүлсэн үрээ хог мэт хаядаг “үзэгдэл” их олон гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд арванхоёрдугаар сарын 30-нд буюу он солигдохын өмнөхөн  нэг сартай хүүгээ айлын хашаанд хаясан хэрэг гарч байсан. Сонгинохайрхан дүүргийн  XIV хороонд айлын хашаанд нэг сартай эрэгтэй хүүхдийг орхисон байсныг цагдаагийн байгууллага олоод,  Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүргэж байсан. Анх олдохдоо хүйг нь ч таслаагүй байсан гэсэн. Тэгвэл энэ хүү одоогоор Нялхсын клиник сувилалд эрүүл саруул өсч торниж байгааг тус төвийнхөн хэлж байсан. Гэхдээ одоогоор цагдаагийн байгууллага хэргийг мөрдөж байгаа учраас олдсон хүүгийн талаар мэдээлэл өгөхгүй гэсэн.

“Солонго” бүлгээс гараад “Яргуй”-гаар солилоо. “Яргуй” бүлэгт 15 хүүхэд байдаг. Тэдгээр хүүх­­дүүд мөн л хаягдсан, энд тэндээс олдсон хүүхдүүд. Оюунгоо, Монголжин, Элбэгдорж, Баганбанди, Очирбат, Бадар-Ууган гээд олны танил хүмүүсийн нэртэй хүүхдүүд олон байсан нь сонирхол татаж байлаа. Учрыг тодруулахад “0-3 насныхан ирдэг болохоор бид өөрсдөө нэрийг нь өгдөг юм. Алдартай хүмүүс шиг сайн хүн болоосой гэсэндээ л ийм нэр өгдөг юм. Хүүхэд хүлээж авахдаа хамгийн их харамсдаг зүйл нь нэрийг нь өгөх байдаг юм. Энэ хөөрхөн хүүхдэд эцэг эх нь өөрсдөө нэр өгсөн бол ямар сайхан байх болдоо гэж харамсах үе ч гардаг” гэх сувилагч нар байсан. Нялхсын клиник сувиалалд одоогоор 80 гаруй хүүхэд хүмүүждэг. Ихэнх нь 0-3 насныхан. Гурван нас хүрсэн  хүүхдүүд нь 59-р дүгээр цэцэрлэг рүү шилждэг гэнэ лээ. Анх нээгдэхдээ 0-3 насны  суурь өвчтэй болон хөдөлгөөн, хэл яриа, оюун сэтгэхүйн хоцрогдолтой хүүхдийг асран хүмүүжүүлэх сувилал байсан. Төрүүлсэн эх нь хаяад явсан ч тосоод авах сайхан сэтгэлтэй эмч, сувилагч нарын гар дээр эрүүл саруул, ухаалаг хүн болгон хүмүүжүүлэх хөөрхөн хүүхдүүдтэй нэг өдрийг ийнхүү уйдах завгүй өнгөрөөлөө. Тус төвийнхөн өглөөнөөс орой хүртэл хүүхдүүдээ эрүүлжүүлж, эмчилж, аргадаж, бас инээсээр өдрийг өнгөрөөдөг бололтой. Хэдийгээр төрүүлээгүй хэрнээ хүний үрийг төрсөн хүүхэд шигээ хайрлаж байгаа, тус сувилалынхнаар өөрийн эрхгүй бахархмаар санагдсаныг хэлэх нь зүйтэй биз. “Энгэрийг дагаж сүү урсдаг, сүүг нь дагаж хайр урсдаг” хэмээн шүлгэнд хүртэл магтдаг бүсгүйчүүд минь  та нарыг өр нимгэн сэтгэл, өрөвдөх зүрх чинь хааччихав даа. Зүүдлээд сэрэхэд минь ээжий минь дэргэд минь байвал жаргалтай гэж дуунд хүртэл гардаг шүү дээ.

Ш.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж